Монгол эрчүүд богино насалдаг

Сурвалжилга

Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.6 дахин их байдаг

Монгол эрчүүд богино насалж байгаа талаар пүрэв гарагт Эрүүл мэндийн яаманд эхэлсэн Ази, Номхон далайн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт сэдэвт наймдугаар чуулганаар онцоллоо. Геронтологийн үндэсний төв, АШУҮИС-ийн эмч нар 55-аас дээш насны эрчүүдийн нас баралтын талаар судалгаа хийснээ танилцуулсан юм. Их эмч С.Базаррагчаа “Манай улсын хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Эрчүүдийн дундаж наслалт 64.9 жил байгаа нь эмэгтэйчүүдээс даруй 9.4 жилээр богино байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.9 жил байдаг.

Дэлхийн бусад оронтой харьцуулж үзэхэд дундаж наслалтын зөрүү 2.5 дахин их гарсан. Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.6 дахин их байгаа нь харагдсан. Нас баралтын шалтгааныг нь судалж үзэхэд зүрх судасны өвчлөл 33, хавдар 19.4, гаднын шалтгаан 25 хувийг эзэлдэг. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 55-аас дээш насны эрчүүдийн нас баралтын шалтгааны тэргүүлэх зэрэгт осол гэмтэл бичигдэж байна. Төвийн бүсэд эрчүүдийн нас баралт өсөх хандлага ажиглагдсан бол зүүн бүсийнхэн амьсгалын тогтолцооны өвчнөөр хорвоог орхих тохиолдол гарч байна. Түүнчлэн Говьсүмбэр аймагт эрчүүдийн нас баралт хамгийн өндөр үзүүлэлттэй байв” гэлээ. Энэхүү чуулганд БНХАУ болон БНСУ-ын тэргүүлэх зэргийн судлаач эрдэмтэд оролцож байна. Хурлаар эрчүүдийн сэтгэцийн эмгэг, өвчлөлийн байдал, архи, тамхины хэрэглээ, үргүйдэл, насжилт гээд өргөн хүрээний асуудлаар илтгэл тавилаа.

Манай улсын хувьд эрчүүдийн дунд ХДХВ/ДОХ-ын тархалт өндөр байгаа нь эмч нарын сэтгэлийг зовоосон асуудал болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээс харахад энэ оны эхний зургаан сарын дотор ХДХВ-ийн 14 тохиолдол бүртгэгджээ. Халдвар тээгчдийн 79.3 хувь нь эрэгтэй хүн гэдгийг илтгэгч нь тодотгов. Тэр дундаа гей эрчүүдийн дунд тархалтын хувь 78.7 байгааг ч хэлсэн юм. ДОХ-ын халдвар тээгчдийн дийлэнх нь 20-44 насныхан байгаа аж.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9 жил байгаа нь эмэгтэйчүүдийнхээс даруй 9.4 жилээр богино байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.9 жил байдаг.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид эрчүүдийн наслалтад нөлөөлөх таван хүчин зүйлийн талаар 2700 хүний дунд судалгаа явуулжээ. Ингэхэд судалгаанд оролцсон эрчүүдийн 49.4 хувь нь тамхи хэрэглэдэг бөгөөд дадал болсон зүйл гэсэн хариулт өгчээ. Харин 37.5 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэхдээ нэг удаа зургаа ба түүнээс дээш удаа хэтрүүлэн хэрэглэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн судалгаанд оролцогчдын 21 хувь нь хөдөлгөөний хомсдолын улмаас таргалалтад өртсөн гэж дүгнэсэн байна. Түүнчлэн 30.5 хувь нь артерийн даралт ихдэх өвчинд өртсөн байсан байна. Хамгийн сонирхолтой нь судалгаанд оролцогчдын 55.8 хувь нь хүүхэд насандаа бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Харамсалтай нь, эрчүүд амин дэмээр дутмаг хоол иддэг. Жимс ногооны хэрэглээ хангалтгүй байсан нь судалгааны дүнгээс харагджээ. Энэ бүхэн эрчүүдийн дундаж наслалт, амьдралын чанарт нөлөөлж байна гэж судлаачид дүгнэв.

Нөгөөтэйгүүр эрчүүдээс шалтгаалсан үргүйдэл бий болж байгаа талаар ч хөндлөө. ДЭМБ- ын мэдээлснээр нийт хосуудын 15 хувь нь үргүйдэлтэй байдаг аж. Энэхүү үргүйдлийн асуудлыг эмэгтэй 40, эрэгтэй 40, үлдсэн 20 хувийг нь хоёулангаас нь шалтгаалж байна гэж үздэг байна. Эрчүүдийн үргүйдэлд хүргэдэг хүчин зүйл нь төмсөгний гэмтэл аж. Ийм гэмтэл нь үрийн шингэний чанарыг сулруулдаг гэж үргүйдлийн эмч нар үздэг юм байна. Тиймээс нөхөн үржихүйн насны эрчүүд өөрсдийгөө осол гэмтлээс сэргийлэх хэрэгтэй байдаг бол хөвгүүдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эхчүүд бага наснаас нь анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг онцлов.


ЗГМ: ТОДРУУЛГА
Д.Одончимэг: Тэтгэвэрт гарах сэтгэлзүйн бэлтгэлгүй байдал нь өвчлөх үндэс болдог


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Д.Одончимэг “Насжилт ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Эрэгтэйчүүдийн цэвэршилтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Эрэгтэйчүүдийн цэвэршилт нь 45 наснаас эхэлдэг. Учир нь энэ үеэс эхлэн эрчүүдийн бэлгийн үйл ажиллагаа аажмаар харьж, шингэн ялгаралтад өөрчлөлт ордог. Цэвэршилтийн дараах насанд сэтгэцийн талаас илэрдэг түгээмэл шинж тэмдгүүд бий. Үүнд танин мэдэхүйн өөрчлөлт, ой тогтоолт муудах, анхаарал төвлөрөлт буурах, сэтгэл гутрал, зан үйл, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, нойрны хямрал, мэдрэл сульдлын шинж тэмдэг ажиглагдана.

-Манай орны эрчүүдийн хувьд зөнөх эмгэг, сэтгэл гутралд өртөх байдал нь ямар байдаг вэ?

-Манайхан нийгэм, сэтгэлзүйн талаар анхаарах шаардлагатай байдаг. Энэ нь бие эрүүл байхад чухал нөлөөтэй. Бие эрүүл байвал насжилтад эерэг нөлөө үзүүлнэ. Монголчуудын хувьд тэтгэвэрт гарах сэтгэлзүйн бэлтгэлгүй байдаг. Энэ нь сэтгэлийн шалтгаант биеийн эмгэг үүсгэдэг учир эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж хэлж болно. Мөн хүн бүрт стрессийг давж гарах шаардлага тулгардаг. Дэлхийн олон оронд хийсэн судалгаанаас харахад эрчүүдээс илүү эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртдөг гэж үздэг. Гэвч амьдрал дээр эрчүүдийн өмнө тулгамдсан асуудал олон байдаг. Ихэнх хүнд цэвэршилтийн дараах насандаа сэтгэл гутралд өртөх тохиолдол түгээмэл гардаг. Тэтгэвэрт гараад сэтгэл хямарч эхэлдэг учраас үүнийг сэтгэл гутрал гэж хэлээд байгаа юм. Эмэгтэйчүүдийг бодвол эрчүүд тэр бүр эмнэлэгт ханддаггүй учраас сэтгэцийн эмгэгт өртсөнөө мэддэггүй.


САНАЛ БОЛГОХ