ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдэх дурсгал олон байна
ЗГМ: Тодруулга
Археологийн дурсгалууд Египет, Энэтхэгийн соёлоор хүрээгээ тэлж байна
Монгол, Орос, Хятадын хил залгаа бүс нутгуудаас олдсон эртний Энэтхэг, Төвдийн хадны сүг зураг, буган хөшөөнүүд нь нүүдэлчдийн соёлтой ямар нэг байдлаар холбогдож буйг салбарын тэргүүлэх эрдэмтэд дэлгэлээ. Мөн Алтан ордны элч нарын археологийн дурсгалаас эртний Иран, Египетийн тансаг, уран нарийн хийц бүхий шавар эдлэл, шаазангууд олджээ. Энэ талаар ОХУ-ын ШУА- ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэнгийн захирал, профессор В.А.Лапшин “Алтан ордны улсын ноёнд бэлэг болгон өгсөн байж магадгүй” хэмээн дүгнэв.
Дашрамд дурдахад, Монгол Улс буган чулуун хөшөө болон хадны сүг зургийн дурсгалаар дэлхийд тэргүүлдэг аж. Дэлхийн соёлын өвд Монголыг төлөөлж буй хоёр дурсгалын нэг нь хадны сүг зураг. Тиймээс зөвхөн өөрийн улсын нутаг дэвсгэрт бус хэл дамнаж, бүс нутгийн археологийн судалгааг тэлэх эрмэлзэлтэй байгаагаа манай археологийн салбарынхан онцолж байна. “Төв Ази ба Умард Хятадын хадны сүг зураг” эрдэм шинжилгээний бага хурал ч үүний хүрээнд зохион байгуулагдаж байгааг ШУА- ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд хэлсэн юм.
Бага хурлын талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ц.Төрбатаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Бүс нутгийн хэмжээнд археологийн судалгаагаа тэлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Эртний соёл иргэншил манай улсын одоогийн улс төрийн хил хязгаарт захирагддаггүй, гараад явчихсан. Хилийн гадна эртний соёл иргэншлийн тал хэсэг нь байхад зөвхөн дотооддоо археологийн судалгаа хийх нь учир дутагдалтай. Тиймээс эртний соёлоо олж илрүүлэхэд бүс нутгийн хэмжээний судалгаа маш чухал ач холбогдолтой.
-Хөрш орны эрдэмтэд Монголтой холбоотой судалгааны ажлууд хэр хийдэг вэ? -Төв Азийн бүс нутгийн хүрээнд авч үзвэл археологийн дурсгал, судалгаанд манай улс чухал байр суурьтай. Гэхдээ хилийн чанадад тухайлбал, ОХУ-д Алтай, Тува, Хятадад Шинжаан, Өвөр Монголын бүс нутаг бүгд Монголын соёлтой ямар нэг байдлаар холбогддог. Тиймээс бидэнд нүүдэлчдийн соёлыг ойлгохын тулд эдгээр орны нарийн мэргэжлийн судлаачидтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бий. Хамтын хүчин чармайлтаар эртний соёлоо хурдан, үр дүнтэй судлах боломжтой юм.
-Монгол орны нутаг дэвсгэрээс олж байгаагүй олдворууд манай хилийн гаднах бүс нутгаас хэр олдоцтой байна вэ?
-Байлгүй яах вэ. Тухайлбал, манайд 500 орчим буган хөшөө байна гэж ярьдаг байсан. Гэхдээ ШУА- ийн Түүх, археологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд сүүлийн гурван жил хийсэн судалгааны үр дүнд энэ тоог 1300 болгосон. Гэтэл Тувагийн 70 гаруй буган хөшөө дунд Монголд урьд нь огт үзэгдэж байгаагүй сонин дүрс хэлбэртэй дурсгал бий. Морь хөтөлсөн хүний гар хөлийг бүрэн дүрсэлсэн байх жишээтэй. Буган хөшөөний эртний соёлыг ойлгохын тулд хилийн гаднах судалгаа маш чухал. Иймд манай салбарынхан бүс нутгийн хүрээнд судалгааны цар хүрээгээ тэлэхийг чухалчлах болсон.
-Цаг хугацааны хувьд хэдий үеийг хамарч байгаа вэ?
-Өнөөдрийн форумын үндсэн сэдэв нь хадны зураг. Төв Азийн хадны сүг зургийн судалгаа 15 мянган жилийн тэртээд хамаардаг. Дундад зуун хүртэл хадны сүг зургийг идэвхтэй бүтээж байсан. Монголын хадан зургийн тархалт маш нягт байдаг бөгөөд уг дурсгалаараа дэлхийд тэргүүлдэг орны нэг. Ийм учраас хадны зургийн судалгаа бол манай эртний түүх, соёлд чухал байр суурьтай.
-Манай хадны сүг зургийн дурсгалаас ЮНЕСКО-гийн өвд орсон ямар дурсгал байдаг вэ?
-Монголоос ердөө хоёр дурсгал л ЮНЕСКО-гийн өвд багтсан. Үүний нэг нь Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, нөгөө нь Монгол Алтайн нурууны хадны сүг зургийн цогцолбор. Монголыг төлөөлж Дэлхийн соёлын өвд жагссан хоёр дурсгалын нэг нь хадны сүг зураг байгаа юм. Цаашдаа ч дэлхийн өвд багтахуйц ач холбогдолтой дурсгал олон байна. Энэ бүгдийгээ зүтгүүлж, жагсаалтад нь бид олон төлөөлөлтэй болох учиртай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй