Хөгжихийн хэрээр үнэт зүйлээ авч үлдэх нь чухал
Ирэх 25 жилд англи хэлний мэдлэг олгох хөтөлбөр зонхилно
Монгол дахь Энх тайвны корпус эрийн цээнд хүрчээ. Энэ ойтой давхцан тус байгууллагын 27 дахь удаагийн сайн дурын элч нар АНУ-ын нэрийн өмнөөс Монголын хүүхэд залуус, айл өрхүүдтэй харилцаж, хамтран аж төрөхөөр тангараг өргөв.
1991 онд манай улсад үүдээ нээснээс хойш Энх тайвны корпусын 1225 сайн дурын ажилтан орон нутгийн болон хүүхэд, залуучуудын хөгжил, эдийн засгийн боловсрол, эрүүл мэндийн хөгжил, англи хэлний боловсрол олгох чиглэлээр ажиллажээ. Тус арга хэмжээнд Дэлхийн Энх тайвны корпусын захирал Кэрри Хесслер-Раделет хүрэлцэн ирж оролцсон байна. З.Цэлмэг @tselmegZGM Хатагтай Кэрри Хесслер- Раделет болон Монгол дахь Энх тайвны корпусын захирал Жин Никсон нартай цөөн хором уулзлаа.
-Та Монголд анх удаа ирж байна уу. Анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-К.Х.Р: Би анх удаа Монголд ирж байна. Нэн түрүүнд намайг энэ сайхан оронд халуун дотноор угтаж авсан хүмүүст талархсанаа илэрхийлмээр байна. Ирснийхээ дараа надад сайн дурын гишүүдтэйгээ уулзаж, танилцахаар хөдөө нутгаар явах боломж олдсон. Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа байгууллагын хүмүүс зочломтгой юм, үнэхээр сайхан сэтгэлээр хүлээж авлаа.
-Энх тайван гэж юу вэ, та үүнийг яаж ойлгодог вэ?
-К.Х.Р: Манай байгууллагын нэрнээс сэдэвлэн сайхан асуулт тавилаа. Энх тайван бол аливаа зөрчлийг арилгах гэдэг утгаасаа илүү хүмүүсийн харилцан итгэлцэл, хүндлэл дээр тогтсон харилцаа, хамтын ажиллагаа юм. Бид энх тайван байхын тулд атгасан гар шиг хамтарч ажиллах ёстой. Ингэснээр ядуурлыг зогсоож, эрүүл мэндээ сайжруулж, орлогоо нэмэгдүүлж, зөрчлийг бууруулна. Сайн дурын ажилтнууд маань Засгийн газрын хүрч бараг чаддаггүй орон нутгийн хамгийн бага нэгжид очиж ажилладаг. Үүгээрэ Энх тайвны корпус бол онцгой үйлчилгээтэй байгууллага юм.
-Энх тайвны корпус Монголд үүдээ анх нээснээс хойш 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд та бүхний явуулсан үйл ажиллагаа аль салбарт илүү үр дүнтэй байсан гэж харж байна вэ. Үүнд юу ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?
-Ж.Н: Монголд 25 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, англи хэлний боловсрол олгох болон бизнесийн чиглэлийн гээд олон төсөл хэрэгжсэн. Эдгээр хөтөлбөрөөс хамгийн тууштай явж байгаа нь англи хэлний боловсрол олгох төсөл. Бид өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Монгол орны хэрэгцээ, шаардлагыг анхааран ажиллана. Үр дүнтэй хэрэгжиж буйн хамгийн гол хүчин зүйл гэвэл манай сайн дурын ажилтнууд хөдөө орон нутагт байгууллагуудтай хамтран ажиллаж, энгийн иргэдийн дунд аж төрж буй явдал. Тэд маань Монголын хүүхдүүдэд зөвхөн англи хэл заагаад зогсохгүй ирээдүйн удирдагч болоход ойр дотно хамтарч ажилладаг. Манай сайн дурынхан маш онцгой хүмүүс. Хоёр жилийн хугацаанд гэр бүл, эх орноосоо алс хол өөр нэг улсын ард түмэнтэй ойлголцож, тэдний хэл соёлыг суралцан хамтарч ажилладаг. Сайн дурынхантай хамт аж төрж, хичээл заалгасан хүүхдүүд багш нарынхаа талаар урт удаан хугацаанд бодож, дурсаж явдаг юм байна гэж би ойлгосон.
Өнөө цагт дэлхий даяар ДОХ-ыг эмчлэх боломжтой болсон
-Монгол дахь Энх тайвны корпусын үйл ажиллагааны нэг гол хүрээ нь эрүүл мэндийн салбар. Та монголчуудын эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байна гэж дүгнэх вэ?
-Ж.Н: Монголчуудын эрүүл мэндийн боловсрол хурдтай сайжирч байна. Засгийн газрын боловсролын үйл ажиллагаа хариуцсан байгууллага дунд сургуулийн эрүүл мэндийн боловсрол олгох шинэ хөтөлбөр эхлүүлж байна гэж бид ойлгосон. Энэхүү хөтөлбөрийг сайжруулахад бид хамтарч ажиллан, сайн дурын ажилтнуудаараа дамжуулан эрүүл аж төрөх ёсны талаар хичээл, үйл ажиллагааг зааж буй багш нарыг нь тусалж дэмжих болно. Эрүүл мэндийн боловсролыг сайн эзэмшсэнээр эрүүл хооллолт, эрүү ахуй болон биеийн дасгал хөдөлгөөн хэрхэн эрүүл амьдрахыг мэддэг болно.
-Та эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа ХДХВ-ээс сэргийлэх талаар арвин туршлагатай. Энэ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд хүмүүст хамгийн түрүүнд ямар бодитой зөвлөгөө өгдөг вэ?
-К.Х.Р: Ноён Жин Никсоны өмнө хэлсэнчлэн эрүүл мэндийг хамгаалахад боловсрол маш чухал. Тиймээс миний хувьд ДОХ, ХДХВ-ээс сэргийлнэ гэдэг боловсролыг дэмжих явдал. Боловсролоор дамжуулан хүмүүс уг аюулт өвчнөөс хэрхэн сэргийлэх, өвчин хэрхэн халдварладаг болон эмчлэгддэг талаар мэддэг болно. Нэмж хэлэхэд, өнөө цагт дэлхий даяар ДОХ-ыг эмчлэх боломжтой болсон. Тийм учраас өвчтэй хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авч, эмчилгээнд хамрагдахын ач холбогдлыг ойлгоход боловсрол чухал. Боловсролоор дамжуулан эмчилгээнээс гадна сэтгэл зүйн хувьд дэмжлэг туслалцаа нээлттэй үзүүлэх боломжтой.
-Өнөөгийн дэлхий ертөнц айдсаар дүүрэн болжээ. Зика, терроризм, байгалийн гамшигт үзэгдлүүд гээд. Эдгээр бүс нутагт зорчиж байгаа сайн дурынхны аюулгүй байдлыг та бүхэн хэрхэн хангадаг вэ?
-Ж.Н: Сайн дурынхны аюулгүй байдлыг хангах нь Энх тайвны корпусын нэн түрүүнд баримталдаг гол зарчим юм. Манай байгууллага сайн дурын ажилтан аюул, эрсдэлд орохоос сэргийлэх, хариу арга хэмжээ авах дотоодын болон глобал хэмжээний сүлжээтэй. Монголын хувьд аюулгүй байдлыг хангах тусгайлан боловсруулсан хөтөлбөр хэрэгждэг. Үүний хүрээнд сайн дурын ажилтнуудаа сургалтанд хамруулна. Тухайн томилогдсон орон нутгийн иргэдэд нь сайн дурынхны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт явуулдаг. Гэхдээ хамгийн гол нь сайн дурын ажилтнууд тухайн орон нутагт өөрсдөд нь ямар эрсдэл учрах, шаардлагатай тусламжаа яаж авах, аюулаас хэрхэн зайлсхийхээ сайн мэддэг, үүндээ санаа тавьдаг байх ёстой. Сайн дурынхны аюулгүй байдлыг анхаарахад орон нутгийн ард иргэд, байгууллага, хамт олон уялдаа холбоотой байж, бие биендээ туслах нь маш чухал нөлөөтэй гэж бид үздэг.
Сайн дурынхан Монгол соёл, ахуйг 11 долоо хоногт суралцдаг
-Сайн дурын элч нар орон нутгийн иргэд, оршин суугчдын дунд ажилладаг. Тэдний нүдээр Монголд орон нутгийн хөгжлийг сайжруулахын тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?
-Мэдээж хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл ахуйг сайжруулах, газар тариалангийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэхэд хүчин зүтгэх, ой мод огтлох явдлыг таслан зогсоох гэх мэт олон чухал асуудал бий. Гэхдээ орон нутгийн хөгжлийг хангах хамгийн гол зүйл нь сайн боломж бүрт хөтлөх үүдийг нээгч боловсрол юм. Тиймээс хүүхэд, залуусын боловсролд түлхүү анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна, Монгол хөдөө нутагтаа өөр ямар ч зүйлээр орлошгүй нүүдлийн соёл ахуй, зан заншилтай. Хөгжихийн хэрээр энэ үнэт зүйлээ авч үлдэх нь маш чухал гэдгийг дашрамд нь хэлмээр байна.
-Сайн дурынхан тухайн орны хэл, соёлыг ирэхээсээ өмнө хэр судалдаг вэ. Тухайлбал, манай соёлыг хэрхэн заадаг арга барилаасаа сонирхуулна уу?
Ж.Н: Сайн дурынхан ирэхээсээ өмнө монгол хэл, ёс заншил заалгадаггүй. Харин энд ирмэгцээ 11 долоо хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос гарч, хөдөөний айлд амьдрангаа Монгол ёс заншил, соёл суралцдаг. Үүний зэрэгцээ хүүхдүүдэд англи хэл заах арга барил болон ер нь өөрийгөө хэрхэн зөв авч явах талаар хичээл заадаг. Тухайлбал, гал асааж, түлээ бэлтгэж, тэр ч бүү хэл усанд хэрхэн орох уу гэдгийг хэлж өгдөг. Хамгийн гол нь сайн дурынхан тухайн айлын гэр бүлийн нэг гишүүн болж, аж төрөх ёсыг нь харж суралцдаг нь их үр дүнтэй байдаг.
-Энх тайвны корпус анх Дэлхийн II дайны дараа байгуулагдсан. Та энэ байгууллагад амьдралынхаа талаас илүү хугацааг зориулсны хувьд үйл ажиллагааных нь чиглэл өнөөгийн ертөнцийн асар хурдтай өөрчлөлтөд хэр дасан зохицож байна вэ?
-К.Х.Р: Монголын Энх тайвны корпусын хувьд сүүлийн 25 жилийн хугацаанд Монголын төр, засаг болон бусад өөрчлөлтөд зохицуулан хөтөлбөрөө шинэчилсээр ирсэн. Харин Дэлхийн Энх тайвны корпус бол хувь хүн, төр, засгийн байгууллагуудын чадавхийг сайжруулахад түнш орнууддаа тусалсаар ирсэн. Ингэснээр тэд өөрийн улсын хөгжлийн зорилтдоо хүрч чадах юм. Манай байгууллагын хэрэгцээ бол ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тусалж, дэлхий хамгийн эмзэг ард түмэнтэй харилцаа тогтоох явдал. Дэлхийн Энх тайвны корпусын шинэ өөрчлөлтөд дасан зохицох чадвар хэр зэрэг байна тэр хэрээр чухал хэвээр байна.
-Ирэх 10, магадгүй 25 жилд манай улсын аль салбарт илүү анхаарах хэрэгтэй гэж харж байгаа вэ?
-Ж.Н: Ирээдүйн 25 жилийн хугацаанд Монгол орны хэрэгцээ шаардлагыг ажиглан, түүний дагуу хөтөлбөрөө явуулна. Гэхдээ англи хэл мэдлэг олгох нь Монголд хэрэгжих багц хөтөлбөрийн үндсэн хэсэг байх болов уу. Үүний зэрэгцээ байгаль орчин, бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг ч орхигдуулахгүй. Түүнчлэн монголчуудыг сайн дурын үйл хэрэгт оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боломж олгоход нь туслаж дэмжих болно.
-Та бол Америк хийгээд дэлхийн ард иргэдийн хоорондын харилцааг өргөжүүлж, өв соёлыг өргөн дэлгэр ойлгох үйлсэд хүчин зүтгэсэн гэр бүлийн дөрөв дэх үеийн залгамжлагч. Энх тайвны корпусын хагас зуу гаруй жилийн түүхэнд үйл ажиллагааны оргил үе нь хэзээ байсан бэ?
-К.Х.Р: Энх тайвны корпусын амжилтыг олон талаар нь хэмжиж болно. Миний хувьд, байгууллагын сүүлийн таван жил хамгийн амжилттай байсан гэж хардаг. Бид өнөө цаг үетэй байгууллагын суурь үзэл санааг нийцүүлсэн шинэчлэл хийсэн. Сайн дурын ажилтан шалгаруулах үйл явцыг боловсронгуй болгосноор зөвхөн өнгөрсөн онд л гэхэд манай байгууллага 23 мянган өргөдөл хүлээн. Энэ нь 40 жилийн дээд амжилт байлаа.
-Тэгвэл хамгийн онцлог цаг үеийг нэрлээч гэвэл ямар үеийг хэлэх вэ?
-К.Х.Р: Энх тайвны корпус байгуулагдсанаас хойших эхний таван жил хамгийн чухал, хүнд бэрхшээлтэй үе байсан болов уу. Учир нь тухайн цаг үед мэргэжилтнүүдээ хөгжиж буй орнуудад илгээж, өөр ард иргэдтэй хамт амьдруулах нь хамгийн хүнд цаг үе байж гэж одоо ярьдаг. Энэ бол өмнө нь хэзээ ч болж байгаагүй, цоо шинэ зүйл байсан. Мөн Энх тайвны корпусын 55 жилийн түүхэнд гарч байгаагүй өөрчлөлт сүүлийн таван жилд гарч байна. Бид сайн дурынхны бэлтгэл болон үйл ажиллагаандаа ямар нэг мэдээлэл, дата, статистикт тулгуурласан өөрчлөлтүүд хийж байна.
Техник технологийн хөгжил, олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүмүүс урьд өмнө байгаагүйгээр хоорондоо холбогдох боломжтой болсон. Даяарчлалын энэ үед хүмүүс бие биенийхээ хэл, ёс заншлыг суралцаж, хүндэтгэх нь энэ их өөрчлөлтөөс үүдэж буй болдог олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг бид ойлгосон. Тийм учраас энэ бүхэн одоогийн Энх тайвны корпусын хамгийн чухал зорилт юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй