Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулахгүй

Засгийн газар

ДНБ, улсын төсвийн тодорхой хувийг эрүүл мэндийн салбарын санхүүжилт болгох хууль батлах хэрэгтэй

Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж буй. Энэ хүрээнд боловсрол, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай уулзалт хийсэн. Харин баасан гарагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа.

Хэдийгээр төсөв хүнд, эдийн засаг хүндрэлтэй байгаа ч Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарын зардлыг эхний 12-18 сард танахгүй хэмээн мэдэгдэв. Эрүүл мэндийн салбарынхны хувьд салбартаа сан байгуулж, санхүүжилтээ шийдэх саналыг гаргасан юм. Үүнийг Засгийн газраас дэмжих ч, төсвөөс санхүүжүүлж чадахгүй гэдгээ Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлж байв. Хувийн хэвшил, гадаад дотоодын хандивлагч байгууллагынхантай зөвшилцөөд, ажиллуулж болно гэлээ.

Харин эдийн засаг тогтворжсоны дараа эмнэлгийн засвар үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмж авах, эмч, ажилтнуудын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллах аж.

Эрүүл мэндийн салбарын төсөв ДНБ-ий гурав хүрэхгүй хувьтай тэнцэж байна

Түүнээс гадна энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 26 эх төрөхийн улмаас эндсэн байна. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагууд ажилдаа ямар ч амжилт үзүүлсэн ч эхийн эндэгдэл гарсан тохиолдолд энэ амжилтыг тооцохгүй юм байна.

Уулзалтын үеэр эмнэлгийн удирдлагууд өөрийн хариуцаж буй эмнэлэгт тулгамдсан асуудлаа танилцуулж байлаа. ХӨСҮТ гэхэд дархлаажуулалтын сангийн үйл ажиллагааг сэргээж, ДОХ, сүрьеэтэй тэмцэх үндэсний хороо байгуулах хэрэгтэйг сануулж байсан юм.

Тэгвэл СЭМҮТ-ийн хувьд хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ хэт өссөнд анхаарлаа хандуулахыг хүсэв. Тус төвд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон өвчтөн эмчлүүлэх нь сүүлийн гурван жилд нэмэгджээ. Тиймээс энэ асуудлаар ХЗДХЯ, Цагдаагийн газар болон холбогдох байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй байгаа аж.

Харин Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар “Эрүүл мэндийн салбарт төсөвлөж байгаа хөрөнгө нь ДНБ-ий гурав хүрэхгүй хувьтай тэнцэж байна. Иймд хоёр дахин нэмэгдүүлбэл зургаан хувьд хүрнэ. Тиймээс тухайн жилийн ДНБ, эсвэл улсын төсвийн тодорхой хувийг эрүүл мэндийн салбарт санхүүжилт болгож өгнө гэж хуульчилж өгөөч. Хоёрдугаарт, Монголд өнөөдөр дөрвөн хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ бол ганцхан Монголд тохиолдоод байгаа юм биш. Дэлхий нийтийн хэмжээнд өсөн нэмэгдэж байна. Тиймээс “2014 онд элэгний хорт хавдар эрт илрүүлэх стратеги” боловсруулсан. Гэвч одоо болтол хэрэгжүүлээгүй байна. Үүнийг цаг алдалгүй зохион байгуулахын тулд төсөв хэрэгтэй. Бэлтгэл ажилд 20 тэрбум, жилд зургаан тэрбум төгрөг зарцуулбал бид элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой” гэлээ.

САНАЛ БОЛГОХ