Золбин нохой, муурны тоо жилд дунджаар таван хувиар өсөж байна
Нийслэлийн 1.3 сая хүн амтай зэрэгцэн амьдардаг золбин нохой, муурны тоо үржихийн хүрдээр өссөөр байна. Хүүхэд хөгшдийг айлгадаг, гудамж талбай бохирдуулдаг, халдварт өвчин тараадаг гээд муу бүхний жишээг тэднээр татаж болно.
Тэрчлэн ашиггүй энэ амьтдын тоог хязгаарлах асуудал толгойны өвчин болоод байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн түүвэр судалгаанаас харъя. Улаанбаатарт 300-320 мянган эзэнгүй нохой, муур байдаг аж. Дөрвөн хүнд нэг нохой, эсвэл муур ногдож байна гэсэн үг.
Нэг нохой амьдрах хугацаандаа хэд болж үрждэгийг олохын тулд хэдэн тоо бодъё. Эм нохой зургаан сартайгаасаа үржилд орж эхэлдэг бөгөөд жилд хоёр удаа хээлтдэг. Зургаан сартайгаасаа есөн нас хүртлээ ойролцоогоор 17 удаа гөлөглөнө. Нэг удаад дунджаар зургаан гөлөг тээдэг гэж тооцвол 102-ыг гаргах нь. Энэ хугацаанд түүний үр удам мөн л ийн геометр прогрессоор өсдөг тул үлэмж их тоо гарахаар байгаа биз. АНУ-ын Амьтны эрхийг хамгаалах “PETA” сангийн мэдээлснээр нэг эм нохой зургаан жилд 67000, нэг эм муур долоон жилийн хугацаанд 370000 болж үрждэг юм байна.
ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ТАТВАР
Улаанбаатар хотын захиргаа бидний хүсээгүй, хайрлаагүй “оршин суугчид”- ын тоо толгойг цөөрүүлэхийн тулд нохой, муурыг буудаж устгадаг. Үүнд жилд дунджаар 800 сая төгрөг зарцуулдаг аж. 2016 онд л гэхэд 892.5 сая төгрөг төсөвлөснөөс эхний есөн сарын байдлаар 633.1 саяар 64730 нохой, муурыг цааш харуулсан байна. Мөн багагүй хөрөнгөөр сэг зэм шатаах хоёр зуух ажиллуулдаг ч ачааллаа дийлэхгүй байгаа талаар дурджээ.
Ийм атал золбин амьтдын тоо буурахгүй, харин ч өссөөр. Энэ нь бид буруу аргаар будаа тээгээд байгааг харуулах шиг. 2002 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам”-ыг баталсан. Гэвч энэ нь өдгөө хэрэгждэггүй “амьгүй” журмуудын нэг болжээ. Тиймээс нэн түрүүнд шинэчлэх ажил эхэлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Ажлын хэсэг байгуулаад байна. Хэлэлцүүлэгт явж буй шинэ журамд эхлээд эзэнтэй нохой бүрийг бүртгэх, бүртгэлтэйгээс нь татвар авдаг байсныг сэргээх асуудал багтжээ. “Бүртгэлгүй учраас эзэн нь хариуцлага хүлээдэггүй, вакцинд хамруулдаггүй. Нохой хашаанаас дуртай цагтаа гардаг учраас замбараагүй хээлтэж, үрждэг. Өмнө нь авдаг байсан 5000 төгрөгийн татварыг сэргээснээр тэжээвэр амьтдад нь туулга уулгах, вакцин хийх зэрэг үйлчилгээ үзүүлнэ” гэж нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун хэллээ.
Амьдрал хүнд байхад юун нохой, муурны татвар вэ хэмээн дургүйцэх хүн цөөнгүй гарах байх. Арав гаруй жилийн настай ч ажил хэрэг болоогүй энэ татварыг заавал “амилуулах” ёстой гэж албаныхан анхааруулав. “Бүртгэлийн асуудал мал эмнэлгийн хараа хяналтаас гарсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эмх замбараагаа алдаж, золбин нохой дийлдэхээ болилоо” гэж Нийслэлийн Мал эмнэлгийн газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр халаглав.
Улаанбаатарт малын 20, жижиг амьтны 10 гаруй эмнэлэг байдаг
Тэрбээр “Нохойг бид хөрөнгө, амь насаа хамгаалуулах гэж тэжээдэг хэрнээ ямар ч зардал гаргахгүйг хичээдэг. Ер нь золбин нохой дийлдэхгүй байгаа нь иргэдийн хүн чанартай холбоотой. Нохойгоо хараа хяналтгүй гадуур гаргана. Ингээд гөлөглөх тоолонд нь эрийг нь аваад эмийг нь хаядагаа болих хэрэгтэй” гэв. Нохойны шүлсээр дамжиж цагаан хорхой, хялгасан хорхой, бэтэг, арьсны хачиг гэх мэт цөөнгүй өвчин хүнд халддаг аж. Гэтэл монголчууд хашаан дахь нохойдоо вакцин хийлгэдэг нь тун ховор. 1000 төгрөгөөр вакцин хийгээд өгье гэхэд л дургүйцдэг хэмээн малын эмч нар толгой сэгсрэв.
САЙН ТУРШЛАГА
Нийслэлийн захиргаанаас дараагийн шатанд эзэнгүй нохдыг нийтээр нь устгалд оруулахаар зэхэж байна. Харин эзэнтэйнх нь үржлийг хязгаарлах арга хэрэглэхээр ярьж буй. Спэй гэх энэ аргыг дэлхийн олон оронд хэрэглэдэг, амьтны эрхийг хамгаалах байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөг аж.
Спэй нь эм амьтны хэвлийн хөндийг нээж, сав, өндгөвчийг нь авдаг жижиг хэмжээний мэс ажилбар юм. Харин эрийг нь хөнгөлдөг. Тухайн амьтандтуулга уулгаж, вакцин хийсний дараа нойрсуулагч бодис болон бусад эм тариа хийдэг учраас бараг эрсдэлгүй” гэж “SOS animal health” эмнэлгийн захирал Ж.Гэрэлтуяа тайлбарлав. Үнэ өртгийн хувьд эм нохойд ийм мэс ажилбар хийхэд биеийн жингээс нь хамаарч 180-аад мянган төгрөг байдаг аж. Ж.Гэрэлтуяа эмч “Нэг нохойд 150-180 мянган төгрөг зарцуулдаг нь үнэтэй санагдаж магадгүй. Гэхдээ нэг эм нохойн үржлийг хааснаар 100-г устгах 1.2 сая төгрөгийг хэмнэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.
Харин эр нохойг хөнгөлөх хямд төсөр арга олжээ. Тэрчлэн ХААИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессорын багийн ахлагч доктор С.Бямбацогт болон түүний шавь нар хийж байна. Тэд энэ аргаа хэдийнэ туршжээ.
С.Бямбацогт доктороор ахлуулсан ХААИС-ийн багш, оюутнууд Орхон аймагт “Нохой, муурны нөхөн үржихүйг мэс заслын аргаар хязгаарлах боломж” төсөл хэрэгжүүлж, үр дүнг нь жил хагасын дараа харсан аж. 2014 онд тус хотод 8000 нохой, 800 муур хэрэн тэнүүчилдэг байсан бол өдгөө золбин амьтад бараг үгүй болсон байна. Орхон аймаг ийнхүү Улаанбаатар хотын нэг дүүргийн золбин нохой устгах нэг жилийн төсөв буюу 153.4 сая төгрөгөөр л асуудлаа шийдсэн байх юм. Мөн оройн 20.00 цагаас хойш нохойгоо сул тавихгүй байх журам гаргасан нь Улаанбаатар хотод ч зайлшгүй хэрэгтэй санаа, сайн туршлага.
С.Бямбацогт доктор нохой барих зориулалтын уурга, эрийг нь хөнгөлөх тарту-шаб бахийг зохион бүтээжээ. Энэ бол бидний ярих дуртай инновацийн нэг жишээ. Орхон аймагт хэрэгжсэн энэ төслийг нийслэлийн холбогдох албаныхан сөхөөд харчихад гэмгүй.
Нохой гэдэг амьтан хоол гуйж явдаг тэнэмэл заяанд төрөөгүй. “Нохойн орон” гэх муу нэрийг өөрчлөх түлхүүр нь бидний хандлага, үзэл бодолд байна гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.
С.Бямбацогт: Золбин нохойг устгахдаа энэрэнгүй үзлийг баримтлах хэрэгтэй
ХААИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессорын багийн ахлагч, доктор С.Бямбацогтоос Орхон аймагт хэрэгжүүлсэн төслийн талаар тодрууллаа.
-Эм нохойн савыг авах, эрийг нь хөнгөлөх нь шалгарсан арга мөн үү?
-Олон улсад энэ аргыг энгийн, байх ёстой зүйл мэт хүлээж авдаг болсон. Монгол, ОХУ шиг золбин нохойндоо баригдчихсан улс орон дэлхийд байхгүй. Ялангуяа Европт бол нохой болгон эзэнтэй. Гэрийн тэжээмэл амьтандаа вакцин хийлгэж, татвар төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг мэт хэвшсэн байдаг. Манайх шиг нохой, муурыг буудаж, харгис аргаар хөнөөдөг орон хуруу дарам цөөн болсон. Устгах, үржлийг нь хязгаарлахдаа бид энэрэнгүй үзлийг баримтлах хэрэгтэй.
-Орхон аймагт хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнгээс ярихгүй юу?
-ХААИС-ийн багш, оюутнуудаас бүрдсэн баг Орхонд очиж нохой, муурны үржлийг хязгаарлах төсөл хэрэгжүүлсэн нь Монголдоо анхных. Үр дүнд нь Орхон аймаг золбин амьтдаасаа салж, манай 10 гаруй оюутан эрдэм шинжилгээний ажил хийсэн. Бид 5640-ийг бүртгэлтэй болгож, 2500 эр нохойг хөнгөлсөн. Мөн 421 эм нохой болон муурны сав, өндгөвчийг авах мэс ажилбар хийлээ. Энэ төсөл, жишгийг Улаанбаатар хотод хэрэгжүүлбэл иргэдэд хэрэгтэй гэж боддог. Монгол Улс нохойн орон баймааргүй байна. Энэ ажлыг мэргэжлийн хүмүүс шат дараатайгаар хийж байж үр дүнд хүрнэ.
-Улаанбаатарт хэрэгжүүлэх боломж хэр байна вэ. Хэр хугацаа шаардах бол?
-Бүрэн боломжтой. Ганцхан жилийн дотор бүх нохойнд мэс засал хийнэ гэж байхгүй. Бид наад зах нь гурван жил, цаад зах нь таван жилийн дараа үр дүн гарна гэж үзэж байгаа.
-Та өөрийн зохион бүтээсэн тарту-шаб бахийг тайлбарлана уу?
-Тарту-шаб бол маш богино хугацаанд хөнгөлөх арга. Одоо задгай буюу хуйхнагийг нь ярж байгаад төмсгийг нь авах ил арга хэрэглэдэг. Харин бид мэдээ алдуулах тариа хийсний дараа тусгай бахиар хоёр талд нь хавчих битүү аргыг амьдралд нэвтрүүлсэн. Амьтныг ч зовоохгүй, цаг хугацаа ч бага орно.
-Тэгвэл эзэнгүй нохдыг яаж устгаж байсан бэ?
-Шинжлэх ухаан бол энэрэнгүй үзлийг дэлгэрүүлэгч байдаг. Тиймээс тариагаар унтуулах арга хэрэглэсэн. Нэг нохойг устгахад 12 мянган төгрөг зарцуулдаг. Харин тариаг олноор нь хэрэглэх тусам үнэ нь буурдаг учраас буудахаас бага зардал гарна. "Эрдэнэт" үйлдвэрийнхэн энэ төсөлд зориулж гүнзгий нүх ухаж өгсөн. Тэнд нь булж, ариутгах бодисоор үелүүлэн устгасан. Энэ аргыг ч бас Улаанбаатар хотод хэрэглэх хэрэгтэй. Шатаах зуухнаас илүү хямд төсөр шүү дээ.