Халаасны хулгайчдыг хатуу шийтгэнэ

Мэдээ

Халаасны хулгайчдыг долоо хоногоос таван жил хүртэл хорино

Халаасны хулгай иргэд төдийгүй цагдаа нарын ч толгойн өвчин болжээ. Асуудал иймдээ тулсан нь ял шийтгэл хүлээлгэх хуулийн зохицуулалт учир дутагдалтай байгаатай холбоотой гэж салбарынхан үзэж байна. Харин 2017 оноос эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнд халаасны хулгайн талаар хатуу заалтууд нэмэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодитой алхам юм.

Одоогийн хуулиар бол халаасны хулгайд эд зүйлсээ алдсан хүний хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөгөөс доош бол эрүүгийн хэрэг үүсгэдэггүй. Тэгэхээр хулгайд алдсан зүйл иргэдийн хувьд хэчнээн үнэ цэнэтэй байлаа ч, 192 мянган төгрөг хүрэхгүй бол хулгайчид захиргааны хариуцлага тооцож, торгоод л өнгөрдөг. Тодруулбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр хулгайлах, булаах, залилан мэхлэх, завшин үрэгдүүлэх замаар ашиглан шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1500-20000 хүртэлх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэжээ.

Улаанбаатар хотын Цагдаагийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.Гүнчин-Иш “Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэргийг бүртгүүлсэн тухай бүрт шалгаж, хариуцлага тооцдог. Зарим тогтоогоогүй болон анх удаагийн, эсвэл бодит хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авдаг. Гэхдээ энэ төрлийн арга хэмжээ авах нь бага, ихэвчлэн дараагийн шатны байгууллага руу шилжүүлдэг” гэлээ.

Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Эрүүгийн хэрэг, захиргааны хэргийг шалгаж шийдвэрлэнэ гэдэг ялгаатай. Зөрчил гаргасан хүнийг торгох нэг хэрэг. Гэтэл халаасны хулгай бол мөн чанараараа зөрчил биш, гэмт хэрэг. Хүний эд зүйлс хулгайлсан этгээдийг торгоно гэдэг бол “Би чамайг торгочихлоо, одоо чи дахиад хууль бус аргаар мөнгө олж болно” гэж буйтай агаар нэг. Бас нэг талаас хүний эд хөрөнгийг бага хэмжээгээр хулгайлж болно. Èх хэмжээгээр хулгайлсан тохиолдолд л гэмт хэрэг болно гэх зохисгүй тогтолцоог засаж, шийдвэрлэсэн” хэмээв.

Халаасны хулгайчийг 1500- 20000 төгрөгөөр торгодог
Иргэд халаасны хулгайд эд зүйлсээ алдах бүртээ цагдаад ханддаггүй. “Адгийн зарга арав хоног” гэж цааргалдаг хэрэг. Бүртгүүлсэн зарим нь хэрэг сунжрахаар өргөдлөө буцааж авах нь ч бий. Учрыг нь лавлавал “Ажлын дундуур цагдаа дуудаад байх юм. Өөрийнхөө ч, миний алдсан эд хөрөнгийг олж өгөх гэж байгаа цагдаагийн ажлыг ч цалгардуулах хэцүү юм” гэнэ.

Цагдаагийн байгууллагад иргэдээс “Өчигдөр миний барьж өгсөн этгээд өнөөдөр дахиад л хулгай хийгээд явж байна” гэх гомдол байнга ирдэг гэв. Цагдаа нарт хотын хөл хөдөлгөөнтэй гэсэн газруудаар халаасны хулгай хийдэг хэдэн арван хулгайчийн мэдээлэл бий. Тэд нар өдөр болгон шахуу баригдаж, торгуулèад явдаг. Тэдний заримд нь шударгаар ажил хийж, мөнгө олох боломж олгодог ч барагтай бол авч хэлэлцдэггүй аж.

Гэвч одоо хэрэгжиж байгаа хууль нь иймээс нааш цагдаа нар дагахаас өөр аргагүй. Тэд зөвхөн хууль хэрэгжүүлэгч болохоос санаачлагч биш. Үүнээс болж халаасны хулгайчидтай ашиг хуваадаг гэж төрийн цагдаа нарыг ч хардах хүн олон байдаг àæ . Харин ирэх сараас хэрэгжих Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад халаасны хулгайчийг шамшигдуулсан эд хөрөнгийн хэмжээнээс үл хамааран долоо хоногоос таван жил хүртэлх хугацаанд хорихоор заажээ.
САНАЛ БОЛГОХ