Хөл хорио судлах хоёр дахь баг томилогдов

Мэдээ

Гадаадын 200 орчим, дотоодын 5000 иргэн хилийн хоригтой байна

Монгол Улсад 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.7 тэрбум төгрөгт хүрээд байсан бол энэ онд дээрх үзүүлэлт 36 сая ам.доллар болсон байна. Энэ нь таван жилийн дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт 130 дахин буурсны илэрхийлэл гэж Хууль зүйн сайд С.Бямбацогт хэлж байна.

Түүнээс гадна Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газраас гаргасан статистикаар гадаадын 200 орчим, дотоодын 5000 гаруй иргэний Монгол Улсаас гарах эрхийг нь хаасан байна. Мөн манайд байгаа гадаадын Элчин сайдын яамдаас өөрийн улсын иргэнийг хорих, цагдах, байцаах, Монголоос гарах эрхийг нь хасахтай холбоотой гомдлыг төрийн томчуудад хаяглан ирүүлдэг байна. Тиймээс Хууль зүйн сайд С.Бямбацогтоор ахлуулсан Ажлын хэсгийг Засгийн газар байгуулж, хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгасан байж болзошгүй хэмээн үзээд шалгахаар болсон байна. Манай төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, тэднээс гадна дотоодын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн элдэв дарамт, хүнд суртал гадаадын хөрөнгө оруулагчдыг бууруулахад ихээр нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Ажлын хэсэг энэ сарын 15 хүртэл төрийн болон хуулийн байгууллагаас бизнес эрхлэгчдэд ирж буй дарамтыг хянах бөгөөд иргэдээс мэдээлэл авах утас, и-мэйл хаягийг ч ажиллуулж эхэлснээ өчигдөр зарласан юм.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаадын иргэдийн олонх нь манай хоёр хөрш болон БНСУ-ын иргэд байдаг аж. “Хилийн хорио ихэдвэл хөл хорио болно. Хөл хориотой айлд хөрөнгө оруулалт, хөгжил, технологийн дэвшил зэрэг ч хориотой болно. Ингэж дур мэдэн хориглох нь ажлын байр, авах цалин, ашиг орлого, шинэ технологи Монголд нэвтрүүлэхийг хориглож байгаатай адил юм. Монголын, гадаадын иргэд ялгаагүй хөлдөө ийм чөдөртэй байж болохгүй, хүний эрх ч зөрчигдөж байна” хэмээн өмнөх Засгийн газрын тэргүүн хэлж байсан удаатай. Улмаар тухайн үед хилийн хориг тавьсан үндэслэлийн талаар Засгийн газар анхааралдаа авснаас хойш Монгол Улсын 101, гадаадын 17 иргэний “хилийн хориг” цуцлагдаж байсан юм.

Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас авдаг манай улсад энэ мэт асуудлаас болж ам.долларын ханш өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ нь хүн бүрийг торгож буйтай адил гэж Засгийн газар үзсэн байна.
САНАЛ БОЛГОХ