“Нүүдлийн соёл хэрхэн сүйдэж буйг урлагаар харуулна”
Монголын дээгүүр нисэж байхад ухаад хаячихсан том нүхнүүд харагдаж байсан
Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран үйл хөдлөлийн урлагийн “Нүүдэлчдийн ухаан” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөлд оролцохоор гаднын 90 гаруй уран бүтээлч танилцуулгаа ирүүлснээс Duo Dias-Riedweg хэмээх нэрээрээ алдаршсан Швейцарь улсын уран бүтээлчид Маурисио Диас, Вальтер Ридвиг нар шалгарч, Улаанбаатар хотод ирээд байна. Тэд хамтдаа уран бүтээлээ туурвидаг юм. Алдарт Германы Документа, Венецийн биенналь, Сан Пауло биенналь, Ливерпул триенналь, Гванжу биенналь, Хавана биенналь зэрэг олон улсын томоохон наадамд оролцож байсан чадварлаг уран бүтээлчид билээ. Бид тэдэнтэй аялалд гарахаас нь өмнө уулзаж, уран бүтээлийнх нь тухай яриа өрнүүллээ.
-Юуны түрүүнд өөрсдийнхөө талаар танилцуулахгүй юу. Ямар чиглэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?
М.Д-Намайг Маурисио Диас гэдэг. 1964 онд Рио Де Жанейро хотод төрсөн. Энэ хотынхоо урлагийн сургуулийг дүүргэсэн. Швейцарь улсад 14 жил ажиллаж, амьдарсан. Миний хувьд дүрслэх урлаг тэр дундаа хар зураг, зураасан зургаар уран бүтээлээ түлхүү хийдэг. Вальтер Ридвиг бид хоёр 1993 оноос хойш хамтарч, уран бүтээл туурвиж байна. Түүнтэй хамтарч эхэлсэн цагаас хойш видео болон аудио өрөг урлагийн тал дээр түлхүү ажиллаж байгаа. Миний хувьд дүрслэх урлагийн талаас уран бүтээлээ гаргадаг бол Вальтер театр, үйл хөдлөлийн урлагаар “ярьдаг”. Бидний энэ чадвар нийлснээр видео болон аудио өрөг урлагт таарсан учраас энэ чиглэлээр сонирхож, өнөөг хүртэл хамтдаа явж байна.
В.Р-Миний хувьд Швейцарь улсад төрсөн. Театр болон хөгжмийн мэргэжлээр суралцаж төгссөн. Бид хоёр хамтдаа уран бүтээлээ гаргаж эхлэх үед хамгийн түрүүнд “Урлаг гэж юу вэ. Театр, дүрслэх урлаг гээд энэ бүхнийг хэнд зориулж хийдэг вэ. Урлагийг хийх ямар шалтгаан байна” гэх мэт асуултыг тавьж, энэ бүхний хариултыг уран бүтээлээ хамтарч хийх явцдаа олж, өөрсдийн арга барил, философитой болсон.
Бид жилдээ 20 орчим үзэсгэлэнд оролцдог. Хамтдаа ажиллаад 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 40 гаруй улсад 250 гаруй үзэсгэлэн гаргасан байна
-Та бүхэн хувь хүний дотоод ертөнцийг урлагт хэрхэн гаргаж ирдэг вэ. Уран бүтээлүүдийн тань гол үзэл санаа юу вэ?
М.Д-Гаргаж ирэх гэж байгаа бүтээлийнхээ гол араншинг буюу тухайн хүмүүсийг камерны урд суулгаад, өөрсдийнх нь түүхийг ярих боломжийг олгодог. Хэдийгээр ингэж яриулж байгаа ч үүнийг баримт гэж харах боломжгүй. Тэднийг баримтжуулах гэхээс илүүтэй урлагийн талаас нь илэрхийлэхийг зорьдог. Бид ямар нэг зүйлийг гаргаж тавихаасаа илүү асуудаг. Жишээлбэл, аливаа хөгжим маш олон авиан дундаас үүсдэг. Яг үүнтэй адил илэрхийлэх гэж байгаа зүйл маань олон талтай байж, эцэстээ нэг бүхэл болж бүтдэг. Олон хүний бодол санаа хөг аялгуу байдаг тул үүнийг гаргахыг хичээдэг. Ямар нэг зүйлд хариулах биш асуулт тавьж байгаа нь бидний уран бүтээлийн онцлог. Өөрөөр хэлбэл, нэг зүйлийг шууд тодорхой илэрхийлэх биш бүх талыг нь нээгээд тэндээс өөрсдийн хүссэн зүйлийг олж, урлагийн хэлээр хүүрнэхийг хэлж байгаа юм.
-Та хоёр маш олон жил хамтарч ажиллажээ. Энэ хугацаанд хэдэн уран бүтээл гаргав. Томоохон хэмжээний ямар үзэсгэлэнд оролцож байсан бэ?
В.Р-Бид жилдээ 20 орчим үзэсгэлэнд оролцдог. Хамтдаа ажиллаад 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 40 гаруй улсад 250 гаруй үзэсгэлэн гаргасан байна. Эндээс 1999 оны Венецийн биенналь, 2007 оны Германы Документа, Солонгос болон Шанхайн биенналь зэрэг олон үзэсгэлэнг ярих хэрэгтэй болох нь. Мөн 1996 онд Атлантад болсон “Цайзад болсон ярилцлага” хэмээх нэртэй үзэсгэлэнг дурдахгүй өнгөрч болохгүй. Барселонагийн орчин үеийн урлагийн төв болон томоохон музейнүүдэд бид хувийн цуглуулгаа дэлгэсэн.
-Уран бүтээл туурвих санаагаа хэрхэн олдог вэ. Нэг бүтээлээ хэдий хугацаанд гаргадаг вэ?
М.Д-Бид хоорондоо байнга ярилцаж, тухайн өдөр болсон үйл явдал, шинэ санаагаа хуваалцдаг. Бүтээлийн санаа заримдаа огт өөр хүмүүсээс, уран бүтээлчдээс ирдэг. Эсвэл хүмүүсийн энгийн яриан дундаас ч төрдөг.
В.Р-Ямар нэг санаа төрөхөд бид хоёр тухайн бүтээл дээрээ 1-2 жил ажиллах үе ч гардаг. Ажлууд гэдэг нь санаа эсвэл бодол байдаг. Үүнийг дуусгасан гэж хэлэхэд хэцүү. Нэг үе хийсэн бүтээлийг хоёр жилийн дараа ч дахин хийх боломжтой байдаг. Монголд нэг сар ажиллах төлөвлөгөөтэй ирсэн байна.
-Монголд ямар уран бүтээл хийхээр ирсэн бэ. Монголын урлаг сонирхогчдод ямар бэлэг барих вэ?
М.Д-Бид анх удаа танай улсад ирж байна. Монголын уран бүтээлчидтэй хамтран “Нүүдэлчдийн ухаан” төсөлд оролцохоор ирсэн. Энэхүү төслийг бид маш чухал төдийгүй нэр төрийн хэрэг гэж харж байгаа. Энэ төслийн хүрээнд бид хөдөө орон нутгаар арав гаруй хоног аялж, Монгол орны унаган байгаль, уламжлалт ахуй, соёлтой танилцана. Хамгийн гол зорилго нь уул уурхайгаас үүдэн нүүдлийн соёл хэрхэн сүйдэж буйг урлагаар дамжуулан хүмүүст харуулах юм. Яг ямар уран бүтээл гаргаж тавихаа нууцлахыг хүсэж байна. Г.Занабазарын музейд нэг сарын дараа үзэсгэлэн гарахаар сонирхоорой.
-Манайд уул уурхайгаас үүдэлтэй сүйдсэн газар олон бий. Тэгэхээр содон бүтээл төрөх нь ээ?
М.Д-Танай улсад тулгараад байгаа зүйлийг өөр нэг жишээгээр зэрэгцүүлж харуулахыг зорьж байна. Жишээлбэл, дэлхийг хүчил төрөгчөөр тэжээж байдаг Бразилийн Амазоны ширэнгэн ой устах аюул нүүрлэсэн. Биднийг Монголын дээгүүр нисэж байхад ухаад хаячихсан маш олон том нүх харагдаж байсан. Бразилд ч ийм дүр зураг байна. Тиймээс эдгээрийг үзэсгэлэнд гарах бүтээлээрээ зэрэгцүүлж харуулна. Цаашдаа ч энэ санаа, энэ асуудал, сэдвийг дэлхийн томоохон галерей, музейд гаргаж тавина.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй