Өнгөт ертөнцөд тавтай морил
Өнгө ялгахгүй өвчнийг эмчлэх аргагүй ч технологийн ачаар гарц олжээ
Дэлхийн 12 эрэгтэй тутмын нэг нь, 200 эмэгтэйн нэг нь өнгө ялгадаггүй өвчтэй. Өнгө ялгахгүй байх өвчин ихэвчлэн эр хромосомыг дагаж, удам дамжин тохиолдоно. Энэ өвчин дотроо олон янзын шинж тэмдэгтэй байх ч дийлэнх нь улаан болон ногоон өнгийг ялгадаггүй. Та ухаалаг гар утасныхаа камерт, эсвэл авсан зургандаа Sepia өнгийн тохиргоотой эффект оруулбал өнгө ялгадаггүй хүмүүс хорвоог хэрхэн хардгийг мэдэж болно. Сонирхуулахад, “Facebook”-ийг үндэслэгч Марк Цукерберг улаан, ногоон өнгө ялгадаггүй учир цэнхэр өнгө сонгосон байдаг.
Тэгвэл Калифорнийн Беркли дэх “EnChroma” компани өнгө ялгахгүй хүмүүст шийдэл олж өглөө. Удам дагасан өнгө ялгахгүй байх өвчнийг эмчлэх боломжгүй. Харин “EnChroma” нүдний шилийг зүүснээр та бүх өнгийг тод харж чадна.
Судлаач эрдэмтэн, доктор Дон МакФерсон 10 гаруй жилийн өмнө лазер хагалгаанд зориулсан хамгаалалтын шил хийж байжээ. Тухайн үед эмч нар түүний бүтээсэн шилийг мэс заслын өрөөнөөс хулгайлж, нарны шил болгон зүүдгийг мэдсэн аж. Тэрбээр гадаа гараад шилээ зүүж үзтэл ертөнцийн өнгө илүү тодрох нь тэр. Доктор Дон өнгө ялгаж чаддаг. Гэхдээ бүтээсэн шил нь өнгө ялгадаггүй хүмүүст тустайг найз нь хэлэхэд л мэдсэн байна. Түүний найз Фрисби тоглож байхдаа шилийг нь зүүгээд “Би улбар шар өнгө харж байна!” гэж дуу алджээ. Ногоон зүлгэн дээрх улбар шар өнгийг ялгахгүй байна гэдэг улаан, ногоон өнгийг хольдог хүмүүст элбэг тохиолдох асуудал. Ноён Дон одоо “EnChroma” компанийн ахлах эрдэмтэн. Тэрбээр “Миний зохион бүтээсэн технологи өнгө ялгадаггүй хүмүүст тустай долгионы уртыг шингээдгийг би олж мэдсэн” хэмээжээ. Тэрбээр Америкийн Үндэсний эрүүл мэндийн институтээс тэтгэлэг авч, олон жилийн турш судалгаа хийж, эл технологио хөгжүүлсэн байна. Улмаар 2010 онд “En- Chroma”-г үүсгэн байгуулжээ.
Хэрэв та түүний бүтээсэн шил үнэхээр өнгө тодруулдаг эсэхийг мэдэхийг хүсвэл “Youtube”- ээс “Trying EnChroma for the first time” гэж хайгаарай. Тэнд өнгө ялгадаггүй хүмүүс “EnChroma” шилийг анх удаа зүүж үзэж байгаа тоо томшгүй бичлэг бий. Төрөлхийн өнгө ялгадаггүй эрчүүд “EnChroma”-г анх зүүгээд л гайхаж, баярлаж, уйлж байгааг та харна. Тэдэнд энэ хорвоог байгаа өнгөөр нь харна гэдэг туйлын их аз жаргал, бэлэг ажээ. Гурван хүүхдийн эцэг “EnChroma” шилийг анх зүүгээд хүүхдүүдийнхээ нүдний өнгийг гайхан биширч байгаа нь үнэхээр сэтгэл хөдлөм.
Беркли дэх программ хөгжүүлэгч Фархан Сарешвала “EnChroma”-г анх зүүгээд “Энэ олон жилийн турш ийм үзэсгэлэнтэй зүйлээс хоцорсноо мэдэх харамсмаар юм. Гэхдээ одоо сайхан байна. Би улаан өнгөнд дурлачихсан. Улаан өнгө үнэхээр тод бас гайхамшигтай юм” гэжээ.
Харамсалтай нь энэхүү шил өнгө ялгадаггүй хүмүүсийн 80 хувьд нь л эерэг нөлөө үзүүлсэн. Үлдсэн 20 хувьд нь тэгвэл хэн багтах вэ? Ноён МакФерсон “Одоогоор тэдэнд туслах арга олоогүй л байна. Тэд бараг бүх өнгийг ялгадаггүйд асуудал оршино. Тэдэнд л туслалцаа хамгийн их хэрэгтэй” хэмээв.
“EnChroma” компани өнгө ялгадаггүй бүх хүнд зориулсан шинэ технологи боловсруулж байна. Түүнчлэн контакт линз ч бүтээхээр ажиллаж байгааг ноён МакФерсон хэллээ. Энэхүү сайн мэдээг дэлхий нийтэд түгээхийн тулд “EnChroma” L’Oreal, 1-800-Flowers болон Valspar Paint зэрэг компанитай хамтарчээ. Дон Макферсон “Нүдний эмч нар өнгө ялгахгүй байх өвчтэй хүнд туслах ямар ч арга байхгүй гэж оюутан цагаасаа л номлуулж ирсэн. Гэвч өвчтөнүүдийн зүгээс маш эерэг сэтгэгдэл ирэх болсон тул энэ ойлголт өөрчлөгдөнө гэж найдаж байна. Одоо тэд “EnChroma” шилний ач тусыг хүлээн зөвшөөрч, олон хүнд хүргэх болов уу” гэв. Энэхүү гайхалтай шилний технологи дөнгөж л эхлэл шатандаа явж байна. Цаашид олон сайн мэдээ дуулгана гэж найдаж буйгаа ч нүдний эмч нар өгүүлжээ.
Тус компани нарны болон тасалгааны 30 гаруй мянган шил борлуулаад байна. Өнгө ялгадаггүй хүмүүст зориулсан “EnChroma” шил 350 орчим ам.долларын үнэтэй бөгөөд интернэтээр захиалж болно. Үүний тулд http://enchroma.com/ shop/ хаягаас өөрт таалагдсан загварыг сонгож, төлбөрөө хийхэд л хангалттай.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй