Анхны Prius-ийн түүх

Авто зах зээл

АНУ 1990-ээд онд галлон бензиний үнэ галлон савласан уснаас хямд байв

Тоyota компани 1993 онд “Глобал XXI зуун” буюу G21 (Global 21st Century) хэмээх хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн баг гаргалаа. Уг төсөл шинэ зуун эхлэхэд байгаль орчинд сөрөг нөлөө бага, шатахууны хэмнэлттэй, хямд төсөр, таван суудал бүхий айл өрхийн хэрэглээний автомашин бүтээх зорилготой байв. Шинэ загвар тус компанийн үйлдвэрлэдэг 1.5 литрийн багтаамжтай ердийн хөнгөн тэрэгтэй харьцуулахад 50 хувиар бага шатахуун зарцуулдаг байх ёстой гэсэн шаардлагыг инженерүүдэд тавьжээ. Төслийн багийн хувьд ийм шаардлагад нийцсэн машин бүтээх нь хүнд ажил байсан юм.

G21-тэй зэрэгцэн хүч дамжуулах анги бүтээдэг өөр нэг баг бензин-цахилгаанаар ажилладаг гибрид машины төсөл дээр ажиллаж байжээ. Чухамхүү хоёр дахь багийн санаа үнэ, үзүүлэлтийн харьцаа сайтай загвар бүтээхэд түлхүүр болж өгчээ. Гибрид болгох нь ашигтай гэдэгт инженерүүд санал нийлэх хэрээр компанийн стратегид өөрчлөлт гарлаа. Юу чадахаа хийхийн оронд юу хэрэгтэйг хийхээр болж, хоёр баг нэгдлээ.

Хөгжүүлэгчдийн баг боломжтой байж мэдэх гибридийн 80 хувилбар гаргаж, сонгож шилсээр 20 болгов. Шатахуун зарцуулалтын үр ашгаар нь тооцож симуляц хийсээр дөрвөн загвар тунаж үлдлээ. Дараа нь G21 багийнхан тухайн системийг зах зээлд их хэмжээгээр гаргах тохиолдолд үүсэх бэрхшээл, зардлыг үнэлэн тооцож үзэв. Эцэст нь цахилгаан мотор болон дотоод шаталтын хөдөлгүүр, планетар араанаас бүрдэх энгийн хийцтэй ч нарийн программ хангамж бүхий гибрид загвар шалгарсан нь Prius байв.

Анхны Приус 1997 онд Японд гарснаас хойш шатахуун хэмнэлттэй машины эрэлтийг өсгөж, удалгүй Америкт орж ирэв. Тухайн үед буюу 1990-ээд оны эцсээр АНУ-д галлон (3.78литр) бензиний үнэ нь нэг галлон савласан уснаас хямд байсан тул төмөр хүлэгтнүүд шатахууны хэмнэлтэд төдийгүй хорт утааны ялгаралтад ч санаа зовдоггүй байжээ. “Цахилгаанаар ажилладаг шинэ технологитой автомашинд зориулсан зах зээлийн төлөвлөгөө боловсруулахад хоёр жил шаардсан. Дундаж түвшний хэрэглэгч ийм машин тоодоггүй байсан үе. Үнэндээ бол сэжиглэнгүй ханддаг байсан. Тийм ч учраас технологийн дэвшлийг дэмжигч анхны худалдан авагчид, хүрээлэн буй орчныг хамгаалагчидтай илүү түншилж, интернэтээр сурталчлахад анхаардаг байлаа. Эцэст нь 2000 он гэхэд Prius-ийн борлуулалт санаснаас ч илүү гарсан” хэмээн G21 төсөлд оролцогч, инженер Сатоши Огисо дурсаж байна.

Aнх зөвхөн Prius-д зориулан хөгжүүлсэн гибрид технологийг хожим нь Toyota компани бусад загварт ч эрчимтэй нэвтрүүлсэн юм. АНУ, Японоос бусад улсад хэрэглээнд удаан нэвтэрч байсан гибрид автомашины борлуулалтыг бензиний үнэ өсөж буй нөхцөлд байгаль орчин, хорт бодис ялгаруулах хуулийн зохицуулалтыг чангатгах замаар шийдэж болно хэмээн Toyota үзсэн нь алсыг харсан зөв тооцоо байжээ.

“Өсөн дэвжих агуу боломжтой технологи учраас ирээдүйд бүх машин гибрид хүч дамжуулах эд ангитай болно гэдэгт эргэлзэх хэрэг юун” хэмээн ноён Огисо өгүүллээ. Toyota компани 2016 оны зургадугаар сарын байдлаар дэлхий даяар есөн сая ширхэг гибрид автомашин борлуулаад байна.


САНАЛ БОЛГОХ