Алтны тушаалт нэмэгдэх хүлээлттэй байна
Монголбанк сүүлийн гурван жилд 36.43 тонн алт худалдан авчээ
Монголбанк өнгөрсөн онд 13 тонн алт гадагш экспортолж, мөнгөн дүнгээр 420 орчим сая ам.доллараар валютын нөөцөө нэмэгдүүлж байсан. Тэгвэл оны эхний хагас жилд төв банк 6.47 тонн алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны эхний хагас жилд худалдан авсан алтны хэмжээтэй харьцуулахад 1.7 дахин нэмэгдсэн дүн юм. Гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэрүүдийн нэг нь алт худалдан авалт байдаг. Энэ утгаараа манай улсын эдийн засагт алтны салбар чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр.
Төв банкны хувьд дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдээс худалдан авсан алтаа гадаадад олон улсын жишигт хүргэн цэвэршүүлэн мөнгөжүүлж, валютын улсын нөөцийг нэмэгдүүлж ирсэн. Алттай байна гэдэг нь улс валюттай гэсэн үг. Тиймээс эдийн засаг эмзэг үед алтны салбар орлогын голлох эх үүсвэр болсоор байгааг 1990 болон 2000 оны эхэн үеийн нөхцөл байдал харуулдаг. Монголбанк 2014 оноос хойш энэ оны долдугаар сарын 30-ныг хүртэл нийт 36.43 тонн алт авчээ. Тоймлон хэлбэл, 24 сар хүрэхгүй хугацаанд шар металлын бизнес эрчимжиж, энэ хэрээр татварын орлого нэмэгдсэн байна. Түүнчлэн төгрөгтэй харьцах ам.долларын ханш өнгөрсөн хугацаанд тогтвортой байхад дээрх байдалд нөлөөлжээ.
Төв банк энэ оны хоёрдугаар улиралд давхардсан тоогоор 553 аж ахуйн нэгж, байгууллага болон 789 иргэнээс нийт бохир жингээр 4.61 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өнгөрсөн оны хоёрдугаар улирлын худалдан авалттай харьцуулахад 1.7 дахин өссөн үзүүлэлт аж. Алтны салбар уул уурхайн үйлдвэрлэлийн 9.6 хувийг бүрдүүлдэг. Мөн экспортын орлогын 10 орчим хувийг эзлэх болсон.
Монголбанк 2014 оноос хойш нийт 36.43 тонн алт худалдан авчээ
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, улмаар алтны нөөц ашигласны татварын хувь хэмжээг 2.5 хувь болгон хоёр жилийн өмнө бууруулсан. Энэ нь алтны худалдан авалт ил тод болж, улмаар Монголбанкны алт худалдан авалт эрс нэмэгдэхэд бодитой хөшүүрэг болсныг эдийн засагч Ч.Хашчулуун онцолсон удаатай. Өнгөрсөн онд төв банк 15.1 тонн алт худалдан авсан нь 2010 оныхтой харьцуулахад долоо дахин, 2011, 2012 оны худалдан авалттай харьцуулахад бараг тав дахин нэмэгдсэн үзүүлэлт.
Манай улсын хувьд 2005 онд 15.23 тонн алт худалдан авч байсан бол хожим 10 жилийн дараа буюу өнгөрсөн онд 15.1 тонныг авсан юм. Алтны салбарт татварын хөнгөлөлт үзүүлж, бодлогын түвшинд төрөөс дорвитой дэмжсэн нь тушаалт болон уг худалдааг “шилэн” болгоход нөлөөлсөн гэдгийг тус салбарынхан хэлж байсан.
» 553 аж ахуйн нэгж, байгууллага болон 789 иргэнээс нийт бохир жингээр 4.61 тонн алт тушаасан байна.
» Алтны салбар уул уурхайн үйлдвэрлэлийн 9.6 хувийг бүрдүүллээ.
» Алтны роялтийн хэмжээг 2.5 хувиас таван хувь болгож нэмэгдүүлэхээр УИХ хэлэлцэнэ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү байхаар заасан. Хууль 2014 оны эхний сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ үеэс алт худалдан авалт эрс өссөн дүнтэй гарчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй