“Rio 2016” өндөрлөлөө
“Rio 2016” зуны XXXI Олимпийн наадам 16 өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө. Монголын баг тамирчид тэмцээнээс "нэг мөнгө", "нэг хүрэл" медаль хүртэж багийн амжилтаараа 207 орноос 67 дугаарт бичигдэж байна. Америкчууд 121 медаль хүртсэнээс 46 алт, 37 мөнгө, 38 хүрэл медаль хүртэж энэ удаагийн Олимпийн наадамд хүртсэн медалийнхаа тоогоор тэргүүллээ. Харин БНХАУ 26 алт, 18 мөнгө, 26 хүрэл нийт 70 медаль хүртэж жагсаалтыг удаалсан бол Их Британи 27 алт, 23 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Оросуудын хувьд нийт тамирчдынх нь 30 орчим хувь нь Олимпийн наадамд оролцож чадаагүй ч 19 алтан медальтайгаар дөрөвдүгээр байрт жагслаа. Монгол Улсын шигшээ багийн хувьд Энэтхэг улстай ижил амжилт үзүүлэв. Нийт 16 хоног үргэлжилсэн “Рio 2016” Олимпийн наадмаас Монгол Улсын баг, тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар дуусгаж байна. Тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 килограммын жинд хүч үзсэн Г.Мандахнаран шүүгчдийн шийдвэрээр торгуулж эцсийн мөчид ялагдал хүлээлээ. Шигшээ багийн дасгалжуулагчид шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж хувцсаа тайлсан нь олон улсад нэлээд анхаарал татлаа. Шүүгчдийн гаргасан шийдвэр болон манай дасгалжуулагчдийн эсэргүүцэл тэмцээний хаалтын өдөр анхаарах татсан үйл явдлын нэг байв. Дасгалжуулагчид "Шүүгчид шударга бус байлаа. Тэд Узбекийг дэмжсэн. Монголын ард түмэн энэ медалийг хүлээж байсан боловч, алдчихлаа" гэсэн мэдэгдлийг олон улсын хэвлэлд өгсөн байна. Г.Мандахнаран тэмцээн дуусахад 7:6-ийн харьцаатайгаар ялж байсан боловч эцсийн мөчид барилдахаар зайлсхийсэн гэх үндэслэлээр шүүгчид торгож, Узбекстаны бөх Ихтиёр Наврузовт нэг оноо өгсөн юм. Улмаар дасгалжуулагчдын үйлдлийн дараа дахин нэг оноогоор торгосон юм. Анхаарал татаж байгаа асуудал гэвэл Узбекстаны бөх Ихтиёр Наврузов хэсгийн барилдаанд Пуэрто Рикогийн бөхийг ялсан. Гэхдээ энэ барилдааныг шүүлтийн асуудалтай байсан гэж үзээд "Бөхийн нэгдсэн дэлхий" холбоо тус барилдааныг шүүсэн бүх шүүгчдийн эрхийг нь түр түдгэлзүүлсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй