ХСҮТ-ийн өргөтгөл аравдугаар сард ашиглалтад орно

Мэдээ

Хавдар судлалын үндэсний төв хамгийн их ачаалалттай ажилладаг эмнэлгүүдийн нэг. Сүүлийн үед орны хүрэлцээ муутай, хэвтэн эмчлүүлэгчдээ багтаахгүй байгаа талаар тус эмнэлгийн эмч нар хэлж байна. Иймд өргөтгөлийн барилгаа яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байгаагаа салбарын сайдад дуулгаж байсан юм.

Тус эмнэлгийн өргөтгөлийн барилгыг “Суурь” компани барихаар шалгарч, 2011 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж, төсөвт өртөг нь 3.1 тэрбум төгрөг байхаар талууд тохиролцжээ. Гэвч барилгын явц 85 хувьд хүрч, гадна өнгөлгөө болон дотоод заслын ажил дутуу байхад барилгын ажил зогсчээ. ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатартай утсаар холбогдон энэ талаар тодруулахад “Ямар ч байсан манай эмнэлгийн барилгын өргөтгөлийг гүйцээх мөнгийг шийдэж өгөхөөр болсон. Уг нь өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулбал төв эмнэлгийн ачаалал 30 хувиар багасна. 5200 ам метр талбайтай уг барилгын нэгдүгээр давхарт туяа эмчилгээ, хоёрдугаар давхарт нь хими эмчилгээний тасаг байгуулахаар төлөвлөсөн. Мөн нөхөн сэргээх эмчилгээ, чийрэгжүүлэлтийн танхимтай байх юм. Одоогийн төв нь 20 мянган ам метр талбайтай ч ачааллаа дийлэхгүй байна” гэлээ.

Одоогоор 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байж барилгыг гүйцээх боломжтой юм байна. Санхүүгийн асуудлыг шийдсэн болохоор аравдугаар сард ашиглалтад хүлээлгэж өгнө гэдгээ “Суурь” компанийнхан амлав.

САНАЛ БОЛГОХ