Дотуур хувцасны дотоодын брэндүүд үйл ажиллагаагаа тэлж байна

Мэдээ

“Томого” компани энэ оны дөрөвдүгээр сард "Бандага" брэндийг үүсгэн байгуулж эрэгтэй дотуур өмд дагнан үйлдвэрлэж байгаа бөгөөд жилд 4800 ширхэг дотуур өмд үйлдэрлэх хүчин чадалтай аж. Оёмол бүтээгдэхүүний хувьд дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдээ БНХАУ болон БНСУ-аас импортолж байна. Дотуур хувцасны материалыг чанартай, өндөр үнэтэйг сонгодог ба бүтээгдэхүүний өртгийг нэмдэг хэдий ч зах зээлд өрсөлдөх чадварыг өсгөж борлуулалтад дэмжлэг үзүүлдэг гэж үйлдвэрлэгчид онцолсон. “Бандага” брэндээс өмнө 2007 онд “Гурван билэг” группийн охин компани болох “Хишигтэн гал” компани төрөл бүрийн эмэгтэй дотуур хувцас үйлдвэрлэж “GB” нэрийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулж байна. Түүнчлэн бүтээгдэхүүнээ дотоодод худалдаалахаас гадна АНУ, Япон руу экспортлох бодлого баримталж байгаа талаар компаниас мэдээллээ. Тус компани дотуур хувцаснаас гадна биеийн тамирын хувцас, өдөр тутмын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ хамгийн сүүлд энэ оноос эхлэн хүүхдийн хувцас үйдвэрлэн үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Дотоодын оёдолчин, загвар зохион бүтээгчид Монгол хүний биеийн бүтэц, онцлогт тохируулдаг учраас хэрэглэгчдийн өсөлт бодитой ажиглагдаж байгааг үйлдвэрлэгчид онцолж байгаа юм. Үүнээс гадна “Дэнд” компани “EDI” брэндийг үүсгэн байгуулж гурав дахь жилдээ эрэгтэй, эмэгтэй таван төрлийн чөлөөт хувцас үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Үүнд эрэгтэй, эмэгтэй чөлөөт загварын өмд, эрэгтэй цамц, майк, эрэгтэй богино өмд зэрэг багтаж байна. Гол түүхий эд болох даавуугаа мөн импортоор авч байгаа юм. Ингэхдээ даавууны орцыг “Нэхмэлийн хүрээлэн” Төрийн өмчит үйлдвэрийн газраар шинжлүүлдэг гэж мэдээлсэн. Бүтээгдэхүүний шат дамжлагаас хамааран өдөрт 100-150 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Харин байгуулагдсан цагаасаа хойш гурван жилийн хугацаанд 10 мянга орчим бүтээгдэхүүн борлуужээ. “EDI” брэндийн хувьд Эрээн хотод болсон Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, бизнес үзэсгэлэнд оролцсон аж. Дашрамд дуулгахад, эдгээр компанийн хувьд сошиал медиаг маркетингийн гол хэрэгслээ болгон ашигладаг бөгөөд фэйсбүүк сурталчилгааг идэвхтэй ашигладаг байна.



САНАЛ БОЛГОХ