Гашуунсухайт боомтын экспорт таван сар дараалан өслөө
Гашуунсухайт боомтын экспортын хэмжээ оны эхний долоон сарын байдлаар 5.41 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 30 орчим хувиар өссөн байна. Ингэснээр экспорт жилийн дүнгээрээ таван сар дараалан өсөлттэй гарсан болохыг “China Coal Resources” цахим хуудас мэдээлжээ. Хэдийгээр экспортын биет хэмжээ өссөн ч үнийн дүнгийн хувьд бараг өөрчлөлтгүй гарсан байна. Тухайлбал нүүрсний экспортын биет хэмжээ 30 орчим хувийн өсөлттэй байсан бол үнийн дүн нь 1.2 хувиар өсч, 214 сая ам.долларт хүрчээ. Хэдий тийм боловч үнийн дүнгийн хувьд нийт экспортод дарах жингээрээ тэргүүлсэн хэвээр байна. Нийт экспортод гарсан нүүрсний орлогын 59.4 хувийг Гашуунсухайт боомт бүрдүүлжээ.
Харьцуулбал биет дүнгээрээ экспортын 45 хувьтай тэнцэж байгаа аж. БНХАУ-ын нүүрсний импорт сэргэх хүртэл Гашуунсухайт боомтын экспортын хэмжээ 16 сар дараалан буурсан байна. Улмаар өнгөрсөн онд экспортын тэргүүллээ Шивээхүрэн боомтод алджээ. Үүнд дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Шивээхүрэн боомтын хувьд даацын автозам ашиглалтад оруулснаар экспортын хэмжээ нь өссөн бол Гашуунсухайт боомтынх буурч байжээ. Гашуунсухайт боомтоор экспортод гарч буй нүүрсний 80 орчим хувийг “Эрдэнэс Таван Толгой” компани гаргаж байгаа бөгөөд одоо зөвхөн “Chalco”-ийн өрөнд нүүрс өгдөг зүүн Цанхид олборлолт явуулж байгаа юм.
Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газар нүүрсний олборлолтоо бууруулах бодлого баримтлах болсны дараа импорт нь нэмэгдээд байна. Сүүлд гарсан мэдээллийг харвал Өвөр Монгол 2020 он хүртэл нийт 65 уурхай хаахаар төлөвлөж байгаа төдийгүй үлдсэн уурхайнууддаа гарцаа 16 хувиар багасгах үүрэг өгчээ. Ингэснээр олборлолт нь 54 сая тонноор буурна гэж тооцоолсон байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар олборлолт нь 10 хувиар буурчээ. Гэхдээ БНХАУ-ын Засгийн газар зөвхөн нүүрсний олборлолтоо бууруулаад зогсохгүй гангийн үйлдвэрлэлээ хязгаарлаж байгаа аж. Энэхүү бодлогын хүрээнд Өвөр Монгол 2013 оны аравдугаар сараас хойш нэг ч шинэ гангийн үйлдвэрийн зөвшөөрөл олгоогүй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй