Зүй бусаар үхэх албагүй

Нийтлэлчийн булан

Халдварт бус өвчний эдийн засагт үзүүлэх хохирол төсөөлснөөс их

Бүхий л амьдралынхаа туршид эрүүл мэндээ үл огоорон мөнгөний төлөө хөдөлмөрлөнө. Ингээд олсноо эрүүл мэндээ эргүүлэн олж авахад зарцуулдаг хүн хэмээх амьтныг ойлгодоггүй тухайгаа XIV Далай лам нэгэнтээ хэлсэн байдаг. Монгол Улсын 30-70 насны иргэдийн 32 хувь нь наснаасаа эрт буюу халдварт бус өвчнөөр нас бардаг гэсэн ДЭМБ-аас 2013 онд гаргасан энэхүү тоог хараад өөрийн эрхгүй дээрх эшлэл толгойд зурсхийв. Гарцаагүй халдвар авснаасаа болж биш, олон жил буруу хэв маягаар амьдарсны дүнд ийнхүү гурван хүн тутмын нэг нь цаг бусаар хорвоог орхиж байна. Энэ нь Монгол Улсыг ийм өвчлөлөөр бүс нутагтаа толгой цохих хэмжээнд хүргэжээ.

Тодруулбал, нийт нас баралтын 72 хувь нь халдварт бус өвчнөөс шалтгаалжээ. Тэр дундаа 70-аас доош насны эрэгтэйчүүдийн 69.2, эмэгтэйчүүдийн 54.7 хувь нь үүнд хамаарч байна. Энэ бол Номхон далайн баруун бүсийн орнууд дундаа халдварт бус өвчний тархалт өндөртэй орнуудын долдугаарт эрэмбэлэгдэх үзүүлэлт.

Халдварт бус өвчний хохирол долоон их наяд ам.доллараар хэмжигдэнэ

Халдварт бус өвчний талаарх судалгааг ДЭМБ-аас 2003 оноос манай улсад хийж ирэхэд таван жил тутмын энэхүү судалгаагаар өвчлөлийн тархац тасралтгүй өсөн нэмэгдэж иржээ. Энэ судалгаа ном ёсоороо 2018 онд шинэчлэгдэхэд ямар аймшигтай тоо хүлээж байгааг таахын аргагүй.

Хүн олон жил буруу хэв зуршлаар амьдарсны дүнд бий болдог халдварт бус өвчлөлийн эдийн засагт үзүүлэх нөлөө асар их. Ганцхан гэр бүлээр жишээ татъя. Сургуулийн насны нэг, цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй гэр бүлийн эцэг, эхийнх нь хэн нэг нь өвчиллөө гэж бодоё. Санхүүгийн боломжтой бол эмнэлэгт хэвтэнэ. Боломжгүй бол гэрээрээ эмчилгээ хийлгэнэ. Өвдсөн нэгнээ нөгөө нь асрах хэрэгтэй. Ингэхэд тухайн хүн гэртээ орлого авчирдаг байсан бол одоо эмчилгээний зардлаас гадна өөрийгөө асруулах хүний ажлыг алдуулах болно. Хэрэв өвчин нь хүндэрч, эмчилгээ удааширвал тухайн өрх гэрийн санхүүгийн байдал хүндэрнэ. Хүүхдээ дугуйланд явуулах байсан бол болино. Хоол хүнсний чанар ч муудна. Эрүүл мэндийн байгууллагаас даатгалаар дамжуулан энэ хүний эмчилгээний зардалд мөн л тодорхой зардал гаргана. Ингээд нэг гэр бүлийн нэг гишүүн өвчлөхөд түүнийг дагаад их хэмжээний санхүүгийн хямрал нүүрлэдэг. Харин үүнийг том зургаар нь аваад үзвэл улс орны эдийн засагт маш том дарамт учруулдаг талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Банкок дахь судалгааны багийн ахлагч Надиа Рашийд ярилаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар мэргэжилтэн, судлаач нар манай оронд долоо хоногийн хугацаатай саатаж байгаа юм. Тэрбээр энэхүү багт ажиллаж буй бөгөөд Монгол Улсад халдварт бус өвчний хөрөнгө оруулалтын тохиолдол судалгаа хийхээр зорьжээ. Энэ нь түүний хэлсэнчлэн халдварт бус өвчний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл болоод түүнээс урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө оруулснаар ямар үр ашиг хүртэх тооцооллыг гаргах гэж буй аж.

Судалгааны үр дүнг хамгийн түрүүнд Засгийн газарт танилцуулна

Монгол Улсын хувьд халдварт бус өвчний үзүүлэлтээрээ бүс нутагтаа дээгүүр жагсаж буйг дээр дурдсан. Ялангуяа, 30-70 насны иргэдийн нас баралтын шалтгааны 43 хувийг зүрх судасны өвчлөл эзэлж буй нь анхаарахгүй байх аргагүй тоо. Үхэлд ийн хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйл нь өнөөх алдартай архи, тамхи, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол багтаж байгаа юм. Хүний зүрх насан туршдаа нэг ч хором амардаггүй эрхтэн. Гэвч жин нэмж, архи, тамхи хэрэглэснээр алгын чинээ зүрхнийхээ ачааллыг хэд дахин нэмэгдүүлдгээ хүн мэддэггүй. Байх ёстой хэмжээнээс ганцхан кг жин нэмэхэд л хүний судас нийт 23 орчим км сунадгийг шинжлэх ухаанаар баталсан байдаг. Судас ийн уртсах хэрээр нимгэрч, нарийсна. Харин үүн дээр нь тамхи их хэмжээгээр татсанаар судасны хана өөхөлж, дотуур гүйх цусны эргэлт удаашран саатна. Энэ мэт шалтгаанаас болж нэг л өдөр зүрхний өвчтэй болсон байдаг. Эсвэл цус харвадаг. Бүгдээрээ л засаж залруулах боломжтой хэрнээ хувь хүний салахыг хүсдэггүй, эсвэл чаддаггүй энэ мэт зуршлууд үхэлд хүргэдэг нь харамсалтай. Энэ бол зөвхөн зүрх судасны өвчлөл.

Үүний цаана байгаа чихрийн шижин, хорт хавдар, таргалалт гээд халдварт бус өвчний төрлүүдийг авч үзвэл өрхийн хийгээд Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хор хохирол учирч буй нь дамжиггүй. Ямартай ч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан тооцоогоор буурай болон хөгжиж буй орнууд 2011-2025 онд халдварт бус өвчний улмаас долоон их наяд ам.долларын хохирол амсахаар байна. Үүнээс 11.2 тэрбум ам.доллар нь таргалалтын эсрэг зарцуулагдах тухай ч дурджээ. Тиймээс улс орны Засгийн газрууд одооноос энэ асуудалд анхаарал хандуулж, халдварт бус өвчнөөс иргэдээ урьдчилан сэргийлэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, хөрөнгө оруулахгүй бол ирээдүйд, 10, 20 жилийн дараа өнөөдрийн хөрөнгө оруулалтыг хэд дахин нугалсан хохирол амсахыг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Урьдчилан сэргийлэх хувилбар олон байгааг НҮБ-ын судлаачид дурдсан юм. Тухайлбал, согтууруулах ундааны хэрэглээг бага хэмжээнд хориглоход л нас баралтыг 10 хувиар бууруулах боломжтой аж. “Тамхины тусгай албан татварыг нэмэгдүүлэх нь маш үр дүнтэй нэг арга. Татварын хэмжээ өссөнөөр иргэдийн худалдан авах чадварт тодорхой хэмжээгээр нөлөөлж, татах нь багасдаг. Энэ бол хүндээ хэрэгтэй бодлого. Нөгөө талаас татвараас төсөвт орж ирсэн мөнгөөр эрүүл мэнд, тодруулбал халдварт бус өвчинтэй тэмцэх чиглэлээр Засгийн газар ямар ч ажил хийж болно” хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч, судалгааны багийн ахлагч Ник Банатван ярьсан.

Тийм ч учраас халдварт бус өвчний хөрөнгө оруулалтын тохиолдол судалгаа хийхээр ирсэн тэд үр дүнг нь хамгийн түрүүнд Засгийн газарт танилцуулахаар төлөвлөжээ. Ялангуяа Сангийн яам энэ үр дүнд илүү анхаарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ник.Б дурдсан. Өнөөдрийн хөрөнгө оруулалт хэтдээ хэчнээн тэрбум ам.долларын ашигтай байхыг энэ судалгааны дүн ойлгуулах учраас тэр.

Засгийн газар ч алгуурлаж огт болохгүй. Яагаад гэвэл иргэдийн дундах өвчлөл өдрөөс өдөрт тэлж, даамжирч буй. Таван жилийн дотор 54 хувь болтлоо 20 гаруй хувиар өссөн илүүдэл жингийн үзүүлэлт 2018 онд магадгүй 80 хувьд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Ер нь заавал гаднын мэргэжилтнүүдээр хэлж яриулж, дэлхийн байгууллагуудын судалгаагаар сэхээ авч засах асуудал биш. Хувь хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, өөрөө өөрийнхөө төлөө муу зуршлаасаа ангижрах алхмыг хийж, амьдралаа шинэчлэхгүй бол халдварт бус өвчтөнүүдийн эгнээнд аажмаар шилжсээр л байх болно. Таны амьдралын хэв маяг нэг л болохгүй байна гэдгийг дээр дурдсан олон тоо харуулж байгаа байх. Яагаад заавал зүй бусаар үхэх ёстой гэж. Заавал 2018 оны шинэ тоо баримтыг харж, сэрдхийх алба байхгүй. Үгүй бол нэг л мэдэхэд өвчтөн болж, Далай багшийн хэлсэнчлэн зовж олсон хэдэн төгрөгөө эрүүл мэнддээ зарцуулж хүрэлцэхгүй хорвоогийн мөнх бусыг үзэх хатуу боловч гашуун үнэн өмнө байна.


САНАЛ БОЛГОХ