Диснейн орхигдсон ертөнц

Кино

Аварга том янжууртай бүжиглэж буй Дональд нугас, АНУ-ын улстөрч, ардын баатар Дэви Крокеттийн тухай киноны ноорог гээд урьд өмнө олонд огт дэлгэгдэж байгаагүй Диснейн орхигдсон ертөнцийн бүтээлүүдийг анх удаа олон нийтэд толилуулахаар болжээ.

Кино түүхч Даниэл Котеншульте янз бүрийн шалтгаанаар өмнө нь хэзээ ч “гэрэл цохиж” байгаагүй Диснейн кино төслүүдийн хальсийг цуглуулсан байна. Диснейн архив болон анимейшны эрдэм шинжилгээний номын сангаас олгосон зөвшөөрлийн дагуу тэрбээр “Уолт Диснейн кино архив: Хөдөлгөөнт кинонууд 1921-1968” гэсэн номоо түмэнд дэлгэхээр болжээ.

Даниэл Котеншульте “Observer” сонинд өгсөн ярилцлагадаа “Хуулиатай байсан шохойн зургуудыг нээхэд тоос нь ширээн дээр унаж байна гээд төсөөл дөө. Гайхамшигтай агшин гэж энэ. Дональд нугасны кино гэхэд л үнэхээр гайхалтай. Маш гоёмсог өнгөөр хийсэн зураглал, шохойн будагнуудын тусламжтай Дональд нугасын адал явдлыг хэрхэн өрнүүлснийг харах болно. Энэ бүхэн өмнө нь хэзээ ч олны хүртээл болж байгаагүй” гэсэн байна. Мөн 1937 онд бүтээсэн богино хэмжээний хөдөлгөөнт хүүхэлдэй болох “Little Hiawatha” зэрэг бүтээлийн ноорогууд багтсан аж.

Анимейшны эрдэм шинжилгээний номын сангийн сан хөмрөг бараг зургаан сая орчим ноорог бүтээлээр өргөжсөн бөгөөд одоогоор нэг сая орчим бүтээлийг сканнердаж, ангилж авсан байна.

Даниэл Котеншультегийн номонд Диснейн мэргэжилтнүүдийн туурвисан 1500 орчим зураг, эссэ багтжээ. Үүн дотор “Цасан цагаан ба долоон одой”, “Ширэнгэн ойн ном” зэрэг Диснейн бүхий л цаг үеийн шилдэг бүтээлүүд байгаа юм байна. Тухайлбал, “Ширэнгэн ойн ном”-ын урьд өмнө олонд дэлгэж байгаагүй бараг 50-60 зураг багтсан аж.

Түүний номын өмнөтгөлийг “Тоглоомын түүх” киноны найруулгаар кино академийн шагнал хүртсэн найруулагч Жон Лассетер бичжээ. Диснейн керативын ахлахаар ажилладаг Жон Лассетер “Хүмүүс заримдаа Диснейг нэг ном, эсвэл хэв маягаар төсөөлөх нь бий. Гэхдээ үнэн гэвэл энэ студийн бүтээл үргэлж өргөжиж байсан” хэмээжээ. Ном ирэх сарын нэгэнд хэвлэлтээс гарах юм байна.


САНАЛ БОЛГОХ