Уналттай зэрэгцсэн өсөлт
Эрдэс баялгийн экспорт унасан ч аж үйлдвэрийнх өсчээ
Олон тулгуурт эдийн засгийг цогцлоох нь... Энэ өгүүлбэрийг уншигч та олонтаа харсан байх. Уул уурхай гэх ганцхан өнгөөр гэрэлтэх болсон Монголын эдийн засгийг солонгоруулах нь орчин цагийн гол зорилт хийгээд сорилт. Олон улсын байгууллагууд ч энэ үгийг байнга давтаж, үргэлж захиастай.
Монголын эдийн засгийн бүтцийг аваад үзье. Нийт эдийн засгийн 70-80 хувь нь уул уурхайгаас хараат. Орлогын гол эх үүсвэр болох экспортын 80 хувь нь зөвхөн эрдэс түүхий эдээс бүрддэг. Нийт экспортынх нь 97 хувь нь нэмүү өртөг шингээгүй, нам дор түвшний технологийн бүтээгдэхүүн. Энэ мэт гадаад худалдааны бараан үзүүлэлт үүгээр дуусахгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдаа огцом хумигдсан. Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 13 орчим хувиар буурчээ. Мөнгөн дүнгээр 600 сая ам.доллараар багассаныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Тодруулбал, экспорт 10 шүргэсэн хувиар унаж, импорт 20 дөхсөн хувиар доошилсон байна. Ийнхүү экспорт, импорт уралдан урууджээ.
Гэхдээ уналттай зэрэгцсэн өсөлт ч байна. Худалдааны үзүүлэлтийг сөхвөл, сүүлийн дөрвөн жил дараалан эрдэс түүхий эдийн бус экспорт тэлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ төрлийн бараа, бүтээгдэхүүний экспорт бараг 30 хувиар нэмэгдсэнийг МУИС-ийн багш, эдийн засагч Б.Алтанцэцэг өгүүлсэн.
Уул уурхайгаас хараат бус эдийн засгийг цогцлоохоор зорьж буй Монгол Улсад энэ туйлын сайн мэдээ. Тэгвэл эрдэс баялгийн бус экспортын өсөлтийг задлаад харвал, нийт тэлэлтийг нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тэргүүлсэн байна. Мэдлэг, инноваци, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ хэмээн Мянганы хөгжлийн зорилтдоо “зоочихсон” манай улсад үүнээс өөр таатай мэдээ гэж юу байх вэ.
Эрдэс түүхий эдийн бус экспорт дөрвөн жил дараалан өссөн
Энэ оны эхний долоон сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт зургаан хувиар тэлсэн. Ингэснээр 8.1 саяар дээшилж, 140 сая ам.долларт хүрсэн байна. Энэ өсөлт нь нийт экспорт 0.3 хувиар ахих суурь нөхцөл болов. Гэхдээ үүнтэй зэрэгцэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт унасан нь нийт экспортыг 8.2 хувиар чангаажээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд аж үйлдвэрийн экспортоос олсон орлогын хэмжээ бараг хоёр дахин тэлсэн байна.
Дахиад нэг сайн мэдээ. Сүүлийн нэг жилд зарим төрлийн бүтээгдэхүүний экспорт бараг 80 хувиар нэмэгдэв. Мэдээж эрдсээс бусад төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт. Гутал, хувцас, бусад эдлэлийн экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 76 хувиар дээшилснийг төв банк гадаад худалдааны сар бүрийн тоймдоо дурджээ.
Гутал, хувцас, бусад эдлэлийн экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 76 хувиар дээшилсэн.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй