Л.Амарзаяа: Цэцэрлэгийн хүртээмжийг 81.5 хувьд хүргэсэн

Ярилцлага

Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг 81.5 хувь болгож өсгөлөө

Хичээлийн шинэ жил эхлэхэд ганцхан хоног дутуу байна. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяатай ярилцлаа.

-Сургууль, цэцэрлэгийн бүртгэл дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн боллоо. Энэ хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэрхэн нэмэгдсэн бэ?

- 2016-2017 оны хичээлийн жил эхэлж байна. Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 32 цэцэрлэг, төрийн өмчийн бус 36 буюу нийт 68 цэцэрлэгт 12 мянган хүүхэд авахаар бэлтгэл ажил хангасан. Өнөөдрийн байдлаар бүртгэлийн нэгдсэн дүн гараагүй байна. Харин төрийн өмчийн 26, төрийн өмчийн бус 24 буюу ерөнхий боловсролын нийт 50 сургуульд 36400 хүүхэд суралцана. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр дүүргийн хэмжээнд сүүлийн гурван жил маш идэвхтэй ажиллалаа. Тухайлбал, дүүргийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн боловсролын газартай хамтран 2012-2016 оны хугацаанд 16 цэцэрлэгийг шинээр барьж, ашиглалтад оруулсан байна. Зөвхөн 2016 онд гурван цэцэрлэг шинээр ашиглалтад оруулсан.

Тодруулбал, нэгдүгээр хороо буюу дөчин мянгатад байрлалтай улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ор бүхий өргөтгөлийн ажлыг хийж дуусгасан. Мөн долдугаар хороо буюу 11 дүгээр хороололд байрлалтай 135 дугаар цэцэрлэгт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 300 хүүхдийн ор бүхий өргөтгөлийн ажлыг хийсэн. Түүнчлэн 18 дугаар хороо буюу Бэлхэд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын санхүүжилтээр 100 хүүхдийн суудалтай цэцэрлэгийг барьж дуусгаад байна. Үүнээс гадна 13 дугаар хороо буюу 32-ын тойрог орчимд 75 хүүхдийн ортой цэцэрлэг барьж байна. Дээр дурдсан цэцэрлэгүүд 500-600 орчим хүүхэд хамрагдах боломжтой болсон.

» Тухайлбал, Сүхбаатарын дүүргийн 2, 5, 9, 12,19 дүгээр хороонд цэцэрлэг байхгүй.

» 13 дугаар хороо буюу 32-ын тойрог орчимд 75 хүүхдийн ортой цэцэрлэг барьж байна.

» Шинэ сургууль барих талаар ярих боломжгүй байна.

» Нийслэлийн боловсролын газартай хамтран 2012-2016 оны хугацаанд 16 цэцэрлэгийг шинээр барьж, ашиглалтад оруулсан байна.

-Сүхбаатарын дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны хэчнээн хүүхэд амьдардаг вэ. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?

- Хэдийгээр цэцэрлэгийн бүртгэл дууссан ч урьдчилсан дүн хараахан гараагүй байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 14500 орчим цэцэрлэгийн насны хүүхэд амьдарч байгаагаас 81.5 хувь буюу 11460 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бүрэн боломжтой болсон. Сүүлийн дөрвөн жилд хийсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнд 50 орчим хувьтай байсан цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг 81.5 хувь болгож өсгөлөө. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн төсөвлөсөн тооноос бодит байдал дээр 1.5 дахин их хүүхдийг нөөц бололцоогоо ашиглан цэцэрлэгт хамруулдаг. Гэхдээ огт цэцэрлэггүй хороо ч байна. Тухайлбал, Сүхбаатарын дүүргийн 2, 5, 9, 12,19 дүгээр хороонд цэцэрлэг байхгүй.

-Бусад дүүрэгтэй харьцуулахад цэцэрлэгийн хүртээмж өндөр гэж ойлгох уу?

- Тэгж ойлгож болно. Бид энэ жил дүүргийн цэцэрлэгийн хүртээмжийг 85-90 хувь болгох зорилт тавин ажиллаж байна. Хүн амын шилжилт суурьшил, өсөлт тасралтгүй явагдаж байхад цэцэрлэгийн хүртээмжийн түвшинг 100 хувьд хүргэнэ гэдэг боломжгүй асуудал. Гэсэн ч нэг хүүхдийг ч болов цэцэрлэгт нэмж хамруулахын төлөө бид ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, хувийн цэцэрлэгийг ч бүрэн дүүрэн дэмжиж ажилладаг. Эрүүл ахуйн шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахыг хүссэн төрийн өмчийн бус цэцэрлэгүүдэд дүүргийн зүгээс дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллаж байна.

-Цэцэрлэгийн хүртээмжийг 90 хувьд хүргэхэд нэмж хэчнээн цэцэрлэг барих шаардлагатай вэ?

- Өнөөдрийн байдлаар таван цэцэрлэг барих зураг төсөл, тооцоо явж байна. Цэцэрлэг барихад дүүргийн хувьд ганц бэрхшээлтэй асуудал бий. Энэ нь газрын асуудал. Маш шигүү төлөвлөлттэйгээр газар өмчлөл явагдсан байдаг тул нэмэлт зардлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага гардаг.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийн хүрээнд хэчнээн хүүхдийг уг үйлчилгээнд хамруулах вэ?

- Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн дүн ирээгүй байна. Ерөнхийдөө манай дүүргийн хэмжээнд 20-30 нэгж дээр уг үйлчилгээ явагдана. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долдугаар сард сургалтад хамруулж, гэрчилгээ олгосон. Нэмэлт хүсэлтүүд ч ирсээр байна. Хуваарь гарах үед илүү тодорхой болох болов уу. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхдүүдийн асуудлыг шинэ хуулийн зохицуулалтаар ийнхүү шийдвэрлэж өгсөн нь зөв зүйтэй нөхцөлийг бүрдүүллээ гэж бодож байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийн асуудал ямар байгаа вэ. Энэ хичээлийн жилд шинээр сургууль ашиглалтад орох уу?

- Сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жилд зургаан сургуулийн байрыг ашиглалтад оруулсан. Үүнээс дөрвөн сургуульд өргөтгөлийн ажлыг хийж, хоёр сургуулийн барилгыг шинээр барилаа. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг байсныг зогсоосон. Ерөнхийдөө хүүхдүүдийн сурах орчин нөхцөл сайжирснаас гадна бага ангид хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Харин улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор шинэ сургууль барих талаар ярих боломжгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар Бэлхэд байрлах 71 дүгээр сургуулийн биеийн тамирын заалны асуудлыг шийдвэрлэсэн. Одоогоор барилгын ажил ид өрнөж байна.


САНАЛ БОЛГОХ