Ангараг дээр өнгөрүүлсэн нэг жил
Тэд сансар огторгуйд жинхэнэ даалгавраа биелүүлнэ, энэ бол зөвхөн эхлэл
Шейна Гиффорд улаан шороо атгаж аваад гүн гэгч нь үнэрлэлээ. “Гэр минь болсон эх дэлхийгээс илүү сайхан газар хаа ч үгүй” гэж тэрбээр уулгалав. Физикч, сэтгүүлч мэргэжилтэй Гиффорд “Ангараг дээрх нэг жил” хөтөлбөрт багтсан нэгэн. Гэхдээ тэд жинхэнэ Ангараг дээр биш, АНУ-ын Хавай дахь дуураймал баазад нэг жилийг өнгөрүүлжээ. Гиффорд туршилтын багийн таван нөхрийн хамт Мауна-Лоа галт уулын 2500 метрийн өндөр энгэрт байх хоёр давхар баазад байрласан.
Туршилтын багийнхан анх өнгөрсөн оны наймдугаар сарын 28-нд Дэлхий дээрх Ангараг руу ороод 365 өдрийн дараа гарч ирлээ. Энэ хугацаанд тэд ойр дотнын хүмүүстэйгээ холбоо бариагүй, зөвхөн бие биеэ л харж, таньж өнгөрүүлсэн. Энэ хугацаанд эх дэлхий юугаар ч солимгүй үнэ цэнэтэй, дахин давтагдашгүй болохыг тэд ойлгожээ.
Энэ удаагийн туршилт хамгийн урт үргэлжилсэн. Өмнөх удаад НАСА агентлаг Мауна дахь Хавайн их сургуулийн баазад мэргэжилтнүүдээ найман сарын хугацаанд байлгасан аж. Дараагийн ажиллагаа 2017 болон 2018 онд мөн найман сар үргэлжлэх юм.
Тэдний амьдрах бааз нарны цэнэгээс цахилгаан эх үүсвэр авдаг агаад тав тухтайг National Geographic-т дурджээ.
Жорлонд бие засахад түүнийг нь бордоо болгодог, хөлдөөсөн борц, эм тангийн хангамж багийнхны сэтгэлд нийцсэн байна. Тэд баазын гадна байгаа хүмүүстэй 20 минут холбогдох эрхтэй, шүүгээ шиг хэмжээ бүхий ганцаараа байх цэгтэй. Чөлөөт цагаараа салса бүжиглэж, “Yahtzee” хэмээх нүүдэлт тоглоом тоглож байжээ. Хэт уйдахгүй байх үүднээс укулеле хөгжим, Kindle авч орохыг хяналтын багаас зөвшөөрсөн юм.
Ангараг дээр ус, агаар үгүй. Хөрс нь хортой. Гэвч нисгэгчид сэтгэлийн бэлтгэлтэй байвал тэсэж чадна
Энэхүү бааз Ангарагтай бүрэн адилгүй. Ганц жишээ дурдахад л татах хүч нь өөр. Гэхдээ иймэрхүү ажиллагаа сансарт хөөрөх багийнхныг илүү дотно болгож, бие биедээ итгэх итгэлийг нэмэгдүүлдэг ач тустай. Үүнийг судалгаагаар ч нотолсон.
Багийнхныг муудалцуулахгүй байх шидэт арга байхгүй. Харин асуудал тулгарч, маргалдсан ч түүнийг ганцаараа биш, багаараа хэрхэн даван туулж сурах л хамгийн чухал гэдгийг хянагч мэргэжилтнүүд хэллээ.
Туршилтын багийн гишүүн, хөрсний шинжээч Кармель Жонстон “Дэлхий дээр маргалдлаа гэхэд нөхцөл байдлыг орхиод явчихаж болно. Сансарт харин тэгэх боломж байхгүй шүү дээ. Маргалдсанаас болж асуудал хаашаа ч эргэж мэднэ. Жинхэнэ даалгавар эхлэхээс өмнө бид бүхнийг сурахыг хүсэж байна” гэв.
Туршилтын хугацаанд багийн хоёр ч гишүүний ойр дотнынхон нь таалал төгссөн. Бусад нь олон хурим, төрсөн өдөр, тэмдэглэлт өдрүүдээс хоцорсон юм. Гэвч энэ мэт туршилтуудаас тэд анх удаа VR төхөөрөмж ашиглан өөрсдийн дотно, санаагаар ертөнцөө хиймлээр бүтээсэн аж. Улмаар VR төхөөрөмж зүүгээд дэлхий дээрх бодит газрууд, гэр бүлийнхэн, хайртай хүмүүсийг нь дуурайлган бүтээсэн хиймэл ертөнцөд түр ч гэсэн саатаж байж.
АНУ-ын Хавай мужийн Мауна-Лоа дахь сансрын бааз. Туршилтын багийн зургаан гишүүн энд 365 хоногийг өнгөрүүлж, Ангараг явах бэлтгэлээ хийжээ.
Тэдэнд ганцаараа байх боломж бараг л үгүй. Баазаас гарсан ч сансрын нисгэгчийн хувцастай галт уулын чулуурхаг нутгаар хэрэн тэнэнэ. Уул, хадаар алхах танд амар санагдаж болох ч сансрын нисгэгчийн өмсгөлтэй бол энэ нь маш хүнд даалгавар.
Ангараг дээр амьдрах сэтгэл зүйгээс гадна бие физиологийн хувьд ч амаргүй. Үүнтэй хэн ч маргахгүй. Амьсгалах агааргүй, хортой хөрстэй, ус байхгүй гээд сансрын нисгэгчдийн бүхий л тэвчээр, ур чадварыг шалгана. Гэхдээ энэ мэтээр тэдний сэтгэл зүйг дасгаж, асуудлыг багаараа даван туулахад суралцуулбал, даалгавар илүү амар байна гэж НАСА-гаас хэллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй