Хятадууд хоккей тоглож чаддаг болсон уу

Спорт

Тивийн хоккейн лигийн шинэ улирлын гол сенсаац нь Хятадын “Кунлунь Ред Стар” баг болоод байна. Байгуулагдаад зургаахан сарын нүүр үзэж буй энэ баг том лигт орж ирээд балчирдсангүй, эхний хоёр тоглолтод дараалан хожлоо. Тэд эхний тоглолтоо Хабаровск хотын “Амур” багийн талбайд хийж, 2:1-ээр ялсан. Дараа нь “Адмирал” багийг Бээжин хотноо хүлээн авч, 6:3-аар хожоод буцаажээ. Хоккейн спортод сураггүй улсын баг гараагаа ийнхүү эрчтэй эхлүүлсэн нь олон хүнд гэнэтийн явдал байв.

“Ред Стар” хэдийгээр Хятадын баг ч бүрэлдэхүүнд нь урд зүгийн хоккейч бараг үгүй. Багийн удирдлагууд амжилт гаргахын тулд сайн хоккейчдыг мөнгөөр урвуулан авах ёстой гэдгийг ойлгож, ихэвчлэн орос, финланд тамирчдаар багийнхаа цөмийг бүрдүүлжээ. Мөн Канад, Швед, Америк зэрэг хоккей өндөр хөгжсөн орны тамирчид ч байна. Тэдний дунд цагтаа NHL-д тоглож байсан зургаан тамирчин бий гээд бод доо. Тун давгүй баг бүрдүүлсэн байгаа биз. Тиймээс хоккей хөгжөөгүй Хятадын баг том лигт орж ирээд гялалзтал тоглосоор байгаа юм.

Тэд бас өөрийн орны тамирчдыг авахаа мартсангүй. Хятадын таван ч хоккейч энэ багт орж, туршлага хуримтлуулсаар байна. Шилдэг хоккейчдыг эгнээндээ нэгтгэж, Оросын мундаг мэргэжилтнээр удирдуулсан энэ баг цаашдын урт улиралд хэрхэн тоглох нь сонирхол татсан хэвээр.

Энэ дашрамд Тивийн хоккейн лигийн талаар товчхон сонирхуулья. Оросууд анх NHL-тэй өрсөлдөх хэмжээний лигтэй болохын тулд 2008 онд үүсгэн байгуулсан байдаг. Өөрийн орны багуудаас гадна Европын бусад шилдэг багуудыг эгнээндээ нэгтгэх зорилготой. Энэ зорилго нь аажмаар биеллээ олж, өдгөө Беларусь, Казахстан, Латви, Словен, Словак, Хорват, Финланд, Хятадын багууд хүчээ сорих болжээ. Яваандаа Норвеги, Швед, Швейцарь, Итали, Польш, Эстонийн багууд лигт элсэхээр яриа хэлэлцээ өрнөж байна.

Өнгөрсөн жилүүдэд улирлын тоглолт найман удаа явагдахад таван өөр баг түрүүлжээ. Казань хотын “Ак Барс” эхний хоёр жил дараалан түрүүлсэн бол Москва хотын “Динамо” 2012, 2013 онд тэдний амжилтыг давтсан. Мөн “Металлург”, “Салават Юлаев”, “СКА” багууд Гагарины цомд тус бүр нэг удаа түрүүлээд байна. Өнгөрсөн жил Санкт- Петербургийн “СКА” баг “ЦСКА”-г 4:3-аар хожиж, шинэ аваргаар тодорсон юм.


САНАЛ БОЛГОХ