Хатуу эцэг, эх худалч хүүхэд өсгөдөг
Мэдээ
Хүн бүхэн л худлаа ярьдаг. Энэ нь цэцэрлэгт явж эхлэх үеэс буюу ухаан санаа нь биет хүн болж төлөвших үеэс эхлэлтэй. Хүүхэд худлаа ярих шалтгаан нь харилцан адилгүй байна. Үеийнхэндээ сайрхах, тэднийг дуурайх, сайн хүн болж харагдах гэхчлэн. Ийм тохиолдолд худлаа ярьсан шалтгааныг нь лавлаж, тайлбарыг нь тэвчээртэй сонсох хэрэгтэйг хүүхдийн сэтгэлзүйчид зөвлөдөг. Гэхдээ буруу хэрэг хийснийхээ төлөө худлаа ярьдаг хүүхдүүд ялгаатай ажээ. Та чанга, хахир эцэг, эх үү? Эсвэл илүү чөлөөт, хараат бус байдлыг эрхэмлэгч нэгэн үү? Хэрэв та хуучныг баримтлагч, хатуу аав, ээж бол шинжлэх ухаан танд таагүй мэдээ дуулгах нь. Таны чанд дэг журам хүүхдийг тань худалч нэгэн болгож байна. МакГилийн их сургуулийн хүүхдийн нийгмийн танин мэдэхүйн хөгжил судлаач Викториа Тальвар хатуу эцэг, эхтэй хүүхдүүд хууран мэхлэх чадварыг гаргууд эзэмшдэгийг олж мэджээ. Энэ нь хүүхдийн өөрийгөө хамгаалах байгалийн заяагдмал чанар агаад алдааныхаа төлөө шийтгүүлэхээс айж, худал хэлдэг аж.
Энэ талаарх доктор Тальвар болон түүний багийн хийсэн “Peeping game” судалгааг сэтгэлзүйч Филиппа Перри “BBC Радио-4”-д тайлбарлав. Тэд Баруун Африкийн чанга дэглэмтэй нэг, илүү чөлөөтэй нэг сургуулийн сурагчдыг судалгаандаа хамруулсан байна. Эрдэмтэд сурагчдын ард эд зүйлс дуугаргаж, харахгүйгээр юу гэдгийг нь таалгасан. Тэдгээр эд зүйлсээс нэг нь тун өвөрмөц, таахын аргагүй дуу гаргадаг. Түүнийг дуугарах үед ажиглагч өрөөг орхиж гарахад ихэнх хүүхэд эргэж харжээ. Ажиглагч эцэст нь хүүхдүүдээс харсан эсэхийг нь асуухад илүү чөлөөтэй сургуулийн хүүхдүүдийн харсан нь үнэнээ хэлж, зарим нь огт хараагүй аж.
Харин чанга дэглэмтэй сургуулийн сурагчид эд зүйлийг харсан ч маш түргэн хугацаанд, үнэмшилтэйгээр худал үг зохиож хэлсэн байна. Барууны ихэнх оронд ч энэ төрлийн судалгаа явуулахад үр дүн нь адилхан гарчээ. Эцэст нь хүүхдэд худал хэлэх дадлыг зөвхөн эцэг, эх биш багш нар ч суулгадгийг эрдэмтэд, сэтгэлзүйч нар онцоллоо.
Хүүхдийг буруу хэрэг хийснийх нь төлөө загнаж, шийтгэж болно. Гэхдээ дараа нь хүүхдээ ямар ч алдаа гаргасан бай хайрлана гэдгээ хэлж занших нь чухал гэв.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй