Биополитикийн золиос

Нийтлэлчийн булан

Антибиотикт тэсвэртэй нян тээгч монголчуудын тоо нэмэгдэж байна

Одоогоос 73 жилийн өмнө нээсэн анхны антибиотик болох пенициллинд тэсвэртэй нян уг эмийг бий болсноос хойш ердөө л дөрвөн жилийн дараа тогтоогджээ. Ингэснээр эмч нарын бүхий л тулаанд урдаа барьдаг бараг цорын ганц зэвсэг гэж болох антибиотикоос үүдсэн өнөөгийн “Чимээгүй цунами”-ийн эх суурь тавигдсан юм. ДЭМБ-ын тодорхойлсон “Чимээгүй цунами” гэдэг нь таван жилийн өмнөөс манай улсад эрчимтэй ярих болсон антибиотикийн тэсвэржилт. Нянгийн эсрэг үйлчилгээтэй уг эмийг зохисгүй хэрэглэснээр зонхилон үүсдэг антибиотикийн дасал өнөөдөр хүн төрөлхтөнд сүйрэл авчрах гамшгийн нэн тэргүүнд бичигдэх болов.

Нотолгоо болгож цөөн баримт дэлгэе. Их Британийн Засгийн газраас гаргасан Нянгийн эсрэг тэсвэржилтийн тайланд 2014 оны байдлаар уг шалтгааны улмаас дэлхийд 700 мянган хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар хорт хавдрын улмаас 8.2 сая хүн хорвоог орхидог нь дэлхийн нийт хүн амын нас баралтын шалтгааныг үнэмлэхүй тэргүүлдэг. Харамсалтай нь антибиотикийн даслын улмаас нас барагсдын тоо 2050 он гэхэд дээрх тоог давж, 10 саяд хүрэх төлөв бий.

Тодорхой хэлбэл, бидний биед нянгийн эсрэг дасал үүссэнээр санамсаргүй байдлаар авсан хөнгөн шарх ч хүнийг үхэлд хүргэх аюул ойртож байна гэсэн үг. Хүн төрөлхтөн эргээд антибиотикийг нээхээс өмнөх цаг хугацаанд очих вий гэсэн айдсыг удирдагчид, эргэлзээг эрдэмтэд тээх болов. Тиймээс ч ирэх долоо хоногт тохиох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганаар дэлхий дахин анх удаа антибиотикийн даслын тухай хэлэлцэх гэж байна. Ерөнхий Ассамблейн түүхэнд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг дээд түвшинд ердөө л гурвантаа хөндөж байсан нь ХДХВ, Эбола зэрэг сэдэв юм. Энэ жилийн “Их-7” болон Давосын эдийн засгийн чуулганаар яригдсан антибиотикийн тэсвэржилт энэ удаа Ерөнхий Ассамблейн уулзалтаар хэлэлцэх эрүүл мэндийн дөрөв дэх сэдэв болох нь.

Баян орны эмгэнэ л Тэсвэртэй бактерийн халдвар тээгчид, түүнээсээ болж хоногоо хүлээж суугаа өвчтөнүүд анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын эмнэлэгт олон бий. Ийм эмгэнэлээр хорвоогийн мөнх бусыг үзсэн хүмүүсийн ойр дотнынхон www.antibiotic-action. com цахим хуудаст өөрсдөд нь тохиолдсон түүхийг бусад хүн бүү давтаасай хэмээн зовлонгоо хуваалцжээ.

Нянд тэсвэртэй халдварын улмаас 11 настай Эдди Рейресик хэмээх охиноо алдсан нэгэн ээж бодит түүхээ дэлгэсэн байв. Бусдаас илүү хөдөлгөөнтэй, эрүүл саруул охин нь нэг л өдөр ердийн байдгаасаа илүү ядарч, яах ийхийн зуургүй бие нь тамирдсан байна. Нянд тэсвэртэй халдвартай таван сарын турш тэмцэхэд амьсгалын аппаратаас өөр зэвсэг гэхээр зүйл Эдди охинд байсангүй. Өөр олигтой зэвсэг олдохгүй байсаар охин уушгиныхаа үрэвслийг даалгүй хорвоог орхижээ. Бид өөрсдөө ч мэдэлгүй нянд тэсвэртэй халдвар тээгч болдгийг Улсын Клиникийн төв эмнэлгийн Чанар, эмнэл зүйн албаны дарга О.Болормаа тайлбарлав. Тиймээс нянд тэсвэртэй халдварт төдий насны хүн илүү өртөнө гэсэн ойлголт байхгүй аж.

АНУ-ын Хүнс, эмийн байгууллагын зөвшөөрлөөр 2004-2014 онд нийтдээ 400 гаруй төрлийн эм худалдаанд гарчээ. Гэвч үүнээс есхөн төрлийн антибиотикл зөвшөөрөгдсөн нь өнөөгийн анагаах ухааны хөгжлийн бяр чадал дараагийн шинэ төрлийн антибиотик гаргахад хүчин мөхөс болсныг илтгэв. Тиймээс ч антибиотикийн зохистой хэрэглээг олон нийтэд хэвшүүлэх нийгмийн сурталчилгаа нь 1987 оноос хойш анагаах ухаан шинэ төрлийн антибиотик нээж чадаагүй гэдгийг онцлох болов. АНУ-д л гэхэд нянд тэсвэртэй халдвараар жилд хоёр сая хүн өвчилж, 23 мянган хүн амиа алддаг. Европт мөн төдий хэмжээний тоо гардаг бол Ази, Африкт хамгийн өндөр. Гэхдээ нянд тэсвэртэй халдвар авсан хүмүүсийн тоог нарийн тогтоох боломжгүй байгаа жишээг Австрид аж төрдөг судлаач Б.Алтантуяа онцолж байна. Түүний биополитикийн салбар дамнасан судалгаанд дурдсанаар Германд ийм өвчнөөр шаналагсдын тоо 15 мянгад хүрснийг нотлох тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээ бий аж. Харин Германы Эрүүл мэндийн даатгалын ажилтан Бернд Байэрлэгийн хэлснээр жилд хамгийн багадаа 90 мянган хүн уг бактерийн халдварт өртдөг байна.

Бусдад хамаагүй бидний эрүүл мэнд

Дэлхийд худалдаалж буй нийт антибиотикийн талаас илүү хувь нь хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг. Бүс нутгаар нь авч үзвэл харилцан адилгүй дүр зураг гарч ирнэ. Бразил, Энэтхэг, Хятад, Орос, Өмнөд Африкийн хөдөө аж ахуйд нянгийн эсрэг бэлдмэлийн хэрэглээний өсөлт 99 хувь байгаа бол АНУ-д 80 хувь байдаг.

2010-2030 онд хөдөө аж ахуйн антибиотикийн хэрэглээ жилд 67 хувиар өсөж, 105 мянган тонн болно гэдгийг АНУ-ын Үндэсний биотехнологийн мэдээллийн төвийн цахим хуудаст бичжээ. Тиймээс антибиотиктой мах зайлах аргагүй хэрэглээ болсон нь үнэн. Фермерийн аж ахуйд антибиотикийг хоёр зорилгоор хэрэглэдэг. Эхнийх нь галуу, шувуу, гахай, тахиа, хонь, үхэр гээд гаршуулсан амьтныг бага талбайд олноор нь тэжээдгээс амьтдаас ялгарсан нян халдварт өвчин үүсгэх эрсдэл дагуулдаг. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нянгийн эсрэг эм их хэмжээгээр хэрэглэгдэхээс өөр сонголтгүй. Удаах нь, фермерийн малын жинг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг байна. Амьтдын жин антибиотикийн тусламжтай ердийнхөөсөө гурван хувиар нэмэгддэг аж.

Ийнхүү амьтан болон амьтны гаралтай бүтээгдэхүүнээс хүнд дамжих халдвар антибиотикт дийлдэхгүй тэсвэртэй болдог талаар судлаач Б.Алтантуяа хүүрнэв. Эрх ашигтаа хөтлөгдсөн биотехнологийн компани, санхүүгийн ашиг хонжоо хайгчдын үйл ажиллагааны улмаас бид өөрсдөө ч мэдэхгүй антибиотикт тэсвэртэй нян тээгч болж хувирдаг нь харамсалтай.
» Бидний биед нянгийн эсрэг дасал үүссэнээр санамсаргүй байдлаар авсан хөнгөн шарх ч хүнийг үхэлд хүргэх аюул ойртож байна.
» Есхөн төрлийн антибиотик зөвшөөрөгдсөн нь өнөөгийн анагаах ухааны хөгжлийн бяр чадал дараагийн шинэ төрлийн антибиотик гаргахад хүчрэхгүй болсныг илтгэв.
» Антибиотиктой мах зайлах аргагүй хэрэглээ болсон нь үнэн. Фермерийн аж ахуйд антибиотикийг хоёр зорилгоор хэрэглэдэг.
Нэрмээс болсон хэнэггүй зуршил

Манай улсын томоохон эмнэлгүүдэд эмчлүүлэгсэд тэр чигтээ пенициллинд тэсвэртэй нян тээгчид болжээ. Харин ердөө 13 хувь нь л ампициллинд мэдрэг

гэсэн прогноз гарчээ. Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн үр дүнтэй эмчилгээнд тооцогддог ванкомицин гэх антибиотик өдгөө дэлхий дээр хамгийн хүчтэйд тооцогдож буй. Гэвч тэсвэртэй нян нь гаргаж авснаас нь хойш 15 жилийн дараа буюу 1987 онд илэрсэн байна. Түүнээс хойш дэвшилтэт технологиор гаргаж авсан антибиотикуудыг тэсвэрлэх нянгийн илрэх хугацаа улам бүр ойртсоор. Бидний хэнэггүй зангийн балгаар нян ч хувьссаар. Гүйцэт хэрэглээгүй антибиотик бүрт тэсвэртэй болсоор байгаа нь хаашаа ч бултахгүй үнэн гэдэгтэй эвлэрэх цаг хаяанд тулжээ.

Клиникийн профессор, Анагаах ухааны магистар О.Болормаагийн хэлснээр улсын хэмжээнд нас барагсдын 40 хувь нь үжлийн шалтгаанаар одож байна. Үжил гэдэг нь хүнийг үхэлд хүргэх нян цусаар дамжин бүх биеэр тархах халдвар юм. Клиникийн нэгдүгээр эмнэлгийн антибиотикийн мэдрэг чанарын сорьцоор хүчтэй антибиотикоос бусад төрлийн нянгийн эсрэг бэлдмэлд үл дарагдах нянгийн тоо улам бүр нэмэгдэж буй аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тэсвэртэй нянгийн тоо өмнөх оны мөн үеэс 27 хувиар өсчээ. Нянгуудын дийлэнх нь шээс, төрөл бүрийн идээт шархнаас илэрсэн байна. Энэ нь бидний дархлаа муудахад тэдгээр тэсвэртэй нян нь эмгэг болж, цаашлаад амь насанд ч хүргэх аюултай гэсэн үг юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар тэсвэртэй нянгийн тоо өмнөх оноос 27 хувиар өсчээ
Үнэндээ бидний дийлэнх нь антибиотикийг ямар үед хэрэглэхээ мэддэггүй. Энэ нь нэг талаар боловсролтой нэгэн ч вирус, нян хоёроо ялгах мэдлэг дутмаг байдагтай холбоотой. “Нян бол нэг эстэй бичил биет. Хүний биед нэвтэрвэл хүний эд эстэй хоол тэжээл булаацалдаж, эд эсийг нь хордуулах хортой бодис ялгаруулдаг. Харин вирус бол ДНА буюу удмын мэдээ тээж явдаг цагаан уурагнаас бүтсэн хальс юм. Амьд бичил биет биш гэсэн үг. Түүнд хоол тэжээл хэрэггүй. Вирус хүний эд эсэд нэвтэрч үрждэг. Ингэж үржих явцад хүний удмын санд тухайн вирусийн мэдээлэл огт байхгүй бол өвчилж, мэдээлэлтэй бол аль хэдийнэ дархлаа тогтсон байдаг. Вирусийн өвчинд урьдчилан сэргийлэх тарилга хэрэглэдэг нь үүнтэй холбоотой. Харин нянд бол антибиотик хэрэглэнэ” хэмээн судлаач О.Алтантуяа тайлбарлав. Тиймээс вирусийн гаралтай ханиад гэсний сургаар хүүхдэдээ антибиотик дур мэдэн авч өгөх нь аливааг амар хялбараар шийдэх гэсэн эцэг, эхийн буруу үйлдэл. “Гагцхүү вирусийн халдварын улмаас үүссэн хүндрэлийн үед антибиотик хэрэглэдэг” гэж АШУИС-ийн Эм судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Нарантунгалаг хэлж байна. Тэрбээр үргэлжлүүлэн “Өмнө нь бичиж өгсөн антибиотик нь үйлчлэхээ болиод эмч танд арай илүү хүчтэй эм бичиж өгч байгаа л бол таны бие тухайн антибиотикт дасалтай болж байгаа хэрэг” хэмээв.

Өнөөдрийн байдлаар хорт хавдрын улмаас 8.2 сая хүн хорвоог орхидог нь дэлхийн нийт хүн амын нас баралтын шалтгааныг үнэмлэхүй тэргүүлдэг
Өргөн хүрээний үйлчлэлтэй антибиотикийг удаан хугацаагаар, дур мэдэн хэрэглэх нь хүний биеийн хэрэгтэй болон хэрэггүй олон төрлийн нянг устгадаг. Үүнээс үүдэх сөрөг үр дагавар нь харшил, мөөгөнцрөөс эхлээд кальцийн хуримтлалыг алдагдуулж ясжилт хэврэгших, цаашлаад мэдрэлийн системд ч нөлөөлөх аюултай байдаг байна. Жор бичигчийн эрдэм хийгээд ходоодондоо орж буй хүнсний эрүүл эсэхэд ч итгэх аргагүй болсон энэ цагт бид үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хэнэггүй зангаа хаях сэтгэлийн тэнхээтэй баймаар. Антибиотикийн дасал бол уршиг нь тодорхой ч гарц нь үгүй гамшиг! Угтаа бол хүн төрөлхтөн биополитикийн золиос болж эхэллээ.


САНАЛ БОЛГОХ