Ирэх сарын 8, 9, 18, 19-ний үеэр нийт нутгаар сэрүүснэ
Энэ зун нартай хур тэгширч хүн зоны сэтгэл тэнэгэр байсан. Гэвч наадмаас хойш нийт нутгаар 30 градус давж халсан нь зарим нутгийн зуншлагад муугаар нөлөөлсөн байна. Удахгүй орон даяар ургац хураалт эхэлнэ. Энэ үеэр тэнгэр ямар байх талаар Ус цаг, уур орчны судалгааны хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цагуурч Э.Энхзаяагаас тодрууллаа.
-Өнөө жил ургац арвин байна гэж тариаланчид ам сайтай байгаа. Ингэхэд ургац хураалтын үеэр цаг агаар ямар байх вэ?
-Есдүгээр сард хүйтрэх төлөв ажиглагдаж байгаа. Агаарын температурын сарын дундаж баруун зүгийн нутаг тэр дундаа Алтай, хангайн уулархаг нутгаар 4-9 градус байх нь. Ер нь олон жилийн дунджийн орчим байна гэсэн урьдчилсан төлөв гарсан. Хур тунадасны хувьд Увс, Ховдын ихэнх нутаг, Завханы баруун урд талын сумдаар олон жилийн дунджаас бага. Харин Говь-Алтайн ихэнх нутгаар хур тунадас ихтэй байх төлөвтэй. Бусад нутгаар олон жилийн дундажтай ижил хэмжээний хур буух нь ээ. Цаг агаарын үечлэлийг харвал Алтай хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 15-20, бусад нутгаар 20-25 градус дулаан. Ирэх сарын 8, 9, 18, 19- ний үеэр сэрүүснэ. Ерөнхийдөө ургац хураалтын үеэр зарим нутгаар цочир хүйтрэх төлөв ажиглагдаад байна.
-Есдүгээр сарын сүүлчээр тэнгэр ямар байх вэ. Зарим жил уулаараа цас орчихдог шүү дээ?
-Хүйтний ам наашилж байгаа учраас нийт нутгаар сэрүүснэ. Уулархаг нутгаараа шөнөдөө 7-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх төлөвтэй байна. Бусад нутгаар ч гэсэн шөнөдөө 2-7 градус хүйтэн болно. Төвийн нутгаар тэр дундаа Өвөрхангай, Архангай, Сэлэнгийн зүүн өмнөд хэсгээр 0,5-1 градус дулаан байна. Хөвсгөл болон Архангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хуртай байх төлөв гарсан. Бусад нутгаар олон жилийн дундажтай ижил хэмжээний бороо орно. Төвийн бүсээр есдүгээр сарын 5,6-ны үеэр сэрүүснэ. Дархадын хотгорт шөнөдөө 3-8 градус хүйтэн байх юм байна. Мөн хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Сарын сүүлчээр нэлээд сэрүүснэ.
-Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур багатай байснаас зуншлага гандуу байна гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс есдүгээр сард хур тунадас хэр хэмжээгээр орох төлөвтэй байна вэ?
-Зүүн аймгуудын ихэнх нутгаар дулаан байх төлөв харагдсан. Олон жилийн дундажтай харьцуулахад 0,5 градусаар дулаан. Хур тунадасны хэмжээг харахад Хэнтийн зүүн өмнөд хэсгээр бага, Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын урд хэсгээр ахиу хур орно. Есдүгээр сарын 8,9,19 хавьцаа нэлээд сэрүүснэ. Зарим газраараа цочир хүйтрэх төлөв ажиглагдсан. Түүнчлэн гуравдугаар арав хоног буюу 27, 28-ны үеэр нутгийн ихэнх хэсгээр нэлээд сэрүүсч шөнөдөө 3-5 градус хүйтэн хонодог болох нь. Харин өдөртөө 8-10 градус дулаан байна гэсэн мэдээлэл ирсэн.
Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын урд хэсгээр ахиу хур тунадас орно
-Говийн нутгаар ч гэсэн адилхан цочир хүйтрэх үү?
-Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар 0,5-1 градусаар дулаан байна. Бусад нутгаар уур амьсгалын дундаж нь өмнөх жилүүдийнхтэйгээ адил байх нь. Дорноговийн урд хэсгээр бусад газраасаа арай илүү хур буух төлөв гарсан. Мөн л эхний арав болон дунд арав хоногтоо бусад нутгийн адил цочир хүйтэрнэ.