Ломбарданд атгуулсан амьдрал

Сурвалжилга

Эндхийнхэн зөвхөн хоногийн хоолоо аргацаах мөнгөний төлөө л ломбардыг зорьдог

“Би жилийн өмнө “чөтгөр” байсан. Хүмүүс 150 мянган төгрөгийн үнэд хүрэх эд зүйлийг 160 мянгаар үнэлүүлэх гээд байдаг. Эсвэл эвдэрхий, “но”-той эд зүйлээ үнэд хүргэхийн тулд намайг маллах гэж янз бүрээр оролдоно. Хотын төвд ломбард ажиллуулахад мөнгөний нэг удаагийн хэрэгцээгээ хангахын тулд энэ мэтээр залилах оролдлого байнга гардаг байлаа. Харин энд бол огт өөр. Хүн ядуу, борлог байх тусмаа хүн чанартай байдаг юм байна гэдгийг мэдэрч байна” хэмээн хотын захад ломбард ажиллуулдаг дунд зэргийн нуруутай, нүдний шил зүүсэн залуу Т ярив.

Тэрбээр Долоон буудал орчимд барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулаад зургаан сарыг үджээ. “Анх Багшийн дээдийн нэг гудамжинд ломбард ажиллуулдаг байсан. Ихэвчлэн оюутан залуус үйлчлүүлнэ. Шоудахаар, эсвэл мөнгөний яаралтай хэрэгцээ гарахаар ирдэг. Гэтэл эндхийнхэн зөвхөн хоногийн хоолоо аргацаах мөнгөний төлөө л ломбардыг зорьдог” гэв.

Биднийг ийн ярих зуур үсэнд нь бага зэргийн хяруу суусан, улаан хүрэн өнгийн цамц өмссөн, хижээл насны туранхайвтар эгч хүүгээ дагуулан орж ирэх нь шилэн хаалтны цаанаас тод харагдав. Тэр эмэгтэй “32 инчийн “Mogul” авах уу” гэлээ. Ягаан цэцгэн хээтэй дэвсгэр даавууг задлаад, тэрбээр “Mogul”-ийг цахилгаанд залган шалгав. “Удирдлагагүй бол авахгүй шүү дээ, эгч ээ” гэхэд “Өмнө нь авч л байсан шүү дээ. Манай хүн эртээд тавиад саяхан эргүүлээд авсан. Хүүхдийн хичээл өдөр орох гээд байдаг. Хөлөндөө углах олигтойхон гутал ч алга” гэв. Т хэлэх үг олдсонгүй бололтой, чимээгүйхэн толгой дохиод авлаа. 100 мянган төгрөгийн барьцаанд ирсэн “Mogul” шиг зурагтууд энд 10 гаруй харагдав. Мөн төдий тооны хөргөгч, угаалгын машин. Үнэхээр ч түүний ярианы эхэнд хэлсэн “Энд бараг буяны ажил хийж байна уу гэж бодогддог” гэснийг батлах бодит жишээ нүдний өмнө өрнөв.

ШӨХТГ-т 2014 онд барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 64 хувийг барьцааны эд зүйлийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлдэг, зээлийн хүү, алданги өндөр, зээлдэгчид мэдэгдэлгүйгээр худалдан борлуулсан зэрэг гомдол эзэлжээ. Гэхдээ хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгээд барьцааны хугацаа янз бүр байх нь аргагүй аж. Цахилгаан бараа, гар утсыг 7-14 хоногийн хугацаатай 6-8 хувийн хүүтэй авахаас өөр арга байхгүй нь шалтгаантай. Тухайлбал, “Samsung J7” маркийн хоёр сим ордог гар утасны зах зээлийн ханш нь өнгөрсөн хавар 400-500 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Гэтэл дараагийн загвар нь гармагц үнэ нь уначихав. Яг ийм утас наймдугаар сарын 31-ний байдлаар unegui.mn цахим хуудаст 140 мянган төгрөгийн ханштай байв.

Харамсалтай нь, хоёр сарын өмнө 150 мянган төгрөгийн барьцаанд тавьсан “Samsung J7” гар утсыг эзэн нь “мартчихсан”. Биднийг ломбардны эзэнтэй ярилцах зуур гурван ч хүн хямд гар утас сонирхож орж ирлээ. Гэвч 150 мянгаас бага зэрэг яриад өгнө гэсэн “Samsung J7”-г голоод авсангүй. “Samsung J7” шиг хэнийх нь мэдэгдэхгүй мартагдсан өөр таван утас ширээн дээрх тооны машин, хянах камерын дэлгэц болон ундуй сундуй зүйлсийн дунд харагдав. Мөн үүдэнд нь барьцааны хугацаа нь дуусаж, эзэндээ хаягдсан хоёр ч хөлдөөгч бий. Нэгийг нь онгойлговол мах зэрэг овор ихтэй зүйлс хөлдөөж, гамгүй ашиглаж байсан болов уу гэмээр гадаргуу нь зай завсаргүй хонхойсон харагдана.

Ер нь энд бүтэн цахилгаан бараа ховор бөгөөд бүрэн ажилладаг, эсэх нь ч эргэлзээтэй. “Эвдэрхий, бүрэн ажиллагаагүй цахилгаан бараагаа засварын газар аваачиж, доголдлыг нь түр аргацаадаг. Зурагт авчирлаа гэхэд өнөөх нь 20 минут ажиллаад унтарчихдаг, гар утас бол байсхийгээд нөгөө хүний яриа сонсогдохоо болих жишээтэй. Тэгсэн ч зовлон яриад ирж байгаа хүмүүсийн эд зүйлийг авдаг юм дөө. Ихэнх нь амьдралын зайлшгүй хэрэгцээний эд зүйлсээ барьцаанд тавьж, зээл авдаг учраас нэг их удаалгүй л буцаагаад авчихдаг. 100 мянган төгрөгийн зээлээ долоо хоногийн дараа 106 мянга болгож төлнө. Дахиад долоо хоног хүлээхэд хоёр мянган төгрөг л нэмэгдэнэ” хэмээн Т тайлбарлав.

Бидний хэлж заншсанаар 32-ын тойргоос хойшоо долоон буудал хүртэл “гар утас, цахилгаан бараа авна” гэсэн тодотголтой ломбардууд их бий. Ихэнх нь хөргөгч, зурагт, угаалгын машин зэрэг овор ихтэй цахилгаан бараагаар дүүрсэн байх агаад төмөр сейфэнд ихэвчлэн гар утас, ганц нэг таблет байдаг нь хотын төвийнхөөс тэс өөр амьдралыг хүүрнэнэ. Харин 3, 4 дүгээр хороолол болон төв зам дагуу байрлах ломбардны үйлчлүүлэгчид барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ авахын тулд эндхийнхэн шиг такси хөлслөн, өдөр тутам хэрэглэдэг овор ихтэй цахилгаан баараагаа ачиж ирэх шаардлагагүй. Мөнгөний хэрэгцээ гарвал зүүсэн гоёлтойгоо зорино. Тодорхой харъя гэвэл хотын төв орчим, гайгүй байрлалтай ломбардны үүдийг тавхан минут сахихад л хангалттай. Чихнээсээ монетон ээмгээ, гарнаасаа хийц сайтай алтан бэлзгээ сугалан жинлүүлэх эмэгтэйчүүдийн хөл хөдөлгөөн ийм газруудаас үл тасарна. Хичээлийн шинэ жил эхлэх гээд хөл бүр ч нэмэгджээ. Гэхдээ сүүлийн үед ломбард зорих үйлчлүүлэгчид эрс цөөрснийг 17-гийн буудал орчмын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнийхэн хэлж байв. Автобусны буудлын дэргэдэх нэгэн ломбардны эзэн “Хүмүүст мөнгөтэй болно гэсэн итгэл байгаа л бол ломбардаар үйлчлүүлдэг. Хоёр хоногийн дараа цалин буухаар, хүүхдийн мөнгө ороод ирэхээр буцаагаад авчихна гэсэн бодолтойгоор л ирдэг дээ” гэв. Харин эдийн засаг хүндэрч, хавтгайрсан халамж багассан нь урдахаараа хойд хормойгоо нөхдөг иргэдээс ч доогуур амжиргаатай захын хорооллуудаар илт мэдрэгдэж буй аж. “Үнэндээ эндхийн хүмүүсийн мөнгөтэй болно гэсэн итгэл үгүй болсон. Тиймээс эд зүйлээ барьцаанд тавиад эргүүлэн авч чадахгүйгээ мэдэж байгаа. Сүүлийн үед зээлээ сунгуулахаар ирдэг хүмүүс нэмэгдэж байна” гэсэн юм.

“Начинзаан”, “Сайн” зэрэг томоохон ломбардуудыг эс тооцвол барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ихэнхийнх нь хөрөнгө дунджаар 10-50 сая. Сайн байвал сард 30 орчим саяыг эргэлдүүлчихдэг. Харин хулгайн эд зүйлийг барьцаалах явдлыг цагдаа, хууль сахиулагчидтай хамтарч хяналт тавихаас аргагүйг Чингэлтэй дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган хэлэв. Хулгайн эд зүйл авч байгаагаа мэдэхгүй ломбардууд ч байгаа. Тиймээс тэдний эрх ашгийг ч бас бодолцох ёстойг тус хэлтсийн мэргэжилтэн Э.Амартүвшин мөн учирласан юм.

Т-ээс хулгайн эд зүйл гэдгийг мэдэх арга байна уу? Хулгайн бараа авчихвал гэмт хэргийн хамсаатан болно шүү дээ гэхэд “Тийм ээ, би жилийн өмнө яг ийм шалтгаанаар хэд хоног цагдаагийн үүдийг сахисан. Сүүлдээ үнэн мөн нь илэрч хохирогч болсон ч явдал чирэгдлээс нь халшраад хохирлоо барагдуулалгүй орхисон” гэв. Гэхдээ тэрбээр одоо ядаж л хүмүүсийн царайг “уншдаг” болжээ. Бас “но”-той санагдсан гар утас, таблет зэрэгт барьцаалагчийн зураг нь байгаа, эсэхийг шалгадаг болсон аж.

Банкуудыг Монголбанк, ББСБ- ыг Санхүүгийн зохицуулах хороо хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн хяналтыг хариуцах бие даасан субьект өнөө хэр алга. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс олгодог. Гэхдээ энэхүү зөвшөөрлийг олгохдоо СХЗГ-ын Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ерөнхий шаардлага болох MNS 5274-2003 стандартыг хангуулдаг байна. Уг стандарт нь үйлчилгээ эрхлэх зай талбайг тогтоож, иргэдийн хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн, найдвартай байдлыг хадгалахад чиглэсэн. Харин зээлийн хүү, алданги тооцох аргачлал, үнэлгээ, хугацаа хэтэрсэн хөрөнгийг хэрхэх зэрэг иргэдийн эрхийг хамгаалах шаардлагыг тусгаагүй. Тиймээс ч энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссоос 2015 онд тайланд нэгэнт ийм үйлчилгээний эрэлт, хэрэгцээ байгаа тул ломбардуудын хариуцлага, хяналтыг тодорхой болгох зорилготой хууль, журам шаардлагатайг УИХ-д хүргүүлсэн байдаг.

2014 оны байдлаар нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 532 газар ажиллаж буйг Хүний эрхийн үндэсний комисс, ЦЕГ-аас явуулсан хяналт шалгалтаар тогтоосон юм байна. Харин улсын хэмжээнд хэчнээн ломбард ажилладаг нь тодорхойгүй.

Хичээлийн шинэ жил эхлэхийн урд өдөр бум бужигнаж, түм түжигнэсэн хорооллын гудамж автомашин түгжрэлгүй явах нь байтугай явган хүмүүс ч хоорондоо зөрөх аргагүй давчуу. Товчлууртай гар утсандаа дугаар цуглуулсаар, орцноос яаран гарах хижээл насны ахаас “Та хаашаа ингэж яарна вэ” гэвэл гайхаж харснаа “Ах нь хүүхдээ хүлээлгэчихсэн, яаралгүй бол болохгүй” гэв. Нууц биш бол... гэсээр ямар зорилгоор ломбардаар үйлчлүүлснийг нь сонирхвол “Хүүхдийн сургалтын төлбөр хийх гээд. Өнөөдрийн дотор 500 мянгыг нь төлөх ёстой. 350 мянга хэрэгтэй байсан юм. Даанч эртний мөнгөн хоёр аягыг 320 мянгаар л авлаа. Үүнийг нь үнэлж мэдэхгүй гээд авсангүй” гэсээр үрчгэр саарал даавуунд гялгар эд гялалзуулсаар олны дунд уусан одов.


САНАЛ БОЛГОХ