Кубо ба хоёр чавхдас

Кино

Хүүхдийн нөлөөгөөр гэр бүлд шилжилт, өөрчлөлт явагдаж байдгийг харуулахыг зорьжээ

Өрөөсөн нүдээ өөрийн өвөө “Сарны хаан”-д нялхдаа алдсан Кубо хүүгийн үлгэрийн гэмээр баатарлаг адал явдал бүх кино театраар өрнөж эхэллээ.

Бодит байдал хийгээд зүүд мөрөөдлөө андуурч хутгах болсон өвчтэй ээжийгээ асардаг Кубо үлгэр ярих ер бусын чадвартай. Түүний шамисэн (Японы гурван чавхдас бүхий шанз) хөгжмийн аянд цаасаар хүүхэлдэй урлах ид шид нь амилна. Өвчтэй ээжийгээ тэжээхийн тулд Кубо ид шидээ ашиглан төрөл бүрийн баатарлаг үлгэр ярьж, тосгоныхноо хөгжөөдөг байв. 10 настай Кубо хүү өвөөгийнхөө эсрэг зоримогоор тулалдаж буй ч холливудын гайхалтай шийдэмгий хуруу дарам цөөхөн баатрын нэг. Тиймдээ ч бага насны үзэгчдийг хүртэл нүдээ таглахад хүргэх хар дарсан зүүд мэт эвгүй дүрслэл ойр ойрхон 90 минутын турш өрнөх Кубогийн дотоод зөрчил гэхээр зүйл үнэртэх ч үгүй. Кубо хүү аюулаас өөрийгөө болон Кубо ба хоёр чавхдас Кубо дотоод зөрчилгүй хуруу дарам цөөхөн дүрийн нэг тосгоныхноо гэтэлгэж, байх ёстой байр сууриа эргүүлэн авахын тулд “Сарны хаан”-д хараагдсан эцгийнхээ дуулгыг олж авах болсноор зоригт хүүгийн тэмцэл өрнөнө.

Энэ зуны хит болсон “Доригийн эрэлд”, “Мөстлөгийн үе”-ийн дүрүүдийн адал явдлын дэргэд Кубо хүүгийнх ер бусын, шинэлэг ажээ. Замын турш Кубод хүн дүрстэй аварга цох, сармагчин хоёр хань болох нь жигтэй. Үнэн хэрэгтээ тэд бол эцэг, эхийнх нь төрөл арилжсан дүр юм. Сармагчин бол урьд насандаа Кубогийн байнга халаасалж явдаг сахиус байсан. Өвчтэй эх нь хорон санаат эгч дүүс, эцгээсээ хүүгээ хамгаалахын тулд эцсийн хүчээрээ сахиусны биед сүнсээрээ амилсан юм. Харин хүн цох урьдын бүхий л зүйлсээ мартсан байх бөгөөд баатарлаг самурай байсан гэдгээ үе үе таарах мэдрэмжээрээ л гадарлана. Кубог толгойлогчийн хүү гэж итгэсэн хүн цох нум сум агсаж, сэлмийн урлагийг гаргууд эзэмшсэн чадвараа Кубо, сармагчин хоёрыг хамгаалахад зориулахаар шийддэг.

Хүү баатарлаг самурай байсан эцгийнхээ хугарашгүй сэлэм, хуяг, дуулгыг санаанд оромгүй газруудаас олох бөгөөд ийн нэг нэгээр нь эрэх бүрт дайсантайгаа хүнд тулаан өрнүүлдэг. Энэ бүхний эцэст хүү эцэг, эхээ дахин алдаж, гэр бүл, хайр, дурсамж хийгээд золиос гэж юу болохыг арван настай балчир тэрбээр ухаарна.

Шантарч унахын даваан дээр эрлийн сүүлчийн үзүүр болох эцгийнхээ дуулгыг олсон Кубо жинхэнэ дайсан өвөөтэйгээ нүүр тулмагцаа “Би өдий олон жил зугтах ёсгүй байсан. Аль эрт тантай нүүр тулах учиртай байж” хэмээх нь тэрбээр барагтайд өрцөө хумихаа больсныг илтгэнэ.

Кубо дотоод зөрчилгүй хуруу дарам цөөхөн дүрийн нэг

Ингэхэд өвөө нь яагаад Кубогийн дайсан болов? Яагаад зээ хүүгийнхээ байх ёстой байр суурийг мөнхийн харанхуйг гийгүүлэгч “Сарны хаан” үл зөвшөөрнө вэ? Үүний цаад шалтгаан нь чухам юу вэ? Хүмүүний амьдралын зовлон шаналал, шунал хийгээд үхэл хагацал нь хүн төрөлхтөнд сохроор хандахын уг үндэс болов уу? Тэгвэл хайр нигүүлсэл, нинжин сэтгэл, дурсамж, өгөөмөр зан юу болох вэ? гээд олон эргэлзээг “Сарны хаан”, шидэт Кубо хоёрын тэмцэл тайлах буй заа. Хэдий мэдрэмж хүчтэй ч дурсамжгүйгээр бид үл оршихыг Кубогийн аавын хойд дүрээр илэрхийлж буй бол дурсамжгүйгээр мөн оршиж чадахыг киноны төгсгөлд зээ хүүдээ ялагдсан өвөө харуулна. Гагцхүү сайн хийгээд саар дурсамж л сайн сайхныг олж харах ба харахгүйн нүд аж.

Стоп мөүшн буюу биет хүүхэлдэй хөдөлгөх аргыг анимейшнтэй хослуулан хийсэн “Кубо ба хоёр чавхдас” хүүхэлдэйн кино “Laika Entertainment” студийн хамгийн анхны анимейшн бүтээл юм. Киног “Laika Entertainment”-ийн гүйцэтгэх захирал Трэвис Найт найруулж, продюссор болон ерөнхий анимейтороор нь ажилласнаараа онцлог. Киноны санаа таван жилийн өмнө бий болсон гэдгээ тайлбарласан Трэвис Найт хүүхдийн нөлөөгөөр гэр бүлд шилжилт, өөрчлөлт явагдаж байдгийг харуулахын зорьсон байна. Кубо болон хүн цох, сармагчингийн аяллыг шамисэн хөгжмийн аялгуу, цаасан шувуу болон дүрснүүдийн хөгжилтэй хөдөлгөөн гайхалтай чимэх аж. Мөн цох, сармагчин хоёрын хооронд Кубогийн талаар өрнөсөн маргаан, бие биедээ сэтгэл татагдсан хошин аяс бүхий илэрхийлэл нь дээрх бүгдийн нотолгоо. “Кубо ба хоёр чавхдас”-т энэ зун гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой кино гэдэг үнэлгээг шүүмжлэгдийн зүгээс өгсөн байна.

Өнгөний тансаг чамин зохиомж, үйл явдлын өрнөл, эргэлтийг киноны хөгжим хурц тод харуулж чаджээ.

Кино бүхэлдээ Япон ахуй, дорнын өнгө төрхийг агуулсан ч ахмад үеийнхээ эсрэг тулалдан, ялалт байгуулж буй Кубогийн тэмцэл хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн өрнийн ойлголтыг тодоос тод илэрхийлэх аж. Гэхдээ өнгөний тансаг чамин зохиомж, үйл явдлын өрнөл, эргэлтийг киноны хөгжим хурц тод харуулж чаджээ.

Кубогийн ээж болох Сариатуг Шарлиз Терон, аав Ханзог Мэттью Макконахи амилуулсан бол Кубод шотландын жүжигчин 17 настай Арт Паркинсон дуу оруулжээ. Эмэгтэйчүүдийн хоолойны нийтлэг өнгө болох уян зөөлөн, намуун бус харин шийдмэг, эршүүд хоолойтой Шарлиз Тероныг Кубогийн ээжийн дүрд сонгосон нь хүүг эрэмгий, өөртөө итгэлтэй болоход чухал нөлөөтэйг найруулагч Трэвис Найт тайлбарлажээ.

Хэдий шүүмжлэгчдээс “маш сайн” гэсэн үнэлгээ авсан ч япон гол дүрүүдийн дуу оруулагчид барууны жүжигчдийг тоглуулсанд “Media Action Network for Asian Americans” байгууллага шүүмжлэлтэй ханджээ. Үндсэн баатруудын хөдөлгөөнийг стоп мөүшн аргаар хийж, орчин болон арын дэвсгэр хэсгийг компьютер графикаар ер бусын үзэсгэлэнтэйгээр зохиомжилсон нь Кубогоор дамжуулан залуу үзэгчдэд хүргэх гэсэн мятрашгүй, нугарашгүй санааг улам тодотгосныг шүүмжлэгчид онцолсон юм. Нийт 60 сая ам.доллараар бүтсэн “Кубо ба хоёр чавхдас” наймдугаар сарын 28-нд Хойд Америкт нээлтээ хийсэн анхны өдөртөө 4.1 сая ам.долларын орлоготой байсан бөгөөд дэлхий даяар нийтдээ 27.6 сая ам.доллар олоод байна. Мэдрэмж дурсамжаас хүчтэй ч дурсамж бол орших, эс оршихын утга учир ажээ.

САНАЛ БОЛГОХ