Тэр архирна, гэхдээ хашгирахгүй
Aston Martin-ийг машин жолоодохоос таашаал авдаг, дэгжин, бас няхуур хүмүүс сонгодог
Бондын цувралын сүүлийн ангийн хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь Шанхайн шилэн барилга дээрх тулаан, Лондоны метрон дахь зугталт, Шотланд дахь сүүлчийн тулааны аль нь ч биш, Бонд Лондоны мухар гудамжинд зочилдог хэсэг байлаа. Энэ үеэр Британийн кино театруудад баярын нулимс, дур тавилтын дараах мэт гүнзгий санаа алдалт сонстож байв. Энэ хэсгийг ингэж сэтгэл хөдөлгөм болгосон хүчин зүйл нь 1964 оны Aston Martin DB байв. Голдфингер дээр анх Шон Коннери эл гайхамшгийг хөлөглөснөөс хойш хүмүүс түүнийг зөвхөн Бондын машин л гэж бодох болсон. Гэхдээ энэ бол зөвхөн Бондын бус, хүн бүрийн хүслэнт тэрэг, магадгүй британичуудын бүтээсэн хамгийн үзэсгэлэн төгөлдөр хөлөг юм.
Тэнгэрт хадсан үнэтэй Aston Martin-ий спорт седаны цувралд ховор, ер бусын хөлгүүд үргэлж байсаар ирсэн. Зуугаад жилийн дотор Aston Martin 65000 төмөр хөлөг үйлдвэрлэснээс 50000 нь сүүлийн 13 жилд хамаардаг юм. Энэ бол Савиль Роугийн (Английн тансаг хослолын урлан) хослолын авто машин дээрх хувилбар, хуучрашгүй чанар, уран хийц, шилдэг дизайн, мөн жинхэнэ англи хэв маягийн илэрхийлэл билээ. Тэдгээрийг жинхэнэ жентелменүүдэд зориулсан спорт машин гэж тодорхойлдог. Дайснаа буудахын өмнө Савиль Роугийн хослолынхоо ханцуйг янзлах Бонд ч англи жентелмений уран сайхны хувилбар билээ. Хотоос гарч, Шотландын Хайленд, эсвэл Костволтын мушгиа замуудаар давхих нь англи жентелменүүдийн төрөлхийн зуршил.
Магадгүй Aston Martin архирч мэднэ. Гэхдээ тэр хэзээ ч хашгирахгүй. Яагаад гэвэл түүнд ийм шаардлага үгүй. Aston Martin-ийг машин жолоодохоос таашаал авдаг, дэгжин, бас няхуур хүмүүс сонгодог. Тэр шинэ баячуудын хөлөглөдөг нүд өвтгөм хурц ногоон Ламборгини, канар бялзуухай шиг шав шар ферраригаас ялгаатай. Ихэнх Aston Martin хэнд ч үл анзаарагдам саарал өнгөтэй л байдаг.
Уорикширын Гейдонд уудам талбайд уран баримал мэт цэцэрлэгжүүлсэн, усан үзмийн моддоор хүрээлүүлсэн орчин үеийн загвар бүхий Aston Martin-ий төв байр буй. Хаалгаар нь ороход шилэн таазнаас тусах байгалийн гэрлээр гэрэлтүүлсэн уран зургийн галерей мэт танхим угтан авна. Харин VIP хэсэг Пол Маккартнийн унаж байсан 1960 оны DB, дэргэд нь түүнээс хүчтэй, загварлаг, орчин үеийн стандартад нийцсэн, мэдээж маш өндөр үнэтэй V12 Ванкуйшийн анхны загвар байрлана.
Хэдхэн миллиметрийн өөрчлөлт л эрс өөр үр дүнд хүргэнэ
Лионел Мартин, Роберт Бамфорд гэх хоёр инженер 1913 онд Aston Martin-ийг байгуулснаас хойш хурд ба онцгой байдал нь тус брэндийн таних тэмдэг болжээ. “Хянуур аялагчдад зориулан бүтээв” гэсэн сурталчилгаа бүхий анхны загвар нь урт саравчтай малгай мэт загвараасаа болоод “нүүрсний хувин” гэдэг хоч ч авч байв. 1920, 1930-аад онд Астон Мартин Брукленд, эсвэл францын домогт Ле Маны тойруулгад уралддаг жентелменүүдэд зориулсан хүчирхэг хөдөлгүүртэй, тансаг машин бүтээхийг гол зорилгоо болгож байлаа. Гэвч ийм зорилгыг ямагт санхүүгийн эрсдэл дагаж байдаг билээ.
Aston Martin байгуулагдсанаасаа хойш 25-хан жилийн дотор гурван ч эзний гар дамжаад авав. Гэхдээ аз болж хэн нэгэн баяны зугаа болсонгүй. Aston-ий дэлхийд танигдах үндсийг тавьсан эр бол Дэвид Браун. Тэр 1947 онд “Өндөр зэрэглэлийн моторын бизнес эзэмшигч хайж байна” гэсэн зарыг Time сэтгүүлээс олж харсан бөгөөд Aston Martin-ийг өөрийн болгоход 20500 фунт зарцуулсан юм.
Шалгарсан нисэгч Браун уралдааны морь, машин, моторт дугуйнуудтай байсан бөгөөд тракторын үйлдвэрлэл нь түүнд аз авчирчээ. Түүний эзэмшлийн дор л Aston Martin DB цувралаа бүтээсэн бөгөөд эдгээр загвар нь Aston Martin-д өнөөдрийн нэр хүндийг авчирсан юм. DB цувралын хамгийн алдартай DB5 сери 1963-1965 онд 1059 ширхэг бүтээгдэж байв. Тухайн үедээ 4000 фунтийн үнэтэй зарагдаж байсан DB5-ын боломжийн чанартайг нь авахын тулд одоо бол багаар бодоход 400 мянган фунт шаардлагатай.
1972 онд компанийг орхисноор Aston Martin хүндхэн он жилүүдтэй нүүр тулж, ахиад л эздээ хэд хэдэн удаа сольж, зарим нэг өөрчлөлтөд эгээ л дампуурчихсангүй. 1976 оны Лагонда Лакшири загварыг нь Time бүх цаг үеийн хамгийн муу 50 машины нэгээр тодруулж байв. 1992 онд Aston Martin ердөө 42 машин үйлдвэрлэсэн байдаг.
1991 онд Aston Martin-ийг Ford худалдан авснаар эл гайхалтай брэнд аврагдсан юм. Ford-ийн сая сая ам.доллар Aston Martin-д хуучны нэр хүндийг нь эгүүлэн авчирсан юм. 2007 онд Ford груп Jaguar, Lend Rover, Volvo, Aston Martin гэсэн дээд зэрэглэлийн авто машины ангилал дахь охин компаниудаа худалдсан бөгөөд өнгөрсөн жилээс Investindustrial гэх Италийн компани Aston Martin-ийг эзэмшиж байна. Кёльн бүтээгддэг хөдөлгүүрээс бусад Aston Martin-ий бүх эд анги Гейдонд хийгдэнэ. Aston-ий кузовыг VH архитектур хэмээн нэрлэх бөгөөд энэ энгийн платформ дээр тэд бүх машинаа угсардаг. VH архитектурын өргөөшөө болон урагшаа хэмжээгээ өөрчлөх чадварын ачаар Aston Martin нэг л кузов дээр хамгийн жижгээс (V8 Vantage) эхлээд хамгийн том (Four Door Rapide) машинаа ч угсардаг. 2000 онд тус кузов танилцуулагдсанаар Aston Martin нэмэлт хөрөнгө оруулалтгүйгээр загваруудаа өөрчлөн сайжруулах боломжтой болсон юм. 1990 онд ердөө л хоёрхон шинэ загвар гаргаж байсан Aston Martin өдгөө 85 мянган фунтийн үнэтэй, загварын найман сонголт бүхий V8 Vantage-аас эхлээд 190 мянган ам.долларын үнэтэй V12 Vanquish хүртэлх таван загвар үйлдвэрлэж байна.
» Лионел Мартин, Роберт Бамфорд гэх хоёр инженер 1913 онд Aston Martin-ийг байгуулснаас хойш хурд ба онцгой байдал нь тус брэндийн таних тэмдэг болжээ.
» Aston Martin 30 төрлийн өнгөний стандарттай ч хэрэв та л хүсэх юм бол тэд худалдан авах Vanquish-аа дуртай поло цамцныхаа өнгөтэй хослуулах хүслийг тань түвэггүй биелүүлнэ.
» Ноён Бондтой хамтран ажиллаж, 11 цувралд нь тоглосон нь кино урлаг дахь бүтээгдэхүүний хамгийн амжилттай сурталчилгаа болжээ.
Салвинь Роугийн хослолууд захиалгаар л бүтээгддэг шиг Aston Martin-ы машинууд ч захиалгын дагуу л хийгддэг. Ирээдүйн худалдан авагч Гейдонд ирж, авахыг хүссэн машиныхаа загвар, дотоод дизайн болон нэмэлтүүдээ сонгоно. Aston Martin 30 төрлийн өнгөний стандарттай ч хэрэв та л хүсэх юм бол тэд худалдан авах Vanquish-аа дуртай поло цамцныхаа өнгөтэй хослуулах хүслийг тань түвэггүй биелүүлнэ. Нэгэн эмэгтэй захиалагч машиныхаа суудлын бүрээсний оёдлыг дуртай уруулын будгийнхаа өнгөөр хийлгэж байсан гэдэг. Aston Martin үйлчлүүлэгчдээ үйлдвэртээ урьж, машин нь хэрхэн бүтэж буйг ч харуулна. Aston Martin дизайн хариуцсан захирал Марек Рэйчман “Бид хүч чадал, гоо үзэсгэлэн, сэтгэл зүрх гэсэн гурван үгийг эрхэмлэдэг. Гоо үзэсгэлэн бол чухал зүйл. Гэтэл өөр брэндүүд гоо үзэсгэлэнг хэзээ ч мөн чанараа болгож байгаагүй. Өнөөдрийн Астон Мартин үзэсгэлэнтэй харагддаг. Тавин жилийн дараа ч тийм л байх болов уу. Бидний зорилго бол зөв харьцаа, гайхалтай гадаргуу, мөн мэдээж гайхалтай дизайн. Бид фэйшн брэнд биш. Фэйшн зах зээлийг дагадаг. Хэрэв та хүсвэл бид хэнтэй ч зүйрлэх аргагүй от кутюрыг танд зориулан бүтээнэ” хэмээн Aston Martin-ий мөн чанарыг тодорхойлно. Reichman BMW, Ford компаниуд, Rolls-Royce Phantoms төсөл дээр ажиллаж, Range Rover-ийн сүүлийн загварыг зохион бүтээж байсан юм. Тэр 2005 онд Aston Martin-тай нэгдсэн бөгөөд тэр үеэс хойш гарсан бүх моделийг загварчилжээ.
200 мянган фунтийн үнэтэй суудлын тэрэг бүтэх үйл явц А4 цаасан дээр Reichman “бик”-ийн хар балаар зурахаас эхэлнэ. Дараа нь хар зургийг сканнер ашиглан CAD программд оруулж, цавуугаар үлгэр загвар бүтээж, динок хальсаар бүрнэ. Reichman Aston Martin-ийг урлагийн бүтээл гэж үздэг. Тэрбээр “Бид масс үйлдвэрлэл явуулдаггүй. Бидний машинууд массаар үйлдвэрлэгддэг тэрэгнүүд шиг энгийн загвартай биш. Aston Marton-д урлагийн бүтээлийн нэгэн адил сэтгэл хөдлөл шингэдэг. Үйлдвэрлэлд орохоос өмнө “Энэ бол ирээдүй” гэж хэлэгдэх обьект бүтээх хэрэгтэй” хэмээн ярина. Тэр “Алесси”-ийн данханд усаа буцалгаж, “павони”-ийн кофе чанагчид кофегоо чанаж, Марсел Бройер, эсвэл Чарльз Имзыгийн урласан сандал дээр тухалж, Генри Пулийн хослол өмсөж, Ванкуйш хөлөглөдөг. Эд зүйлсийн өгөх мэдрэмжид ихээхэн анхаардаг энэ эр алтан дунджийн тухай “Миллиметр бүр чухал. Хэдхэн миллиметрийн өөрчлөлт л эрс өөр үр дүнд хүргэнэ. Алтан дунджийг олж гэмээнэ хүн бүрийн хүслийг бадраах зүйлийг бүтээж чадна. Гоо үзэсгэлэн бол хүн болгон олж харж чадах түгээмэл зүйл” хэмээн ярина.
Aston Martin уламжлалт зар сурталчилгааг үл тоомсорлодог. Ер үүний хэрэг ч тэдэнд үгүй. Ноён Бондтой хамтран ажиллаж, 11 цувралд нь тоглосон нь кино урлаг дахь бүтээгдэхүүний хамгийн амжилттай сурталчилгаа болжээ. Reichman Aston Martin эздийг боловсон, загварлаг, амьдралаас таашаал хүртэж чаддаг хүмүүс гэж тодорхойлдог. Халаасны хэмжээний талаар ярих нь мэдээж илүүц. Цөөхөн сонголт дундаас үнэтэй машин худалдан авахыг хүссэн хүн байгаа газар л Aston Martin оршдог. “Aston-ий хамтаар Ламборгини эзэмшдэг хэн нэгэн байна гэж бодъё. Мэдээж, тэр хүн сард нэг удаа ч юм уу “Би ийм машинтай” гэж хэлэх зорилгоор Ламборгиниэ унах байх л даа. Харин өдөр бүр хэрэглэх машин нь Aston байх болно. “Өнөөдөр аль машинаа унах вэ? Жолоодоход амар болохоор Aston Martin-тайгаа гаръя” гэх мэдрэмж төрүүлэх нь л бидний зорилго” хэмээн Рэйчман ярина.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй