БСШУСЯ: Их, дээд сургуулийн кредит цагийн үнэлгээг өсгөхгүй бодлого баримтална

Мэдээ

Монгол Улсын хэмжээнд Их, дээд сургууль, коллежийн тоо 100-д хүрсэн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ. Эдгээрээс төрийн өмчийн 16, төрийн бус өмчийн 79 харин гадаадын их сургуулийн салбар таван сургууль байна. Харин 63 нь магадлан итгэмжлэгдсэн гэж салбарын яамнаас мэдээлсэн. Их, дээд сургууль, коллежийн 91 нь Улаанбаатар хотод ес нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Шинэ хичээлийн жилийн хувьд их, дээд сургуулиуд өмнөх 2015-2016 оны хичээлийн жилд барьж байсан нэг кредит цагийн үнэлгээг хэвээр нь мөрдөх бодлого баримтлах юм байна. Тодруулбал Төрийн өмчит их, дээд сургуулиудын захирал болон Хувийн их, дээд сургуулиудын холбооны удирдлагатай энэ сарын сүүлээр уулзаж төлбөрийн асуудлаар тодорхой байр сууринд нэгдсэн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл их, дээд сургуулийн үндсэн төлбөр нэмэгдэхгүй харин тухайн хичээлийн кредит цагаас хамаарч сургалтын төлбөр нь харилцан адилгүй байх аж.

Монгол Улсад боловсролын тогтолцоо нь хоорондоо уялдаатай, шаталсан, чадамжид суурилсан байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгааг салбарын яамнаас онцолж байгаа юм. Харин боловсролын салбар дахь дэлхий нийтийн хөгжлийн чиг, хандлага томоохон сорилтуудыг тулгаж байгааг Хувийн их, дээд сургуулиудын холбооноос дурдсан. Боловсролын байгууллагын зах зээл дэх өрсөлдөөн нь харилцан суралцаж, хамтран ажиллаж, түншлэх хэлбэртэй байх ёстой гэж Санхүү эдийн засгийн их сургуулийн захирал Д.Батжаргал Блумбергт өгсөн ярилцлагадаа онцолсон. Тус сургуулийн хувьд ухаалаг цахим сургалтыг хямд үнээр хүргэхийг зорьж энэ талбарыг ашиглах эрхээ авчээ. Ингэснээр Европын холбооны их сургуулиудын сүлжээтэй хамтарч, цахим сургалтыг Ази тивийн хэмжээнд нэвтрүүлэх боломжтой юм байна. 



САНАЛ БОЛГОХ