Ганга нуурын талаас илүү нь ширгэжээ
Мэдээ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Ганга нуурын 50-иас илүү хувь нь ширгэжээ. Долдугаар сараас хойш тус суманд бороо ороогүй, хэт халалтаас болж ууршилт их явагдсан, элсний нүүдэл болон их хэмжээний лагтай байгаа зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлсөн байна. Мөн ойр орчмын мал ундны усгүй болсон учир малчид Ганга нууранд малаа оруулах явдал ихэсчээ. Ганга нуур бол сүхбаатарчууд үе үедээ хайрлан хамгаалж, шүтэж ирсэн нуур. Уг нуурт 21 булаг цутгадаг бөгөөд мөн ихэнх нь ширгээд байгаа аж. Өнгөрсөн жил гэхэд 21 булгаас зөвхөн 11 нь тоологдсон удаатай.
Энэ тоо одоо хэд болсон нь тодорхойгүй байна. Нуурынхаа яг дэргэд байдаг Оргихын булгийн ундарга нь багассан гэсэн мэдээллийг нутгийн иргэд өгчээ. Тиймээс Аймгийн зүгээс Ганга нуурыг судлах, хамгаалах Ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд хамгийн эхний судалгаагаар нуурын ёроолд 70 см орчим лаг хуримтлагдсан гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ нуур болон далайн ёроолын лагийг хамаагүй авч болдоггүй юм байна. Ямартай ч Ганга нуур ширгэж буй асуудал аймаг орон нутаг төдийгүй улсын хэмжээнд олны анхаарлыг татаж байна. Иймээс манай улсад ажлаар ирсэн Япон болон Тайландын ус судлалын эрдэмтэд нөхцөл байдалтай газар дээр нь танилцана гэсэн хариу өгчээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй