Олон улсын үнэлгээнд амжилттай хамрагджээ

Ярилцлага

ISO тогтолцоог Монголд 80 гаруй байгууллага нэвтрүүлсэн

Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-ын мэргэжлийн шинжээчид манай улсын итгэмжлэлийн тогтолцоог үнэллээ. Ингэснээр манай улс PAC-ын гэрээнд нэгдэх боломж бүрдэж, Монголын тохирлын гэрчилгээ гишүүн 25 оронд хүлээн зөвшөөрөгдөх аж.

Мөн Стандартчилал, хэмжил зүйн газрын сорилтын лабораториудын үр дүнг Ази, Номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага болох APLAC хүлээн зөвшөөрч, зургадугаар сард сунгалт хийлгэжээ. Манай улсын үнэлгээний тогтолцоо цогцоороо олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үйл явц арванхоёрдугаар сард болох PAC-ын үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэн, албажих юм байна.

Энэтхэг, Япон, Хятад, Тайланд, Шри Ланкын төлөөллөөс бүрдсэн олон улсын мэргэжлийн шинжээчдийн шалгалтын талаар СХЗГ-ын дарга Г.Гантөмөрөөс зарим зүйлсийг тодрууллаа.

-Олон улсын экспертийн баг ямар ач холбогдолтой шалгалт явуулсан бэ?

- Дэлхийн эдийн засгийн 60 орчим хувийг бүрдүүлдэг Номхон далайн орнуудын итгэмжлэлийн байгууллагын шалгалтад бид анх удаа хамрагдлаа. PAC-ын гишүүн орнууд баталгаажилтын үр дүнгээ харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд элсэхийн тулд ижил түвшний үнэлгээ хийдэг байх учиртай. Тиймээс энэ шалгалтын гол зорилго нь манай итгэмжлэлийн байгууллагыг олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхийг дүгнэсэн. PAC-ын гишүүн орнууд манай тохирлын болон итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөх, худалдааны саад тотгорыг арилгах, ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой болж байна.

-Итгэмжлэлийн хамрах хүрээнд ямар салбаруудыг шалгасан бэ?

- Манай тал гурван чиглэлд шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу манай улсын ISO 9001 буюу олон улсын чанарын удирдлагын тогтолцооны итгэмжлэл олгодог байгууллагуудын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрлөө. Мөн байгаль орчны менежментийн ISO 14000, хүнсний аюулгүй байдлын ISO 22000 тогтолцооны итгэмжлэл олон улс хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, өмнөд, хойд хөршид манай улс мах экспортлоход 22 мянган стандарт хангах шаардлага тавьдаг. Энэ үнэлгээг бусад 25 орон хүлээн зөвшөөрөх боломж бүрдлээ. Үнээс гадна бүх төрлийн барилгын материал, бараа бүтээгдэхүүнд олгож буй гэрчилгээ энэ стандартаар давхар хүлээн зөвшөөрөгдөх юм.


-Манай үйлдвэрлэгчид үүний бодит үр дүнг хэзээнээс хүртэх боломжтой вэ?

- Нэг сарын хугацаанд манай талаас шинжээчдийн багийн гаргасан зөвлөмжийн дагуу засаж залруулах шаардлагатай ажлуудыг хийж, үнэлгээтэй холбогдох материалуудыг бүрдүүлж, дүгнэлттэй хамт PAC-д хүргүүлнэ. Улмаар ирэх арванхоёрдугаар сард болох PAC-ын хурлаар баталгаажина гэж ойлгож байгаа.

-Манай баталгаажилтын тогтолцоо ер нь PAC-ынхаас хэр зөрүүтэй байсан бэ?
- Баталгаажилтын тогтолцоо нь өөрөө өндөр хөгжилтэй орнуудын жишиг учир бидэнд хэлний саад бэрхшээлээс эхлээд ойлголтын бага сага зөрүү байсан. Тухайлбал, магадлан итгэмжлэлийн хугацааг хоёр биш нэг жилээр олгох зэрэг зөвлөмж өгсөн.

-Манай итгэмжлэлийн тогтолцоонд ямар тулгамдсан асуудал байдаг вэ?

- ISO бол сайн дурын менежментийн тогтолцоо юм. Тиймээс үр дүнтэй байх эсэх нь байгууллагуудын идэвх, санаачлагаас л хамаарна. Харин манайд өндөр чадавхитай, нарийн мэргэжлийн сургагч нар дутагдалтай байна. Тиймээс энэ чиглэлд зөвлөгөө өгдөг, консалтинг орчныг сайжруулахыг олон улсын мэргэжилтнүүд зөвлөсөн.

-Монголд эдгээр олон улсын стандартыг хангасан, нэвтрүүлсэн хэчнээн байгууллага байдаг бол?

- Хувийн хэвшлийнх бол 50 гаруй бий. Төрийнх нь арай цөөхөн 30 орчим байдаг. PAC-ын үнэлгээний эцсийн шийдвэр биднийг дэмжиж гарвал Монгол улсын үнэлгээний стандарт олон улсын түвшинд хүрлээ гэсэн үг. Монголд бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр үнэлгээ явуулсан PAC-ын үнэлгээний багийн мэргэжилтэн С.Рави Шанкараас шалгалттай холбоотой нэмэлт тайлбар авлаа.

-Шалгалтын явцад Монголын ISO стандартууын хэрэгжилтэд тулгарч буй нийтлэг бэрхшээл нь юу байсан бэ?

- Ер нь PAC –ын үнэлгээнд тохиолддог гол бэрхшээл гэвэл улс орон бүр соёл, ёс заншил, аж үйлдвэржилт, хөгжлийн түвшин, зах зээлийн тогтолцоогоороо харилцан адилгүй байдаг мөртлөө нэг стандарт мөрдөнө гэдэг хэцүү. Гэхдээ Монгол улсын Итгэмжлэлийн байгууллагын хувьд ISO 17011 /Итгэмжлэлийн байгууллагад тавигдах шаардлага/-ыг маш богино хугацаанд тун шаргуу ажиллаж нэвтрүүлсэн нь сайшаалтай хэрэг. Ихэнх орны хувьд эхлээд Чанарын удирдлагын тогтолцоо, Байгаль орчны удирдлагын тогтолцоо гээд нэг нэгээр нь нэвтрүүлдэг. Харин Монгол улс нэг зэрэг эдгээр стандартыг авч хэрэгжүүлж байгаа нь үнэхээр их шаргуу ажилласаны үр дүн юм. Гэвч нэг асуудал үүсэж байгаа нь нэг хүнд хэт олон ажил ноогдож байна. Нэг үгээр хэлбэл хүний нөөц дутмаг, хангалттай тооны мэргэжилтнүүд байхгүй байна гэсэн үг. -Энэ удаагийн шалгалтаар Монголын СХЗГ-т өгсөн гол зөвлөмж нь юу вэ? - Энэ бол одоохондоо нууц. Бидний хийсэн үнэлгээг PAC-ын нарийн бичгийн дарга нар баталгаажуулсны дараа тодорхой болно. -Монголд хэрэгжиж буй олон улсын стандарт PAC-ын гишүүн орнуудын жишиг түвшинд хэрэгжиж байна уу? - Тун түвэгтэй асуулт байна. Учир нь зарим улс орон энэхүү стандартыг 20 жил хэрэгжүүлсэн байхад зарим нь 2,3- хан жил хэрэгжүүлсэн байх жишээтэй. Гэхдээ PAC-ын үнэлгээнд орж байна гэдэг өөрөө стандартын шаардлага хангагдсан байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Монгол улсын Итгэмжлэлийн байгууллага ISO 17011 стандартыг хангаж чадсан гэсэн үг. Нэмж хэлэхэд PAC-ын хурал жилд нэг удаа болдог бөгөөд ирэх зургадугаар сард болох хуралд Монгол улс PAC-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурна гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү гарын үсэг зурснаар Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдөж үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хилийн чанадад гаргахад давтан баталгаажуулалтаар орох шаардлагагүй болж, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдэх олон давуу талуудыг авчирна.

САНАЛ БОЛГОХ