NuTonomy Сингапурт автомат жолоодлоготой такси нэвтрүүллээ

Авто зах зээл

АНУ-д жолоочгүй такси үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн Uber компанийг жижиг өрсөлдөгчид нь гүйцэж түрүүллээ. Сингапурт оршин суугчдад автомат жолоодлоготой такси дуудах боломж бүрдсэн талаар Массачусетсийн технологийн их сургуулийн салбар болж гурван жилийн өмнө үүссэн NuTonomy компани албан ёсоор мэдэгдлээ.

Жолоочгүй такси үйлчилгээ хөгжүүлэх ажлыг эртнээс эхэлсэн тус компани Сингапурын эрх баригчидтай хамтран ажилладаг төдийгүй хот-улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хөрөнгө оруулагч нь. Одоогоор нийтэд зориулсан туршилтын журмаар явж байгаа NuTonomy-ийн такси нь автомат удирдлагатай автомашины технологи нэвтрэхэд дахин нэг алхам ойртсон хэрэг боллоо. Бүрэн автомат удирдлагатай таксиг 2018 оноос ашиглалтад оруулах тус компани Сингапураас гадна Их Британийн Лондон , АНУ-ын Мичиганд ч нийтэд зориулсан туршилтаа эхлүүлээд байна.

Бүрэн автомат удирдлагатай таксиг 2018 оноос ашиглалтад оруулна

Сингапурын иргэн, гадаадын зочин хэн ч бай NuTonomy программ ашиглан автомат удирдлагатай үнэгүй такси дуудаж болно. Зорчих үйлчилгээний хүрээ одоогоор Сингапурын бизнесийн төв болох 2.5 хавтгай дөрвөлжин километр талбайтай One-North дүүргээр хязгаарлагдаж байгаа юм. Үйлчилгээнд ердөө хоёр ширхэг машин (Renault Zoe, Mitsubishi i-MIEV) гаргажээ.

Одоогоор автомашинд автомат удирдлагыг хянаж, шаардлагатай нөхцөлд жолоог гартаа авах үүрэгтэй NuTonomy-гийн инженер заавал байлцуулж байгаа. Тус компани 2018 он хүртэлх туршилтын хугацаанд такси үйлчилгээг жолоочгүй явуулахад шаардлагатай өгөгдөл цуглуулах юм. Энэ сарын эхээр Delphi компани мөн Сингапурт автомат жолоодлоготой зургаан ширхэг таксийн үйлчилгээ туршиж эхэлсэн ч NuTonomy компани өөрийгөө анхдагч хэмээн зарлаад байна.


САНАЛ БОЛГОХ