Төв цэвэрлэх байгууламжийн засвар аравдугаар сард бүрэн дуусна
Сонгинохайрхан дүүргийнхэн төдийгүй нийслэл даяараа өнгөрсөн зуныг өмхийгөөр амьсгалж өнгөрөөлөө. Зөвхөн энэ зун ч гэлтгүй. Сүүлийн хэдэн жил Төв цэвэрлэх байгууламжийн “тансаг” үнэр Улаанбаатарын хаанаас ч ханхлах болоод удаж байна. Манай сонины сурвалжлах багийнхан даваа гарагт Төв цэвэрлэх байгууламжийг зорилоо. Хойд зүгээс сэвэлзсэн салхитай байсан болоод ч тэр үү, үнэр үл мэдэгдэм сэнхийх аж. Олон компани их засварын ажилд дайчлагдсан болохоор Төв цэвэрлэх байгууламжийн байдал арай сайжирчээ. Бохир хүлээж авдаг анхны цэг дээр бүрэн засвар шинэчлэл хийж, тунгаагуурын хүчин чадал нэмэгдсэн байна. Төв цэвэрлэхийн голд байрлах анхдагч тунгаагуураас гарах усны бохир багассан нь илт харагдана билээ.
Өтгөн ногоон ус тунарч харагддаг тунгаагуурын хэсэг саармаг ус ялгаруулж байна. Бид тус байгууламжийн ашиглалтын албаны инженер Ц.Болдтой уулзсан юм. Тэрбээр “Одоо манай байгууламж ердийн горимоор ажиллаж байгаа. Өмнөх Ерөнхий сайд газар дээр нь ирж танилцаад, өөрийнхөө багцаас найман тэрбум төгрөг тусгаж өгсөн. Энэ хөрөнгө оруулалтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас засвар хийсэн.
Нийт 20 ажил хийхээр төлөвлөж оруулснаар 12 нь 100 хувийн гүйцэтгэлтэй дууссан. Бусад нь одоо ид өрнөж байна.
Зураг төслийн гурван ажил хараахан эхлээгүй. Байгууллага өөрөө 2016 оны төсвийн хүрээнд тодорхой ажил хийлээ. Одоогоор 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Засвар сайн хийсэн ч технологийн горим мөрдөхөд маш хүндрэлтэй байдаг. Төв цэвэрлэх рүү нийлүүлж буй усны бохирдлын хэмжээ буурахгүй байна. Ахуйн бохир ус хүлээж авах зориулалттай байтал үйлдвэрийн буюу хэт өндөр бохирдолтой ус нийлүүлсээр байгаа. Мөн хоногт бид 170 мянган метр куб ус хүлээж авах хүчин чадалтай. Гэтэл өнөөдрийн байдлаар 185 мянган шоометр бохир нийлүүлэгдэж байна. Тэгэхээр ирж байгаа усны бохирдол өндөр, хэмжээ их учраас технологийн горим алдагдах үе гардаг. Үнэхээр түвэгтэй учраас цэвэршүүлж байгаа усны бохирдлын хэмжээ 70 хувиас хэтрэхгүй байна. Туул гол руу нийлүүлж буй усны бохирдлын хэмжээ ч төдийлэн буураагүй.
Энэ зуны засвар шинэчлэлийн ажил сайн боллоо. Ирэх сарын 15-н гэхэд манай байгууллагын засварын ажил бүрэн дуусна. Найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлыг Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг маш сайжрууллаа гэж үзэхэд өрөөсгөл. Ойрын жилд засварлах шаардлагатай тулгамдсан асуудлаа шийдсэн. Тоног, төхөөрөмж шинэчилснээр усыг сайн цэвэршүүлдэг болсон гэж ойлгож болохгүй. Ирж байгаа усны бохирдлын хэмжээг бууруулахад ямар ч ажил хийж чадахгүй байна. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас ярвигтай. Энэ асуудлыг шийдэж байж ирж байгаа бохир усны асуудлыг шийдэх боломжтой. Эхний ээлжинд лагийн талбайн 44 картны үнэрийг дарах ажил хийсэн. Гүйцэтгэл нь 75 хувьтай байна. Тодорхой арга хэмжээ авсан болохоор үнэр харьцангуй саармагжсан. Гэхдээ удахгүй карт суллах ажил хийхээр лагийн үнэр дахиад үнэртэнэ. Одоо бол шахсан лаган дээр бодис цацсан учраас үнэр гайгүй байгаа юм” гэлээ.
Удахгүй карт суллах ажил хийхээр лагийн үнэр дахиад үнэртэнэ
ГЭРЭЭ ЦУЦАЛСНААС БОЛЖ, ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ҮҮСЭЭД БАЙНА
Төв цэвэрлэх байгууламж нэг үеэ бодвол амьсгаа авахтай болжээ. Шарилж ургаж, хөрс нь чийг даасан мэт хүрэнтэн харагддаг лагийн талбайг ухаж сэндийлэн цэвэрлэж, халдваргүйжүүлсэн лагаа хэсэг газар ангилж тавьсан байв. Хааш хаашаа 40 гаруй метр дөрвөлжин талбайн гүн нь гурван метр. Ийм хэмжээний талбай бол Төв цэвэрлэх байгууламжийн ердөө нэг лагийн карт нь. Ижил хэмжээтэй 44 картыг цэвэрлэхэд зуны гурван сар хүрэлцээгүй талаар гүйцэтгэгч компанийнхан учирлав.
Цаашид олон ажил хийх шаардлагатай байсан ч зарим нэг гүйцэтгэгч компанийнх нь гэрээг Захирагчийн ажлын албанаас цуцалсан байна. Гэрээ цуцлагдсан ч бид хүлээсэн үүргээ биелүүлж, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэж лагийн талбайн үнэрийг дарах үүрэг хүлээсэн “ЕСС” болон “ЮТО” компанийн төслийн удирдагч Ө.Хүдрээ хэллээ. Тус компанийн ажилчид гурван картны лагийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх ажил хийжээ. Лагийн үнэрийг дарж, халдваргүйжүүлээд бордоо болгосон тухайгаа ч тэрбээр танилцуулсан. Халдваргүйжүүлсэн лагийг хөрс болгож, бордож ургуулсан цэцгийг нь харлаа. Тус компани ажилчдынхаа түр байрлах байрны өмнө наранцэцэг хийгээд бусад төрлийн цэцэг тарьсан нь өндөр ургажээ. Бохир лаг бордоо болж, цэцэг ургуулах сайн хөрс болох боломжтой гэж Ө.Хүдрээ сонирхуулсан юм.
Түүнээс бид зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компанийн хийхээр төлөвлөсөн ажил дуусаагүй байгаа юм байна. Ямар шалтгаанаар саатаад байна вэ?
-Анх зургаан компани нийлж консерциум болж, тендерт оролцоод Төв цэвэрлэх байгууламжид засвар хийх гэрээ байгуулсан. Нийт 15 га газар лаг хуримтлагдсан. 20-иос илүү жилийн хуримтлал үүссэн учраас богино хугацаанд бүрэн цэвэрлэх боломжгүй байлаа. 44 картанд хуримтлагдсан 250 мянган тонн лаг цэвэрлэхэд хугацаа хэрэгтэй. Флокулянтыг усанд хольсноор хоёр жил цэвэрлэх ажлыг хоёр сар болгож богиносгосон. Лагийн талбайд сараалжин худаг суурилуулаад ирэхээр өтгөн лаг шүүгдэж үлдээд, саармагжуулсан ус цаашаа нийлүүлэгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна химийн гумины хүчилтэй бордоо ашиглаж, лагийг бүрэн халдваргүйжүүлэх шинэ технологи нэвтрүүлсэн. Нийлүүлэгдэж байгаа бохир усанд өөх, тос их хэмжээгээр агуулагдсан байдаг. Өөх, тос ихтэй учраас бичил биет үржих таатай орчин болдог. Тиймээс өөх тостой усыг халдваргүйжүүлээд, хоргүй болгоод лагаар нь бордоо хийж ашиглах боломжтой болгосон. Нэг үгээр хэлбэл, цэвэр эко хөрс болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдлээ гэсэн үг.
-Өөрсдөөсөө гаргасан санхүүжилтээ Сангийн яамнаас авсан юм уу?
Лагийн талбай руу халдваргүйжүүлэх бодис цацаж ариутгасны дараа шинжилгээнд өгч үзсэн. Халдваргүйжүүлэх ажлын үр дүн сайн гарсан. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Тавдугаар сард эхний ажлын тайлангаа Захирагчийн ажлын албанд гаргаж өглөө. Бид дөрөвдүгээр сарын 13-нд ажлаа эхэлсэн. Гэрээний хугацаа долдугаар сарын 1-нд дуусгавар болох байлаа. Эхний ээлжинд шаардлагатай хөрөнгөө өөрсдөө гаргаж, ажил гүйцэтгээд, гэрээгээ дүгнэж санхүүжилт авсан. Уг нь гэрээнд зааснаар бол лагийн талбайг цэвэрлэх технологи нэвтрүүлж, тоног төхөөрөмж нийлүүлэх байсан юм. Бид тэрбум орчим төгрөгийн ажил гүйцэтгээд, Сангийн яамнаас 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Энэ мөнгөөрөө ОХУ-аас нийлүүлэх тоног төхөөрөмж худалдаж авах захиалга өгсөн. Үндсэндээ 50 мянган тонн лаг цэвэрлэчихээд байна. Гэрээний хугацаа дууссан ч бид өдөр өнжилгүй ажиллаж байгаа. Ажлаа дуусгаж амжихгүй байгаа учраас гэрээгээ хоёр жилээр сунгах хүсэлтийг Захирагчийн ажлын албанд тавьсан юм. Гэтэл Захирагчийн ажлын албанаас саяхан манай компанийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зогсоолоо гэдгээ мэдэгдсэн. Та нар зөвхөн лагийн ажлаа долдугаар сарын 1-нд дуусгах ёстой байсан гэж хэлсэн.
-Танай байгууллага тэгвэл лагийг бүрэн цэвэрлээд хүлээлгэж өгнө гэсэн үг үү?
-Оросуудтай хамтраад шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэвч хүлээж авах, эсэх нь тодорхойгүй болчихлоо. Засаг солигдсоноос болоод ч тэр үү хоёрдмол байдал үүсчихлээ. Гэхдээ бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж лагаа цэвэрлэсээр л байгаа.
-Картнуудын лагийг цэвэрлэхэд хэр хүндрэл учирч байна вэ?
-Анх цэвэрлэж эхлэхэд амаргүй байсан. Манай ажилтнууд хоёр өдөр лагийн талбай дээр ажиллаад л бүх биеэр нь тууралт гарч загатнасан. Ус сувгийн удирдах газраас хийсэн засвараас болоод технологийн алдаа гарч өмхий үнэр илүүтэй тархсан аж. Гэхдээ одоо асуудал шийдэгдсэн гэж холбогдох мэргэжилтэн тайлбарласан юм. Төв цэвэрлэх ямартай ч нэг үеэ бодвол сэхэл авахтайгаа болжээ. Харин одоо арьс ширний үйлдвэрүүдээс нийлүүлж байгаа бохирын асуудлыг шийдэх л үлдэж байна. Захирагчийн ажлын албаны Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоох арьс, ширний үйлдвэрүүдэд шалгалт хийж өгөөч гэсэн хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тавьжээ.
ЗГМ:ТОДРУУЛГА “Засвар үйлчилгээ чанартай болсон гэж үзэж байгаа”
Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажилд хөндлөнгийн хяналт хийсэн “Хайдо Проект” компанийн захирал Х.Бат- Ирээдүйтэй уулзлаа. Тэрбээр биднийг дагуулан явж засвар шинэчлэл хэр хийгдсэн талаар мэдээлэл өгсөн юм.
-Хөндлөнгийн хяналт тавьсан байгууллагын хувьд засвар үйлчилгээний чанарын талаар юу хэлэх вэ?
-Баруун сараалжин худгаас эхлээд засвар үйлчилгээ хийсэн. Энэ сараалжны хаалтууд ажиллагаагүй болсон байсныг шинэчилсэн. Хэд хэдэн цэг дээр их засвар хийлээ. Хөндлөнгийн хяналтын байгууллагын хувьд засварын ажил чанартай болсон гэж дүгнэж байгаа. Баруун сараалжаас дамжиж ирдэг анхдагч тунгаагуурт өөх, тос умбуур бодисыг элс баригчаар хамж авдаг. Энэ хэсэг хамгийн их үнэр гаргадаг талбай нь. Мөн Түүхий үлдэцийн насос станцын тоног төхөөрөмжийг бүрэн сольсон. Бас идэвхт лагийн насос станцын бүх төхөөрөмжийг солиод байна. Байшин руугаа бохир 600-гийн шахуургаар орж, гарахдаа 400-гийн шахуургаар гардаг байсан. Тиймээс энэ хэсгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
-Туул гол руу цутгадаг хэсгийн усны бохирдлын хэмжээ буурсан уу?
-Туул гол руу нийлүүлдэг хэсэг дээр Балжийн гол дахь хоолой эвдэрсэн байсныг засаж сэлбэлээ. Олон жилийн өмнө л Сангийн яамны шугамаар хийсэн хоолой юм билээ. Эхний ээлжинд шаардлагатай засварыг л хийлээ. Бүрэн шинэчилнэ гэвэл асар их хөрөнгө орно. Балжийн голын цутгадаг хэсгийн усны бохирдол буурсан. Очиж үзвэл арай л өөр болсон нь харагдана даа.