Далайн зовлон бидэнд ч хамаатай

Экологи

Далай үгүй бол агаарын температур цельсийн 36 градусаар нэмэгдэх байсан

Далай туйлдаж байна. Шүрэн арлууд нь устаж, загасны нөөц огцом багасаж байгаа нь дэлхийн гадаргын 71 хувийг эзэлдэг далайн тэнхээ туйлдаа хүрсний илрэл болж буйг байгаль хамгаалагчид онцлов.

Далай. Энэ үг Төв Азийн өндөрлөгт орших Монголын бидэнд дэндүү хол сонсогддог ч ивээлд нь бид багтдаг. “Далайн экосистем бол эх газар, агаар мандлыг бодвол харьцангуй тогтвортой. Тиймээс ч манай гарагийн уур амьсгалыг тэнцвэржүүлэгч хамгийн гол орчин” хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч, доктор П.Гомболүүдэв тайлбарлав. Тиймээс далай Монгол орны уур амьсгалд дам нөлөөлдөг. Агаар мандалд ууршсан далайн чийг агаарын урсгалаар дамжин хойд туйл руу зөөгдөж, тэндээсээ эх газрыг хураар тэтгэдэг байна. Доктор П.Гомболүүдэвийн хэлж буйгаар манай орны хувьд дэлхийн дулаарлын далайд үзүүлж буй нөлөөгөөр өвөлдөө унах хур тунадасны хэмжээ одоогийнхоос хоёр дахин их болох аж. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай орны өвөл ирэх жилүүдэд бага зэрэг дулаарч, хахир нөхцөл нь зөөлрөх төлөвтэй юм байна.

1970-аад оноос хойш дэлхийн дулаарлыг сөрөн зогсож байсан цорын ганц хүч нь далай гэдгийг Байгаль хамгаалах олон улсын холбооноос гаргасан тайланд дурджээ. Хүний үйл ажиллагааны улмаас ялгарсан нүүрсхүчлийн давхар ислийн 93 хувийг далай шингээдэг аж. Хэрэв цэнхэр гараг маань далайгүй байсан бол дэлхийн агаарын температур аль хэдийнэ цельсийн 36 градусаар нэмэгдсэн байх тооцоог Байгаль хамгаалах олон улсын холбооны Далай ба туйлын хөтөлбөрийн мэргэжилтэн Дан Лаффолей танилцуулжээ.

Далайн ус халснаар Монгол орны өвөл тунадас ихтэй болно
Дэлхийн 12 орны 80 орчим эрдэмтний далайн бүсэд явуулсан хамгийн далайцтай судалгаагаар далайн усны температур үргэлжлэн нэмэгдэж, 2100 он гэхэд цельсийн 1-4 градусаар нэмэгдэх аж. Гэхдээ экологийн цагаар 2100 он бидний хаяанд ирсэн байгааг тус байгууллагын захирал И.Андерсон хэлэв.

Өмнө нь явуулж байснаас хамгийн өргөн хүрээтэй, эмх цэгцтэй болсон гэх уг судалгаагаар хойд туйлаас өмнөд хүртэлх, далайн нэг эст бичил биетнээс аварга халим гээд бүхий л төрөл зүйл, далайн гүн дэх голлох экосистемүүдийг хамруулжээ. Далайн хөвөгчид, мөгөөрс, яст мэлхий, усны шувууд хоёр туйл руу дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 10 хэмээр буюу илүү хүйтэн ус руу нүүдэллэж эхэлжээ. Харьцуулан үзвэл, энэ нь хойд туйлыг зорьж буй эх газрын амьтдын хөдөлгөөнөөс тав дахин хурдтай нүүдэллэж буй хэрэг юм. Нөгөөтэйгүүр, агаарын найрлага дахь хорт хий нэмэгдэж, усны температур нь ихсэх тусам далайн орчны хүчиллэг багасаж, шүлтлэг нь нэмэгдсэнээр биологийн төрөл зүйлүүд дайжихад хүрдэг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлав.

Агаар мандалд тархсан хүлэмжийн хийн улмаас дэлхийн соронзон долгион сансарт гарч чадахгүйгээс үүссэн хэт халалт нь байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамжийг нэмэгдүүлдгийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн нэгэн мэргэжилтэн хэлж байна.

Далайн усны температур 10 мянган жилийн дунджаас хурдан нэмэгдэж байна.

Манай орны хувьд ч зун нь хэт халуун болон гантай үргэлжлэх 10 жил ойртож буй аж. Өөрөөр хэлбэл, зуны тунадасны хэмжээ одоогийнхоос өөрчлөгдөхгүй боловч агаарын температур нь нэмэгдэх юм. Ингэснээр удаан хугацаанд ойрхон давтамжтай орох байсан тунадас нэг удаа, их хэмжээгээр орж, эргээд асар хурдан уурших юм. Үүний уршгаар их хэмжээний хуурайшилт үүсэх төлөвтэй байгааг манай мэргэжлийн байгууллагынхан тооцоолжээ. Харин эрэг дагуу оршдог хотууд 50-100 жилийн дараа далай дор бүрэн орно гэсэн судалгаа бий. Үүнээс гадна, эко орчин нь туйлдаж, загас болон бусад төрөл зүйл нь дайжиж байгаагаас далайг түшин аж төрдөг олон сая иргэдийн амьдрал ангалын ирмэгт ирээд байна. Тухайлбал, Зүүн Өмнөд Азийн загас агнуурын олборлолт 2050 он гэхэд 30 хувь болж буурах төлөвтэй байгаа аж. Мөн Зүүн Африк болон Энэтхэгийн далайн зарим хэсгийн загасны аж ахуй эрхлэгчдийн амьжиргаа загасны төрөл зүйлүүд мөхөж, тоо толгой нь цөөрч буйгаас эрс дорджээ. Эко аялал жуулчлалын гол түшиц нь болсон шүрэн арлуудын тэн хагас нь мөхсөнийг Байгаль хамгаалах олон улсын холбооны тайланд дурдав. Далайн усны температур энэ хэвээрээ үргэлжлэн нэмэгдэх аваас 2050 он гэхэд дэлхий дээр нэг ч шүрэн арал үлдэхгүй. Харамсалтай нь далайн өөрчлөлт энерци ихтэй тул нэгэнт дулаарал явагдсан л бол зогсоох аргагүй гэдгийг доктор П.Гомболүүдэв учирласан юм.

Цэнхэр гарагийн бүх л амьтан, ургамал, хүн зоныг нар адил ялгалгүй ивээдэг далай биднийг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалж хүчрэхгүй болсон гэдэгтэй эвлэрэх цаг иржээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд далайн шуурга, хар салхи болон Эл-нино зэрэг гамшигт үзэгдлүүдийн давтамж 30 хувиар нэмэгдсэн байна. Нэгэнт агаар мандалд тархсан CО2, азот, угаарын болон хорт хий 50-100 жил үл арилдаг аж. Тиймээс ногоон дэлхийгээ аварч, туйлдсан далайгаа сэргээхэд хүлэмжийн хийгээ бууруулж, ой модоо сэргээж, далайн болон эх газрын нөөц газруудыг хамгаалах шаардлагатай гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байна.


САНАЛ БОЛГОХ