Хариуцах эзэнгүй 142 гэрлэн дохио

ЗГМ: Тодруулга

Гэрлэн дохио гэдэг хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой обьект

Улаанбаатар хотын зарим гэрлэн дохио асахаа байгаад удаж байна. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ц.Мөнхбаяраас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэдэн гэрлэн дохио асаж байна вэ. Ажиллахгүй байгаа газар бий юу. Тийм бол ямар шалтгаантай вэ?

-Замын хөдөлгөөний удирдлагын төв Улаанбаатар хотын 142 гэрлэн дохионы ашиглалтыг хариуцдаг. Өнөөдрийн байдлаар "Скайтел" төвийн зүүн талын замын гэрлэн дохионоос бусад уулзвар, газрын дохио хэвийн ажиллаж байна. Ажиллахгүй байгаа гэрлэн дохионы хувьд өнгөрсөн жил нийслэлийн Авто замын газрын захиалгаар хийлгэсэн юм. Гэвч гүйцэтгэгч компанид нь мөнгийг нь өгөөгүй. Ингээд хийсэн компани нь гэрлэн дохио удирддаг удирдлагыг нь аваад явчихсан.

Тендер зарладаг боловч оролцсон компаниуд нь гомдол гаргах мэтээр заавал хугацаа алддаг.

-Ер нь гэрлэн дохионы засвар үйлчилгээг хариуцдаг газар гэж бий юу. Хэрэв эвдэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Манайх гэрлэн дохионы ашиглалтыг хариуцдаг ч жил болгон засвар үйлчилгээ хийх компанийг тендер зарлаж шалгаруулдаг. Харамсалтай нь, жил бүр зарладаг тендер ямар нэг шалтгаанаар заасан хугацаанаас хойшилдог. Жишээлбэл, энэ жилийн засвар үйлчилгээг хариуцсан компани одоо хүртэл шалгараагүй, гэрээ нь хийгдээгүй байна. Ер нь жилийн жилд л энэ байдал давтагддаг.Өнгөрсөн гурван жил гэхэд л тендерийн шалгаруулалт долоон сард болж байсан. Тэгэхээр нэгдүгээр сарын 1-нээс долоо, наймдугаар сар хүртэл гэрлэн дохионуудыг хариуцах эзэн, компани байхгүй байна гэсэн үг шүү дээ. Гэрлэн дохио гэдэг хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой обьект. Тендер зарладаг боловч оролцсон компаниуд нь гомдол гаргах мэтээр заавал хугацаа алддаг. Бидний хувьд хурдан гүйцэтгэгчтэй болох хүсэлтэй байдаг.

-Гэрлэн дохионд стандарт гэж бий юү. Хэтэрхий олон жилийн насжилттай дохионуудыг сольдог уу?

-Гэрлэн дохионы насжилтыг арван жил гэж тооцдог. Гэхдээ цахилгаан, тоног төхөөрөмжийн шинэчлэл урсгал засвараас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Харин бүх эд анги нь 10 жилээс давсан тохиолдолд зайлшгүй солих ёстой. Мөн машин мөргөх, цахилгаан шатах зэрэг гаднын хүчин зүйлээс шалтгаалж насжилт нь мууддаг тал бий.

-Явган хүний гэрлэн дохионд секунд заасан байдаг. Гэхдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ хугацаанд гарч амждаггүй. Үүнийг ер нь хэрхэн тооцоолсон байдаг юм бэ?

-Хүн дунджаар нэг секундэд нэг метр явдаг гэж тооцоолсон байдаг. Зам 2-4 эгнээтэй. Нэг эгнээ нь 3.5 метр. Тэгэхээр эсрэг урсгалтайгаа нийлээд дөрвөн эгнээтэй зам байна гэж тооцвол 14 метр болно. Иймд 14 секунд туулах боломжтой гэж үзээд уулзварын өргөнөөс шалтгаалан 14-30 секундын хооронд ногоон гэрэл асаж байхаар тохируулсан.


САНАЛ БОЛГОХ