Монголын эдийн засагт өргөн боломж, эерэг өгөгдөл бий
Хүндэрлээ, хямарлаа гэсээр байтал иргэдийн итгэл бөхөж байна
Санхүү, эдийн засгийн их сургуулийн захирал, доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа. Эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даван туулахад иргэдийн итгэл найдвар, эерэг хүлээлт чухал болохыг тэрбээр онцлов.
-Цаг үеийн асуудлаар ярилцъя. Монголбанк мөнгөний бодлогоо улам хумилаа. Энэ шийдвэр макро эдийн засаг, бизнес эрхлэлтэд хэрхэн нөлөөлөх вэ?
- Төв банкны бодлогын хүүгээс хамаарч зээлийн хүү тогтдог. Зээлийн хүү өсөхөөр санхүүгийн зардал өсөж, санхүүжилт авах бизнес эрхлэгчдийн тоо цөөрнө. Ингэснээр эдийн засгийн идэвхжил эрс саарна. Дээрээс нь Монголын эдийн засгийн идэвх өвөлд саардаг. Тэгэхээр хүйтний улиралд “царцдаг” эдийн засаг улам л “хөлдөнө” гэсэн үг. Мөнгөний бодлогын хүүгийн нөлөө хагас жилийн дараагаас бодитой мэдрэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн шийдвэрийн үр дүн ирэх хавраас илэрнэ гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн идэвхжил ирэх хавар саарч магадгүй. Хавар сэргээгүй эдийн засаг зун тэлэхгүй. Энэ байдлаар ирэх онд ч сайнгүй байх нь.
-Төв банкны бодлого хаашаа чиглэж байх ёстой вэ. Валютын ханшийг тогтооход уу, эсвэл эдийн засгийн өсөлтийг дэмжихэд үү?
- Хуульд зааснаар, Монголбанк төгрөгийн хөрвөх чадварыг хадгалж байх учиртай. Гэтэл төгрөгийн худалдан авах чадвар нь барааны үнийн өсөлт болон валютын ханшаас хамаардаг. Өөрөөр хэлбэл, хоёр хүчин зүйлээс шууд хамааралтай. Гэтэл энэ хоёрын яг алийг голлон баримтлахыг нарийн тусгаагүй.
Уг нь төгрөгийн худалдан авах чадварыг хадгалахын тулд инфляцийг тогтвортой түвшинд барих ёстой. Төв банкны бодлого инфляцид чиглэх учиртай. Гэтэл манай эдийн засгийн бүтэц өөрөө өрөөсгөл. Гажиг бүтэцтэй. Валютын ханш чангарахаар бараа, үйлчилгээний үнэ өсчихдөг. Учир нь монголчууд өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хилийн чанадад борлуулж сураагүй. Гаднын бараа, бүтээгдэхүүнийг авчраад борлуулаад сурчихсан. Ийм эдийн засагтай учраас валютын ханшаас хэт хамааралтай байна.
Тиймээс дотоодын түүхий эдээр Монголд төдийгүй дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, түүнийгээ борлуулдаг болох хэрэгтэй. Зөвхөн материаллаг зүйл биш. Бүх төрлийн үйлчилгээ ч энд багтана. Энэ чиглэлийн салбарыг тууштай дэмжих нь зүйтэй. Ингэж чадвал валютын ханшийн хамаарал эрс багасна. Аль болох олон хүнд борлуулах тусам орлого тэлнэ. Энэ хэрээр эдийн засаг сэргэнэ. Тэгэхээр энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй болов уу.
» Хүндрэлээс гарах зөв арга замыг эрэх бус зөвхөн буруутныг л хайгаад байна.
» Хүн бүр бүтээхийн хүслээр жигүүрлэвэл эдийн засаг сэргэнэ.
» Ард иргэдээ өөдрөг сэтгэлтэй болго. Тэгээд хийж, бүтээх боломж олго.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
- Ерөнхийдөө нөхцөл байдал хүнд байна. Гэвч энэ байдлаас гарах зөв арга замыг эрж, хайхгүй байна. Зөвхөн буруутныг л өнөөдөр хайгаад байна. Хэн нэгэн, эсвэл аль нэг Засгийн газрыг буруутгахаас хэтрэхгүй. Гэтэл иргэд, бизнес эрхлэгчдийн байдал сайнгүй. Хүндэрлээ, хямарлаа гэсээр байтал тэдний итгэл ч бөхөж байна. Хонгилын үзүүрт гэрэл харагдахаа ч болилоо. Ийм сөрөг хүлээлтийг Монгол төдийгүй дэлхий даяар түгээж байна. Эдийн засгийн хөгжил нь угтаа өөдрөг хүлээлтээс бий болдог. Гэтэл төр өөрөө Монголын эдийн засаг элгээрээ хэвтлээ, хасна, танана, цомхотгоно, татвар нэмнэ гээд байхаар ямар хүлээлт бий болох билээ. Монголын төр ийм хүлцэнгүй, дорой байж болох уу.
Хүнд нөхцөл байдлыг хүн бүр тэсэж гарах учиртай. Түүнийг даван туулах итгэл найдвар, сэтгэлийн тэнхээг иргэдэд төрүүлэх нь чухал. Түүнээс биш тэдний хонгилын үзүүр дэх гэрлийг бөхөөж болохгүй. Эдийн засаг гэдэг бол хийж, бүтээх, сайхан амьдрах хүсэлтэй хүмүүсийн нэгдэл. Хүн бүр бүтээхийн хүслээр жигүүрлэвэл эдийн засаг сэргэнэ.
Эдийн засгийн хямрал, сүйрэл нь нийтийг хамарсан байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, дайн, тулаан болоход тохиолддог. Гэтэл азаар тийм юм болоогүй. Монголын эдийн засагт өргөн боломж, эерэг өгөгдөл бий. Гагцхүү түүнийгээ л олж харж чадахгүй байна. Бас дэлхий ертөнцөөр дүүрэн шинэ боломж байгаа. Энэ боломжуудыг нээн илрүүлэх нь чухал. Хүн бүр боломж эрэлхийлж, түүнийгээ ашиглаад эхэлбэл эдийн засаг тэр даруй сэргэнэ.
-Тэгвэл богино хугацаанд нөхцөл байдлыг намжаах ямар арга байна вэ?
- Ард иргэдээ өөдрөг сэтгэлтэй болго л доо. Хийж, бүтээх боломж олго. 20 мянган хүнийг ажлаас нь цомхотгоно гэхээр хүмүүс яаж өөдрөг байх вэ. Иргэд бие биедээ итгэхээ болино. Эдийн засгийг тэтгэгч итгэлцэл эвдэрнэ. Итгэлцэл байгаа цагт хүмүүс бие биенээ дэмжинэ. Ингэснээр бизнес нь өргөжиж, эдийн засгаа ч босгоно. Бас итгэл найдвар нь эерэг хүлээлт бий болгодог. Улмаар эерэг хүлээлт нь иргэдийг өөдрөг үзэл, өгөөмөр сэтгэлтэй болгодог. Өөдрөг сэтгэлтэй хүмүүс л шинэ боломж эрэлхийлнэ.
Хасна, танана гэхийн оронд яагаад шударга ёсыг сахина, хийж, бүтээх хүсэлтэй хүмүүсийг дэмжинэ гэж мэдэгдэж болохгүй гэж. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хэвийн байна. Та бүхэн илүү хичээх хэрэгтэй, бид дэмжинэ. Ийм мессеж түгээх, эерэг хүлээлт, итгэл найдвар төрүүлэх нь чухал байна.
-Монголын эдийн засгийн сэргэх үе хэзээ вэ?
- Ийм гутранги, харанхуй байдлаар бол Монголын эдийн засаг лав ойрын хугацаанд сэргэхгүй. Ирэх онд ч сэргэх төлөв ажиглагдахгүй байна. Манай эдийн засаг өвөлд “унтчихдаг”. Хавар сэргэдэг. Гэтэл ирэх хавар сэргэх боломж олгохгүй байна. Дахин хэлье. Монголын эдийн засагт өөрөө өөрийгөө аваад явчих хэмжээний дотоод нөөц, өгөгдөл бий. Мэдээж, нэг тэрбум гаруй хүнтэй БНХАУ, 150 гаруй сая хүн амтай ОХУ-ын эдийн засгийг гүйцэхгүй л дээ. Тэр улсуудын эдийн засаг орос, хятадууддаа зориулагдсан. Монголынх бол гурван сая хүндээ тохирсон эдийн засаг. Гол нь дотоод нөөцөө илрүүлэх хэрэгтэй. Манай эдийн засгийн өгөгдөл, нөөц бидэнд хангалттай.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй