Шинэ дасгалжуулагчтай болсон Испанийн шигшээ залуу тоглогчдоор хүчээ зузаатгажээ
2018 онд Орост зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шат таван тивд зэрэг болж байна. Энэ дундаас Европ тивийнхний өрсөлдөөн бүгдийн анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй. Учир нь буурал тивд дэлхийн аварга цол хүртсэн найман улсын тав нь харьяалагддаг. Мөн дэлхийн аварга болж үзээгүй ч том тэмцээнд үргэлж дээгүүр үзэлцдэг Нидерланд, Португалын хүчирхэг шигшээ бий. Тэр ч утгаараа Европоос ямар баг эрхээ авч, хэн мултрах нь тэмцээний эцсийн дүнд чухал нөлөөтэй.
Энэ удаагийн хувьд сорилгод 54 улс есөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсгээ тэргүүлсэн багууд эрхээ шууд авах бол дэд байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй найм нь хоорондоо сугалаагаар халз тулж, ялагч нь тэдэн дээр нэмэгдэх аж. Гибралтар болон Косовогийн шигшээ түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй нь гол онцлог болжээ.
“С” ХЭСЭГ
Сан Марино-Азербайжан 0:1
Чех-Умард Ирланд 0:0
Норвеги-Герман 0:3
Энэ хэсгийг дэлхийн аварга цол эзэмшиж буй Герман итгэл төгс тэргүүлнэ гэсэн таамаг хол зөрөхгүй бололтой. Тэд сорилгын эхний тоглолтод гол өрсөлдөгч Норвегийг талбайд нь 3:0-ээр дээрэлхэж, дэндүү хүчирхэг байгаагаа харуулав. Эвгүй багийг талбайд нь ингэж хожно гэдэг ямар ч дасгалжуулагчийг баярлуулам үзүүлэлт. Гэтэл Германы дасгалжуулагч Й.Лёв олдсон боломжуудаа ашиглаж чадсангүй хэмээн тамирчдаа шүүмжилсэн байна лээ. Бас л том амбийцтай байгаагийн шинж.
Азербайжан улс сүүлийн жилүүдэд спортдоо их хөрөнгө хаяж, тэр хэрээр тамирчдынх нь амжилт эрс дээшилсэн. Харин энэ дэвшил хөлбөмбөгчдийг л тойрсоор байгаа юм. Энэ улсын баг 10 жилийн өмнө дунджаас доогуур түвшнийх байсан. Одоо ч хэвээрээ. Харин энэ удаа дасгалжуулагч Р.Просинечки өөрийн багийг ДАШТ-д оруулах зорилготой гэж том дуугарсан. Шигшээгийнхээ нөөц бололцоог үнэлж үзсэн болоод л ингэж хэлсэн байж таарна. Ямартай ч тэд Сан Мариног хожиж, сорилгыг амжилттай эхлүүлээд байна. Цаашид юу болохыг харж л байя. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Энэ хэсэгт Германы өмнө гишгэх баг гарахгүй. Тиймээс бусад нь хоёрдугаар байраар шалгарч, нэмэлт тоглолтод азаа үзэх л зам үлдэж байна.
“D” ХЭСЭГ
Уэльс-Молдав 4:0
Гүрж-Австри 1:2
Серб-Ирланд 2:2
Ёстой юу ч тохиолдож магадгүй хэсэг гэж үүнийг хэлэх байх. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Гүрж, Молдавын хувьд нөгөө хэдтэйгээ өрсөлдөхөд арай балчирдана. Харин үлдсэн дөрөв нь хэн нь ч хэнийгээ хожиж мэднэ. Энэ жил тивийн аваргын их шөвөгт шалгарсан Уэльсийн баг арай илүү шанстай нь. Мөн Европын аваргын сорилгыг ес дараалсан ялалтаар дуусгаж, дэлхийн чансааны 10 хүртэл дэвшсэн Австрийн баг анхаарал татаж байна. Энэ хоёр баг дараагийн тойрогт хоорондоо халз тулах болно. Хожсон нь хэсгээ тэргүүлэх сайхан боломж бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ Серб, Ирландын баг тэднийг нэлээд зовоох нь тодорхой.
“Е” ХЭСЭГ
Дани-Армен 1:0
Казахстан-Польш 2:2
Румын-Монтенегро 1:1
Сорилгын хамгийн том сенсаацыг одоогоор Казахстаны баг дэгдээгээд байна. Тэд талбайдаа Европын АШТ- ий дунд шөвөгт шалгарсан Польшийг хүлээн авч, 2:2-оор тэнцэж дөнгөлөө. Казахстанчууд 2007 оноос хойш анх удаа нэг тоглолтод хоёр бөмбөг оруулсан бол довтлогч С.Хижниченко нь дубль хийж, гол баатраар тодров. Хэсгийн хамгийн сул гэгдсэн өрсөлдөгчтэй тэнцсэн нь Польшийн хувьд базаахгүй үзүүлэлт болж байна. Тоглолтын дараа Казахстаны дасгалжуулагч “Польштой тэнцэнэ гэдэг боломжийн үр дүн. Гэхдээ нөгөө талаар бид хоёр оноогоо алдаж байна” хэмээн ярьжээ. Бас л баавартай хариулт байгаа биз. Харин Польшийн супер довтлогч Р.Левандовски “Одоо бид өөрийн нөөц бололцоог 110 хувь ашиглах ёстой” гэсэн байна. Казахстанаас илүү хүчирхэг өрсөлдөгчид хүлээж байгаа тул үүнээс сайн тоглох ёстой гэсэн санааг нь ойлгоход бэрх биш. Хэдийгээр Казахстан хүчтэй багаас оноо зулгааж чадсан ч цаашид ийм тоглолт байнга үзүүлнэ гэж итгэхэд бэрх. Харин нөгөө таван багаас хэн нь торойж гарахыг таамаглахад эрт байна.
“F” ХЭСЭГ
Литва-Словен 2:2
Словак-Англи 0:1
Мальта-Шотланд 1:5
Шинэ дасгалжуулагчтай болсон Английн шигшээ Словакийн талбайд хүндхэн тоглолт хийж, цаг дуусахтай зэрэгцэн хожлын гоол оруулсан нь энэ тойргийн онцлох мөч байв. Тоглолтын дараа дасгалжуулагч С.Эллардайс “Өрсөлдөгч чинь хүн дутуу үлдэх үед чиний багт заавал ялах гэсэн ганц л сонголт үлддэг. Гэсэн хэдий ч словакууд их сайн хамгааллаа. Бид шон оносон. Бас хаалга руу 20 цохилт гүйцэтгэсэн. Ингээд эцэст нь маш чухал хожил авч чадлаа” хэмээн ярьжээ. Английн ахлагч У.Руни шигшээгийнхээ төлөө 116 дахь тоглолтдоо оролцож, Д.Бекхэмийг гүйцэн бүх цаг үеийн хоёрт бичигдэх болжээ. Шигшээд хийсэн тоглолтынхоо тоогоор түүний дээр ганц л хүн бичигдэж байгаа нь хаалгач П.Шилтон (125) юм. Англичууд хэдийгээр орон гаран тоглолттой ч энэ хэсгийг тэргүүлнэ гэж олонх таамаглаж байна. Харин хоёрдугаар байрын төлөө Словак, Шотланд, Словен, Литва гэсэн дөрвөн баг тэмцэх болно. 1998 оноос хойш том тэмцээнд ороогүй Шотландын баг сорилгыг тун эрчтэй эхлүүлсэн. Цаг нь ирлээ л гэж байгаа бололтой. Гэхдээ Словакийн боломж тэднийхээс арай илүүд тооцогдож байна.
“G” ХЭСЭГ
Албани-Македон хойшилсон
Израиль-Итали 1:3
Испани-Лихтенштейн
Энэ хэсэгт Испани, Итали эхний байруудад орж, Лихтенштейн хомоол хамах нь тодорхой. Харин хоёр “И”- гийн хэн нь дээрээ бичигдэж, эрхээ шууд авах нь сонирхол татаж байна. Энэ хоёр баг Европын АШТ-ий дараа дасгалжуулагчаа сольсон. Өдгөө Италийг Ж.Вентура, Испанийг Ж.Лопетеги удирдаж байгаа юм. Лопетеги өмнө нь Испанийн залуучуудын шигшээг маш сайн удирдаж, олонд танигдсан нэгэн. Тэр ч утгаараа залуу тоглогчдыг багтаа их авсан байна лээ. Тиймээс багийн тоглолт нэлээд өөрчлөгдөх байх. Харин Италийн дасгалжуулагч Вентурагийн хувьд сүүлийн 40 жилийн турш улсынхаа дундаж багуудыг удирдсан. Гаргасан амжилт ч шалихгүй болохоор итгэх хүн ховор л байна. Гэхдээ Итали бол Итали. Тэд ямар ч үед хүчтэй өрсөлдөгчийн тоонд орох болно. Дашрамд сонирхуулахад, энэ хоёр шилдэг багийн эхний тоглолт аравдугаар сарын 6-нд, хариу тоглолт 2017 оны есдүгээр сарын 2-нд болно. Энэ тойрогт болсон Албани- Македоны тоглолт цаг агаарын таагүй байдлын улмаас хойшилжээ. Шүүгч 76 дахь минутад тоглолтыг зогсооход тооны харьцаа 1:1 байв.
“I” ХЭСЭГ
Хорват-Турк 1:1
Финланд-Косово 1:1
Украин-Исланд 1:1
Ямар нэг лидер байхгүй, бас сул баггүй хэсэг. Эхний тойргийн гурван тоглолт бүг тэнцээгээр өндөрлөсөн нь үүний нотолгоо. Тэр ч утгаараа хэсгийн хувь заяа хэрхэн өрнөх нь хамгийн их сонирхол татаж байна. Цаасан дээрх бүрэлдэхүүнийг нь харвал Хорватын баг илүү жин дарна. Гэхдээ А.Чачичийн шавь нар Европын АШТ-д медаль авах хэмжээнд яригдаж байсан хэрнээ шөвгийн 16-д хожигдсоныг мартаж болохгүй. Хэсгийн хоёрдугаар байрын төлөө Исланд, Украин, Турк, Финланд өрсөлдөх болов уу. Том тэмцээнд анх удаа оролцож буй гэдэг утгаараа Косово арай балчирдах байх. Гэхдээ тэд Финландын талбай дээр тэнцэж, албан ёсны тэмцээнээс анхны оноогоо авлаа.