Шинэ тэрбумтантай танилц
Аль Тани ч, түүний төлөөлөгчид ч тайлбар өгч чадахгүй байна
Катарын хааны гэр бүлээс гаралтай, сахалтай нэгэн нөхөр гэхээсээ илүүтэй улстөрч гэдгээрээ олонд танигдсан Хамад бин Жассим бин Жабер Аль Танигийн талаар дэлхий дахин юу мэдэх вэ? Аль Тани одоогоос 45 жилийн өмнө авга талынхаа байгуулсан Катар улсын Ерөнхий сайдаар 2007- 2013 онд сонгогдон ажилласан. Өөрийн үүрэгт ажлын хүрээнд тэрбээр Саудын Араб болон Бахрейны (хөрш хоёр орон) хоорондох хилийн маргаан болон Дарфур (Катарын хөрөнгө оруулалт хийхийг сонирхож буй газар) бүсийн хүний эрхийн хямралын асуудлуудад гар бие оролцож байсан аж.
Улстөрч гэдгээрээ олны анхаарлыг татдаг Аль Тани нь хувийн амьдралаа ихээхэн нууцалдаг. Саяхныг хүртэл түүний нас (тэр 56 настай) төдий бага зэргийн мэдээллийг л хүмүүс мэддэг байв.
Гэтэл “Panama Papers”-ийн мэдээлэл тарснаар түүний паспортын хуулбар, хэд хэдэн оффшор компани эзэмшдэг болохыг нь батлах материалууд илэрсэн. Мөн эдгээрийн дунд дэлхийн хамгийн тансаг усан онгоцуудын нэг болох “Al Mirqab” дарвуулт хөлөг түүний мэдлийнх гэдэг нь тогтоогдсон юм. Ойролцоогоор 300 сая ам.долларын үнэтэй тус бүтээл нисдэг тэрэг хөөрөх талбай, жакузи, кино театр, дасгалын өрөө зэргээс бүрдэнэ.
Үүний зэрэгцээ, Аль Танигийн худалдан авсан хувьцаануудыг Форбес илрүүлэв.
Бид тэрбумтнуудын жагсаалтдаа хааны гэр бүлийг оруулдаггүйн учир нь тэдний хөрөнгийг тодорхойлоход төрийнх, эсвэл хувийнх уу гэдэг асуудалтай тулгардаг. Гэхдээ энэ удаад Аль Танигийн хөрөнгө эргэлзээгүйгээр дор хаяж 1.3 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.
Түүний хөрөнгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг эх үүсвэр: “Deutsche” банкны гурван хувь буюу 800 сая ам.доллар, мөн Катарын ложистикийн компани болох “Gulf Warehousing”-д эзэмшдэг 220 сая ам.долларын хувьцаа орж байна. Гэвч Аль Тани ч, түүний төлөөлөгчид ч үүнд тайлбар өгч чадахгүй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй