Цэцэрлэгүүдийн тоо нэмэгдэж байгаа ч хүүхдүүдэд хүрэлцэхгүй байна

Мэдээ

Улсын хэмжээнд Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүрэлцээ муу байгаагаас хамаарч Засгийн газраас хувийн цэцэрлэгүүдийг шинээр байгуулахыг дэмжих бодлого баримталж байна. 2016-2017 оны хичээлийн жилийн хувьд улсын хэмжээнд 235 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас Улаанбаатарт 45 орчим хувь буюу 105 орчим мянган хүүхэд байгаа талаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас мэдээллээ. Харин 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг элсүүлэх журмын дагуу Улаанбаатарт цэцэрлэгт шинээр орох 27.5 орчим мянган хүүхэд байгаа нь өмнөх оныхоос 18.1 хувиар өссөн байна. Салбарын яам хувийн цэцэрлэгүүдийг шинээр байгуулахыг дэмжиж байгаагийн дагуу зөвхөн нийслэлд 30 гаруй цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, Төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 6115 хүүхэд шинээр нэмж суралцах боломжтой болж байгаа юм.

Өмнөх жилүүдийн статистик мэдээгээр 2015-2016 онд улсын хэмжээнд Төрийн бус 462 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, тэдгээрт 28 мянга 700 хүүхэд хамрагдсан байдаг. Энэ нь нийт цэцэрлэгийн 35 хувь, нийт хүүхдүүдийн 14.2 хувьтай тэнцэж байгаа юм. Хувийн цэцэрлэгүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, 2011-2012 оны үетэй харьцуулахад гурав дахин өсөөд байгаа аж. Хэдий тийм боловч зөвхөн 2015-2016 оны хичээлийн жилд гэхэд нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 21 хувь нь цэцэрлэгт хамрагдаагүй үлдэж байжээ. Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг байгуулахдаа улсын өмчийн цэцэрлэгтэй адил сургалтын хөтөлбөр, багш боловсон хүчин, орчны шаардлагыг тавьж байгаа гэдгийг салбарын яам онцоллоо.



САНАЛ БОЛГОХ