Хөнжил доторх нууц

ЗГМ: Сэдэв

Хүүхдүүдийн шинэ зуршил аюулд хөтөлж байна

Технологийн хөгжил бидэнд олон сайхан боломж өвөртөлж ирсэн ч нөмөр сүүдэртээ олон аюул нуужээ. Тэдний дундаас өнөөдөр бид газар сайгүй байх порнографикийг онцоллоо. Кино, дуу, тоглоом, хэрэглээний программ татдаг сайт, олон нийтийн сүлжээ, и-мэйл гээд хаа газар порнографик утга агуулга бүхий дүрс, зар сурталчилгаа, тоглоом, нэвтрүүлэг, дууны клип нуугддаг. Гэхдээ өнөөдөр насанд хүрэгчдийн бэлгийн хүсэл сонирхол, эрх чөлөөг хөндөх гэсэнгүй. Зөвхөн хүүхдүүдийн талаар ярилцана.

Аав, ээж нь 12 настай хүүгээ "Сайхан амраарай" гэж зулайг нь үнэрлээд явуулна. Гэтэл хүү нь хананы цаана, хөнжил дотроо алгын чинээ гар утас, таблетандаа чихэвч зүүчихээд л хэдэн цагаар ч хамаагүй порно кино үзнэ. Эцэг, эхчүүд үүнийг даанч мэдэхгүй. Мэдсэн ч зарим нэг нь нөхөн үржихүйн нас нь юм даа гээд яахаа ч мэдэхгүй өнгөрдөг. Гэтэл өсвөр насныхан порно кино үзэж байгаа нь эргээд маш муу үр дагаварт тэднийг хүргэж байна.

Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, 15 настай И “Манай анги 20 гаруй хөвгүүнтэй. Тэдний талаас илүү нь порно кино үздэг. Миний мэдэхийн анх наймдугаар ангиас л тиймэрхүү зүйл сонирхож эхэлсэн. Зурагт, компьютер гэсэн том зүйлээр үздэггүй гэсэн. Ихэвчлэн гар утас, таблет л хэрэглэж байгаа” гэсэн юм.

Интернэтээр порно үзээд бие, сэтгэлээрээ хохирсон саяхны нэгэн жишээ татъя. Их Британийн Ланкаширд амьдардаг 13 настай хүү виагра эмэнд донтсон хамгийн залуухан өвчтөн. Тэрбээр хамгийн ихдээ нэг шөнийн дотор зургаан ширхэг виагра уусан удаатай. Нэрээ нууцалсан тэр хүү үеийн хөвгүүдийнх нь хүүхэд нас хар дарсан зүүд болох вий гэсэндээ өөрийн түүхээ хуваалцахаар шийджээ.

Тэрбээр 12 настайгаасаа ухаалаг гар утсаар порно кино үзэж эхэлсэн. Энэ нь даамжирсаар бэлгийн сулралтай болж, виагра уухад хүрсэн байна. Улмаар эм авч, донтолтоо дарахын тулд гэрээсээ мөнгө хулгайлах болов. Эцэг, эх нь хүүгээ компьютер тоглохоор найзындаа хонож байгаа гэж боддог байв. Үнэн хэрэгтээ тэрбээр өсвөр насныхны үдэшлэгт очиж, нэг шөнийн дотор зургаан виагра ууж, бэлгийн харилцаанд ордог байлаа. Эм уухаас нааш бэлэг эрхтэн нь хөвчрөхөө болих үед л донтсон гэдгээ хүү мэдсэн байна. Тэр одоо сэтгэл заслын эмчилгээнд явж байгаа. 15 нас хүрээд удаагүй тэрбээр “Хүүхэд нас минь бүхэлдээ сүйрсэн. Виаграг өндөр настай эрэгтэйчүүд л уудаг гэж хүмүүс боддог. Үнэндээ дунд, ахлах сургуулийн сурагчдын эргэн тойронд байж л байдаг. Эцэг, эхчүүд харин үүнийг мэддэггүй” гэжээ.

“Blackpool” эмнэлэгт сексийн бусад гаж донтны хамт хүүг эмчилж буй сэтгэцийн эмч Стив Поп “Сурагчид виагра хэрэглэж, порно үзэж, насанд хүрээгүйчүүдийн сексээс хамааралтай болох явдал улам их гарсаар байна. Миний өвчтөн тэдний ердөө нэг нь” хэмээв. Виагранд донтсон хүү “Хүүхдүүд багаасаа порно кино үзэх болсон. Бид сексийг жинхэнэ амьдрал дээр ч тийм байдаг гэсэн төсөөлөл авдаг юм. Манай сургуулийн хөвгүүдийн гуравны нэг нь виагра уудаг” гэжээ.

Англи хүүгийн түүхийг сонсоод та ‘Манай хүүхэд ингэхгүй’ гэж бодож мэдэх юм. Болж бүтэхгүй хүүхдүүдийн талаар сонсоод бүх л ээж, аав ингэж бодох байх. Гэм биш зан юм хойно доо. Гэхдээ та эхлээд өөрөөсөө “Би хүүхэдтэйгээ нөхөн үржихүйн талаар ярилцдаг бил үү. Хүү минь энэ талаар мэддэг болов уу. Секс хийж үзээгүйдээ үеийнхнээсээ ичиж явдаг юм биш биз дээ?” хэмээн нэг асууж үзээрэй Одоо үед өсвөр насныхан нэгнийгээ секс хийж үзээгүй бол ичгэвэртэй гэж тоглоом хийдэг нь шоглоом болсон удаа цөөнгүй аж.

Гэгээн цагаан өдөр хүүхдэд хаанаас ч юм насанд хүрсэн хүмүүс бэлгийн харилцаа хийж байгааг үзэе гэсэн сэдэл төрөхгүй. Порно кино болон тоглоом гэж байдаг, түүнийг гаргадаг сайт хэдэн саяараа тоологддог. Тэдний дундаас үнэгүйг нь олж үзнэ гэдэг учраа мэдэхгүй хүүхдийн хийх зүйл биш. Магадгүй та хүүхдийнхээ үе тэнгийнхнээс урьтан нөхөн үржихүйн талаар ярилцвал өсвөр насны хүүхдээ аюулаас хамгаалж болно.

"Сэрэл, мэдрэмжээ зохицуулахад нь тусла"

Өсвөр үеийнхний бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн талаар БГЭМТ-ийн Хүүхэд, өсвөр үеийнхний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Үнэгэнцагаантай ярилцлаа.

-Өсвөр насныхны нөхөн үржихүй хэдэн наснаас эхэлж байна вэ. Өөрчлөлт ажиглагдаж байгаа юу?
-Өмнө нь бэлгийн бойжилт эхлэх нийтлэг нас 12 байсан. Одоо бол дэлхий нийтээр хандлага өөрчлөгдөж, энэ нь манайд ч мөн ажиглагдаж байгаа. Сүүлийн үед хүүхдүүдийн нөхөн үржихүй дунджаар есөн наснаас эхлэх болсон. Энэ нь хүүхдийн өсөлт бойжилт үсрэнгүй явагдах болсонтой холбоотой.

-Бэлгийн бойжилт эхлэхэд хүүхдэд ямар өөрчлөлт гарах вэ. Эцэг, эх хэрхэн туслах ёстой вэ?
-Хүүхэд бэлгийн амьдралын талаар, өөрт нь гарч буй өөрчлөлтийг төдийлөн мэддэггүй. Үүнээсээ болж зарим нь бие давхар болох, бэлгийн замын халдварт өвчин авах тохиолдол гардаг. Тиймээс эцэг, эхчүүд энэ үед хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах, мэдлэг олгох шаардлагатай. Охидын хөх нь ургаж, сарын тэмдэг ирдэг, хөвгүүд нойтон зүүд зүүдэлдэг. Энэ бүхэн хэвийн үзэгдэл, ичих зүйл биш. Сэрэл мэдрэмж төрсөн ч үүнийг хэрхэн зохицуулах, заавал бэлгийн амьдралд орох шаардлагагүй гэдгийг ойлгуулах нь зүйтэй.

Өсвөр үеийнхнийг чиглэсэн ээлтэй тусламжийг өргөжүүлэх шаардлагатай
-Эцэг, эхчүүд энэ талын мэдлэг хэр хангалттай байна вэ?
-Хангалтгүй гэж хэлж болно. 40 наснаас дээш үеийн эцэг, эхчүүд энэ талаар хүүхэдтэйгээ ярилцах ур чадвар хомс. Зөвхөн болохгүй, тэгэхгүй, үгүй гэх мэтээр загнах, зандрах хандлагатай байдаг. Ер нь эцэг, эх гэлтгүй бүх багш, сурган хүмүүжүүлэгч нар ч мэдлэг олгож, ярилцах ур чадвартай байх хэрэгтэй. Монгол Улсад өсвөр үеийнхнийг чиглэсэн ээлтэй тусламж үйлчилгээний хүртээмж муу байна.

-Нөхөн үржихүйн насны хүүхэд порно кино үзэх нь зөв үү. Бэлгийн харилцаанд орсноос гар хангалга хийсэн нь дээр гэж үзэх хүмүүс ч байх юм?
-Энэ бол маш буруу. Хүүхдийг багаас нь чиг хандлагыг нь өөрчилж байгаа хэрэг. Нас бие гүйцсэн хүмүүс бодит амьдралтай адилгүй бэлгийн зан үйл хийж байгааг хүүхэд харж, түүнээсээ буруу төсөөлөл авч байна гэсэн үг. Болдог бол хориглох нь зүйтэй гэж хэлмээр байна.

Порноноос авдаг таашаал нь яваандаа дон болж мэднэ

Өсвөр үеийнхний сэтгэл зүйд порнографик хэрхэн нөлөөлдөг тухай Сэтгэл судлалын үндэсний төвийн Сэтгэл судлаач Д.Лхамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Порно кино өсвөр үеийнхний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг вэ? -Порнографикийн хамгийн гол чанар нь үйл явдал. Бэлгийн зан үйл, таашаал авах хэлбэр нь өөрчлөгддөг. Порно кинонд анхны үнсэлт, үерхэл, нандин зүйлийг харуулдаггүй. Үйл явдал шууд л өрнөдөг. Тиймээс хэн нэгэнтэй чухал харилцаанд орохын өмнө маш сайн таньж мэдэх, хайрлах, дотносох хэрэгтэй гэсэн ойлголт нь эвдэрдэг. Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сэтгэл судлаачид судалгаа хийсэн. Тэгэхэд хүүхэд зүгээр байж байгаад порно кино үзэх сэдэл төрдөггүй. Тэд ямар нэг сошиал сүлжээ, тоглоом болон бусад зүйлээр дамжиж порног олдог болжээ. “Үүний цаана яг юу байгаа бол” гэсэн хүүхдийн сониуч зантай ч энэ нь холбоотой.

-Хүүхдүүд яагаад порно үздэг вэ?
-Нэгдүгээрт, хүүхэд завтай бас ганцаараа байна. Хоёрдугаарт, хүүхэд хууль, эцэг, эхийн хяналтаас гадуур үзэх боломжийг сүүлийн үеийн технологи олгож байна. Гуравдугаарт, интернэтийн хязгааргүй хэрэглээ нэмэгдсээр байна. Үүрэн холбооны операторууд хүүхэд, залуучуудад “Шөнийн хязгааргүй хэрэглээ” тав, арван гигабайтын дата хэрэглээ олгож байгаа нь бас нэг шалтгаан. Энэ гурав нийлэхээрээ нөхцөл нь бүрдэж, хүүхэд порно үзэж байгаа юм. Нөхцөл байгаа цагт порно үзэх хүүхдүүдийн тоо улам л нэмэгдэнэ. Хэрэв уг үндсээр нь арилгая гэвэл нөхцөлөөс нь эхлэх хэрэгтэй. Сэтгэл зүйн онолд зан үйлийг өөрчлөхийн тулд нөхцөлийг өөрчил гэдэг. Тухайлбал, нөхөн үржихүйн насанд нь хүүхдээ онцгой анхаарах, гэрийн даалгавраа хийхээс бусад үед нь аль болох гэр бүлээрээ хамт цаг өнгөрөөж, ярилцаж, тогло. Өдрийн цагаар дуртай дугуйланд нь явуулж, сонирхлыг нь хөхүүлэн дэмжих нь чухал. Шөнийн цагаар интернэт, wi-fi-аа унтраах зэрэг арга хэмжээ авч болно шүү дээ.

Зан үйлийг өөрчлөхийн тулд нөхцөлийг өөрчил
-Гэхдээ порног хүүхэд бүр өөр өөрөөр хүлээж авдаг байх?
-Хүүхэд донтож үздэг үү, сонирхож үздэг үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Сонирхдог хүүхдүүд нэг юм уу, хоёр удаа үзээд л больдог. Тэдэнд үүнээс илүү чухал, үнэ цэнэтэй, сонирхолтой хийх зүйлс байдаг учраас тэр бүр үзээд байдаггүй. Өсвөр насанд дааврын нийлэгжилт болж байдаг учир зарим нь порно киноноос таашаал авдаг. Энэ нь яваандаа дон болох магадлалтай.

-Хүүхэд эцэг, эхтэйгээ ийм зүйлийн талаар ярьж чадах болов уу?
-Эцэг, эхчүүд алдаа гаргасан хэн нэгэн хүүхдийн талаар сонсоод шууд муулж эхэлдэг. Ийм үед хүүхэд шууд л гэмшиж, тийм алдаа гаргавал эцэг, эхээсээ нуух ёстой юм байна, ээж, аав намайг хэзээ ч ойлгохгүй байх гэж боддог. Тиймээс бусад хүүхдийг хүүхдийнхээ дэргэд муу хэлэхдээ ч бодолтой байх хэрэгтэй болж байна. Эцэг, эхчүүд эрсдэл байгаа юм байна, надад ийм зүйл тохиолдвол би ямар алхам хийх вэ гэдгээ бодох нь зүйтэй.

САНАЛ БОЛГОХ