Хэлмэгдэгсдийн түүхийг хадгалагч
Музейн нэгдүгээр давхарт хэлмэгсдэд зориулсан хүндэтгэлийн танхимтай
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей хэмээх жижиг модон байшин хотын төвийн өндөр барилгуудын дундаас эрхгүй ялгарна. 1931 онд энэ байшинд анх Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байжээ. 1996 оны есдүгээр сарын 10-нд түүний охин Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг долоон танхимд дэлгэн үзүүлсэн байна. Их хэлмэгдүүлэлтийн үед нийт 36 мянга гаруй хүн хэлмэгдсэн бөгөөд үүний 17 мянга нь лам, бусад нь цэргийнхэн болон жирийн иргэд байв.
Хэлмэгдүүлэлт анх 1922 онд Ерөнхий сайд Бодоогоор эхэлж 1960 он хүртэл үргэлжилсэн түүхтэй. Энэ үеийн хамгийн олон хүнийг хамруулсан хэрэг бол “Лхүмбийн хэрэг” гэгч бөгөөд үүнд Жамбын Лхүмбэ /1902-1933/ гэдэг хүн толгойлогч нь болж хэлмэгджээ. Тус музейд хэлмэгдэгсдийг хорьж байсан “Бат гүн” шоронгийн хаалга, Ерөнхий сайд Д.Бодоогийн хэлмэгдүүлэлтийг харуулсан самбар, лам нарын хэлмэгдүүлэлтийн түүхийн танхим, сэхээтний хэлмэгдүүлэлтийн түүхийн танхим, хэлмэгдүүлэлтийн сүүл үе буюу 1940-1960 онд “Сэхээтний төөрөгдөл” хэмээх түүхийг харуулсан өрөөнүүдтэй. Музейн нэгдүгээр давхарт хэлмэгсдэд зориулсан хүндэтгэлийн танхим байх бөгөөд хүмүүсийн нэрсийн жагсаалтыг аймаг аймгаар нь байрлуулжээ.
Хойморт нь хэлмэгдэгсдэд зориулан зул асааж, хоёр талд нь төрийн туг, баруун талд нь “Хэлмэгдлийн нэг өдөр” хэмээх зураач Я.Үржнээгийн зурсан зургийг байрлуулсан байдаг. Ерөнхий сайд П.Гэндэнгийн ажлын өрөөг тэр хэвээр нь үлдээж үзмэр болгосон аж. Тус музейн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьжээ. Ханан дээр нь “Улс төрийн харгислалд хэлмэгдэн 1937 онд цаазлагдсан БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн 1931-1936 онд энэ байшинд амьдарч байв” гэсэн дурсгалын самбар байрлуулсан байдаг.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй