Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт ямар үр, өгөөжтэй болж өнгөрөв

Мэдээ

ОХУ, БНХАУ, Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга, уулзалтын үеэр гурван орны бизнес эрхлэгч болон төрийн байгууллагуудын хамтарсан нийт 15 төсөлд гарын үсэг зурсан. Мөн энэхүү чуулга, уулзалт "Эдийн засгийн корридорыг байгуулах" ажлын эхлэлийг тавьж байгаа гэж Хятадын тал онцолсон юм. Өөрөөр хэлбэл Хятад, Оросын авто замыг холбосон хамгийн дөт зам нь Монголоор дайран өнгөрч байгаа бол үүний эхлэлийн цэгийг нь Монголтой хиллэдэг Хятадын хамгийн том хилийн боомт хот буюу Эрээн гэж үзэж байна. Мөн чуулга, уулзалтын үеэр Эрээний чөлөөт худалдааны бүсийг байгуулсан. Энэ бүсэд Монголын компаниуд бүтээгдэхүүнээ гаалийн тарифийн хөнгөлөлттэйгээр худалдах боломжтой ажээ. Мөн гурван улсын бизнес эрхлэгчид нийт зургаан тэрбум 430 сая юанийн хөрөнгө оруулалт бүхий 15 төсөлд гарын үсэг зурсан. Аж үйлдвэр, хил дамнасан худалдаа, логистик, соёл, боловсрол, жуулчлал, банк санхүү зэрэг долоон чиглэлийн салбар хуралдаан болсон.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Монголын талаас хоёр төсөл танилцуулсан юм. Үүнд 4800 ажлын байр бий болгох “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл болон нэг сая ам.долларын өртөг бүхий малын яс, тосны үйлдвэрийн төсөл багтаж байна. Харин банк санхүүгийн салбарт “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт банк” Хятадын Газар тариалангийн банк болон Өвөрмонголын банктай худалдааны санхүүжилтийн гэрээ, төгрөгийн данс идэвхжүүлэх чиглэлийн санамж бичиг зэргийг байгуулсан. Үүнээс гадна чуулга, уулзалтын үеэр болсон үзэсгэлэн худалдаанд Монголын талаас 400 гаруй харин Хятадаас 150 гаруй аж ахуйн нэгжээс гадна ОХУ, Энэтхэг, БНСУ, Пакистан зэрэг олон орны төлөөлөл оролцжээ. Мөн давхардсан тоогоор 100 мянга шахам бизнес эрхлэгчид оролцсон бол эхний гурван өдөрт үзэсгэлэнгийн борлуулалт 30 сая юаньд хүрсэн юм.

Мөн Хятадын талын хэрэгжүүлж байгаа нэг зам нэг бүс бодлогын хүрээнд 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа хоёр орны худалдаа эргэлт ойрын жилүүдэд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар “Голомт банк” мэдээлсэн. Ингэснээр хоёр орны банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа цаашид өргөжинө гэсэн үг юм. Голчон уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог Монгол Улсын хувьд өөр төрлийн бүтээгдэхүүн худалдах нөөц бололцоотой гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс харж болохоор байлаа. 


САНАЛ БОЛГОХ