Дутерте хэлсэн үгэндээ харамсаж сууна

Дэлхийн хандлага

Жон Мюррей

Хараалаас нь болж хоёр улсын тэргүүний товлосон уулзалтыг Ерөнхийлөгч Барак Обама цуцалсанд Филиппиний удирдагч Родриго Дутерте харамсаж буйгаа илэрхийлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч АС ЕАН-ий уулзалтыг ашиглан Филиппинд болж буй хууль бус аллагын талаар ноён Дутертетэй ярилцахаар төлөвлөж байлаа. Гэвч ноён Обамаг Лаосын нийслэл Вьентьянд газардахаас хэдхэн цагийн өмнө Филиппиний Ерөнхийлөгч сэтгүүлчдийн дунд хараал урсгаад авав. “Би тусгаар улсын Ерөнхийлөгч. Бид колони байхаа болиод удсан. Намайг Филиппиний ард түмнээс өөр хэнбугай нь ч захирахгүй. Хэн ч!” хэмээн ноён Дутерте мэдэгдлээ. Дараа нь Филиппиний тагалог хэлээр “Миний бие та нарыг форум дээр зүхнэ шүү!” хэмээн анхааруулахдаа ноён Дутерте “Янхны хүү!” гэсэн хараал хавчуулав. Харин дипломат яриа ямар байдгийг харуулсан ноён Обама Филиппиний Ерөнхийлөгчийг “Өнгөлөг үг хэлтэй, тод эр” хэмээн тодорхойлов.

Товлосон уулзалт цуцлагдсаны дараа өнгөлөг үг хэлтэй ноён Дутерте “Хэвлэлийнхний зүгээс тавьсан цухалдам асуултад өгсөн эрс хариулт маань АНУ-ын Ерөнхийлөгчид халдсан дайралт болж хувирсанд харамсаж байна” хэмээн мэдэгдлээ.

Бүс нутагт Хятадын баримталж буй бодлоготой уялдан АНУ “Азийн зүг эргэж байгаа” нь дипломат маргаан өрнөх шалтгаан болов. Фипиппин нь 1950-иад оноос хойш АНУ-ын холбоотон болж ирсэн. Ширүүн эрийн имижтэйгээс болж “Цээрлүүлэгч”, “Dirty Harry” гэгдэх болсон ноён Дутерте энэ оны эхээр Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ерөнхийлөгчийн “Хар тамхины эсрэг дайн”-д мансууруулах бодис хэрэглэгч, наймаалагч 2000 орчим хүний амь үрэгдсэн нь НҮБ, хүний эрхийн олон улсын байгууллагуудын хилэнт шүүмжлэлд өртөөд байна.

Ноён Обамагийн Лаост хийж буй айлчлал нь Вашингтон зүүн өмнөд Азид бэхжих бодлого баримталж буйн илрэл. Тэгэхдээ Мьянмар, Вьетнам зэрэг улсад стратеги, улс төрийн чиг шугам өөрчлөгдөж байгааг ашиглахаар төлөвлөж буй. АНУ- ын Ерөнхийлөгч Филиппиний Ерөнхийлөгчтэй хийхээр товлосон уулзалтаа цуцалсан ч бусад зөрчил маргааны талаар Азийн орнуудын удирдагчидтай хэлэлцээ хийнэ. Удирдагчид тус бүс нутагт Хятадын баримталж буй бодлоготой холбогдуулан санал солилцох юм. Бүс нутгийн тэнгисийн ихэнх хэсгийг нутаг дэвсгэртээ хамруулж, хиймэл арал байгуулж буй Хятадын үйлдлийг долдугаар сард олон улсын шүүх хууль бус гэж үзсэн. Шүүхийн шийдвэрээс хойш АС ЕАН-ий гишүүн улсууд Хятадын эсрэг хамтарсан мэдэгдэл гаргахаас дөлж ирлээ.

Ноён Обамагийн айлчлалаар 6.7 сая хүн амтай тус улсын хөдөө нутагт аль Вьетнамын дайны үеэс хөглөрсөөр байгаа тэсрээгүй бөмбөгийг аюулгүй болгох арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Хүний эрх асуудалтай хэвээр Лаостой түншилж буй Вашингтоны бодлогын талаар сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгчид асуулт тавьж болзошгүй. Учир битүүл гээд сураггүй болсон Сомбат Сомфоне зэрэг идэвхтнүүдийн талаар тодорхой тайлбар авахаар хүний эрхийн хөдөлгөөн өрнүүлэгчид олон жилийн турш Вьентьянд шахалт үзүүлж ирсэн билээ. Сомбат Сомфонег Вьентьян хотноо цагдаа зогсоож байгаа бичлэгийг Хятадын CC TV-гээр үзүүлсэн 2012 оны арванхоёрдугаар сараас хойш ор сураггүй болсон.

Тус улс хүн ам, эдийн засгийн хувьд жижиг ч Меконг мөрний сав газарт стратегийн чухал байрлалд оршдог. БНХАУ, Тайланд, Мьянмар, Вьетнам, Камбож гэсэн бүс нутгийн зургаан улстай хил залгадаг Лаос нь Өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрийн маргаанд Бээжингийн талыг баримталдаг. Бээжин төмөр болон автозамын дэд бүтцэд нь хөрөнгө оруулах замаар Лаосыг Зүүн өмнөд Азид нэвтрэх гүүр болгох сонирхолтой. Үүний зэрэгцээ Вьентьян нь олон жижиг арлын эзэмшлийн талаар Хятадтай маргаантай Ханойтой ч нягт харилцаатай билээ.

САНАЛ БОЛГОХ