Энэ зуны хамгийн том бүтэлгүйтэл
Кино урлагийн түүхэнд 11 “Оскар” хүртэж аварга амжилт тогтоосон 1959 оны “Бен Гур” (Ben Hur) киноны римейк буюу шинэчлэгдсэн хувилбар гарлаа. Найруулагч Тимур Бекмамбетовын энэ жилийн гол бүтээл болж байгаа уг киноны зардал 100 сая ам.доллар. Уг киноны гол дүрүүдэд Жек Хьюстон, Тобби Кеббел зэрэг харьцангуй “жижиг” одод тоглосон ч туслах дүрүүдийн нэгэнд хоёр удаагийн Оскарын шагналт Морган Фримэн багтаж байна.
Манай эриний 14-р он. Ромын эзэнт гүрэн шинэ шинэ газар нутгийг эзлэн тэлсээр. Бурхны хүү мэндэлсэн тухай яриа дэгдээд буй чухам тэрхүү нутаг орны нэр хүндтэй баян эрхэм Бен Гур хэдийнэ Ромын жанжин болсон хүүхэд ахуй үеийн анд Мессалтай учирна. Үй зайгүй анд хоёр үзэл бодлын ялгаанаас болж түнжин хагарснаар Бен Гур боол болж, эх, охин дүү нь шоронд орно. Боолын амьдралаар олон жил өнгөрөөсөн Бен Гур эцэст нь иудейн эх орондоо эргэн ирж өс авах цаг ирнэ.
Лью Уоллесын зохиолоос сэдэвлэсэн Холливудын шилдэг бүтээл, блокбастерыг дахин амилуулах нь найруулагч Тимур Бекмамбетовын хувьд хүнд даваа. Чухам ийм ч учраас шүүмжлэгчдийн зүгээс сайн, муу үнэлгээний аль алийг авсан шинэ хувилбар АНУ-ын зах зээлд амжилт муутай байна. Paramount, Metro-Goldwyn Meyer- ийн студид зургийг нь авсан шинэ бүтээл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зах зээлээс 11 сая ам.долларын орлого олж тавдугаарт бичигдсэн нь тааруу үзүүлэлт хэмээн шүүмжлэгчид дүгнэв. Дээрх компаниуд уг киног олон улсын зах зээл дээр гаргах тохиолдолд ядаж сурталчилгааны зардлаа нөхөж дөнгөх болов уу хэмээн найдаж байна. Анхны эх хувилбар нь нэг төрлийн культ бүтээл болж хувирсан эх орон-АНУ-ын хувьд Бекмамбетовын римейк бараг сүйрэл боллоо хэмээн тайлбарлах нэгэн ч цөөнгүй гарав.
“Бен Гур” нь Казахстан, ОХУ-ын найруулагч Тимур Бекмамбетовын хувьд Холливудад бүтээж буй гурав дахь кино нь. Өмнөх хоёр бүтээл болох “Wanted”, “Abraham Lincoln: Vampire Hunter” нь дэлхийн зах зээлээс нийт 500 сая ам.долларын ашиг олж байжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй