Л.Болд: Сонгуульд нам ялагдана гэдэг хүнд л байдаг юм байна
Надад намын дарга болох амбийц алга
УИХ-ын гишүүн Л.Болдтой УИХ-ын ээлжит чуулган болон Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааны талаар ярилцлаа. Тэрбээр Ардчилсан намыг коммунист сэтгэлгээнээсээ салж байж ард түмний дэмжлэгийг авч чадна хэмээн үздэг аж.
-УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. 20 гаруй асуудлыг төдий тооны хоногт багтаан хэлэлцэхээр жагсаасан байна. Хэлэлцэх асуудлуудын талаар ямар бодолтой байна вэ?
- Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх УИХ-д бий. Гэхдээ энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд их том хүрээнийх байна. Ер нь УИХ-аар баталж байгаа төрийн хуульд маш хариуцлагатай хандах ёстой. Өчигдөр хэлэлцэх асуудлын дарааллыг гишүүдэд танилцуулаад, өнөөдөр шууд хэлэлцэх гэж байгаа нь буруу. Өмнөх парламентын үед биднийг бушуу түргэн хандаж, шахаж шавдууллаа гэж шүүмжилдэг байсан. Тэдний шүүмжлэл ч зөв зүйтэй байсан. Гэтэл одоо өөрсдөө эрх баригч болохоороо түүнээсээ давсан том асуудлыг шууд тулгах байдлаар ажиллах гэж байгаа нь буруу. Олонх гэдэг УИХ-ын чуулганы танхимд суусан 65 гишүүний тоогоор хэмжигдэхгүй. Ардчилсан нийгэмд ард түмний өгсөн саналын хувь л чухал. Саналын хувиар нь үзвэл ингэж эрдэх хэмжээний дэмжлэгийг тэдэнд ард түмэн өгөөгүй. Нөхцөл байдлыг ингэж хүндрүүлсэн нь элдэв мэдэгдэл хийсэн МАН өөрөө. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндрэлтэй тулгараад арав гаруй жил болж байна. Үүнд харин ч боломжийн хэмжээнд улс орон, эдийн засгаа авч явсан бодлогыг зогсоохдоо зориуд муутгаж байна. Хүний өвчнийг зориуд хүндрүүлж сэхээн амьдруулах тасагт оруулсныхаа дараа "Бид босгосон" гэж хэлэх гээд байгаа юм уу. Энэ бол буруу. Ард нь дандаа жирийн иргэд хохирч байдгийг мартаж болохгүй.
-Төсвийн тодотголын төсөлтэй танилцаж амжсан уу?
- Бүрэн танилцаагүй байна. Эхнээс нь харж байхад МАН 2016 оны УИХ-ын сонгуульд орохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн бүх зорилтоосоо ухарчээ. Энэ нь ард түмнийг мэхэлж байгаагаас ялгаагүй. Оюутныг тэтгэлэггүй болгох, хүүхдийн мөнгийг хасах, цалин тэтгэврийг бууруулах, татвар нэмэх гээд хүрэхгүй хүн гэж алга байна. Тиймээс энэ бүхнийг сайн бодох хэрэгтэй.
-Өнөөгийн байдлаар Монголын эдийн засагт хамгийн том дарамт болж байгаа зүйл ипотекийн зээлийн хөтөлбөр гэж эдийн засагчид үзэж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
- Төв банкны бодлогын хүүг нэмэгдүүлсэн. Энэ тохиолдолд зөвхөн ипотек гэлтгүй бусад зээл хөтөлбөрүүдийг яаж үргэлжлүүлэх вэ гэдэг дээр Ардчилсан нам эрх баригчдаас маш тодорхой тайлбар нэхэх болно. Наанаа ипотекийн хөтөлбөрөөс буцах бодолгүй байна гэж мэдэгдэх нь чухал биш. Бодит тооцоо судалгаа, хэрэгжих боломжтой хариултаар шаардлагаа тавина.
Харин ч эдийн засгаа авч явсан бодлогыг зогсоохдоо зориуд муутгаж байна
-Ардчилсан намын гишүүний хувьд тавих асуулт байна. Өнөөдөр болох байсан ҮЗХ-ны хуралдаан хойшиллоо. Шалтгаан нь юу юм бэ?
- Хуралдаан хойшилсон, үгүй гээд хоёр мэдээлэл яваад байна. Ний нуугүй хэлэхэд сонгуульд нам ялагдана гэдэг хүнд л байдаг юм байна. Ардчилсан нам зохион байгуулалтын хувьд цэгцэрч чадаагүй байна л даа. Хуучин удирдлагууд огцрохоо мэдэгдчихсэн, шинэ нь томилогдоогүй, ҮЗХ-ны хурал нь эхлээд завсарлачихсан. Харин түүнийг цаашаа хэн, хэрхэн үргэлжлүүлэн авч явах вэ гээд сонгуульд ялагдсан намын зовлон их. Үүнийг бид нуухгүй. Гэхдээ манай нам Монголын нийгэм, эдийн засгийг нуруун дээрээ авч гарч чадсаны хувьд учраа олоод, хурлаа хийчих байх аа гэж харж байна.
-ҮЗХ-ны хурлаас яг ямар шийдвэр гарах юм бэ. Тухайлбал та ямар үр дүн хүлээж байна вэ?
- Зохион байгуулалтын олон ажил бий. Тухайлбал, намын Их хурлыг зарлачихсан. Түүнд бэлдэх ёстой. Мөн намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд маш том хөтөлбөр хэрэгжих гэж байна. Үүнд тодорхой Ажлын хэсгүүд гарна. Харин шинэчлэл Их хурлаар биеллээ олох байх.
-Таныг намын даргад нэр дэвшиж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- Намын даргад олон хүний нэрийг дэвшүүлж байна. Харин хэн болох вэ гэдгийг гишүүд л шийдэх асуудал. Намын дарга болох амбийц надад алга. Гэхдээ хэн ч хэзээ ч, энэ намынхаа үүрэг хариуцлага хүлээгээд ажиллах эрх нь бүгдэд нээлттэй.
-Тэгвэл ямар хүн Ардчилсан намыг цаашид удирдаасай гэж бодож байна вэ?
- Намын гишүүдийн дэмжлэгийг хүлээсэн л хүн байх ёстой. Мөн шинэчлэлийг хийх хөтөлбөртэй байх хэрэгтэй.
-Намын дүрэмд яг ямар өөрчлөлт орох юм бэ?
- Манай нам сонгуульд амжилтгүй оролцсоны шалтгаан нь энэ. Бид анх бий болохдоо шинэ цаг үеийн нам гэж гарч ирсэн. Гэхдээ тэр манлайллаа авч явж чадаагүй. Энэ хугацаанд хуучин намын жижиг хувилбар болоод хувирчихсан. XX зууны намын хэлбэрээр явчихсан гэсэн үг. Тиймээс цаг үетэйгээ хөл нийлүүлэх ёстой. Нам гэдэг аппарат, байшин, батлах биш шүү дээ. Зөвхөн хүмүүсийн дэмжлэг, ирээдүйг бий болгох тэмцлийг цаг үеийн нам гэнэ. Ленин хүртэл нам гэж ямар байх ёстойг харж байсан. Гэхдээ яаж ч чадахгүй коммунист намаараа л үлдсэн. Харин Ардчилсан намын хувьд коммунист сэтгэлгээнээс салж шинэ цаг үеийн ардчилсан, нээлттэй, иргэний нам байх бодлого руу орох цаг болсон. Ийм үр дүнг л хүлээж байна. Ингэж чадсан тохиолдолд ард түмний дэмжлэг ирнэ. Харин тэр шинэчлэлийг Ардчилсан нам л хийж чадна. Бусад нь бидний араас л явах байх.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй