Улстөржилтөд өртсөн уул уурхайнхан бухимдлаа илэрхийлэв

Засгийн газар

Концессийн гэрээгээр хийж байгаа ажилд анхаарлаа хандуулахыг хүсэв

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилийн хугацаанд 26 их наяд төгрөгийн ажил, арга хэмжээ явуулах судалгааг тусгажээ. Үүнээс 12 их наяд төгрөгийн арга хэмжээ нь уул уурхай болон эрчим хүчний салбарт хамаарч байгаа гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзах үеэрээ онцлов.

Уулзалтад оролцсон "МАК” компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир уул уурхайн салбарт тулгарч буй саналаа Ерөнхий сайдад дуулгалаа. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Уул уурхай улстөржилтөд өртсөн салбар. Урт нэртэй хуулийн хүрээнд уул уурхайн олон компанийг хэлмэгдүүлж, цөөнгүй уурхайчдыг ажилгүй болгосон. Тэдний хамгаалалтад байсан газрыг хамгаалалтгүй болгож, нинжа нарт найр тавьсан. Дараа нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталж, энэ салбарт ажилладаг олон хүний эрх ашгийг зөрчсөн. Өнөөдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ойлгомжгүй заалт бий. Энэ хуулийн ерөнхий санаа нь Монгол Улс геологи хайгуулаар ямар нөөцтэй, хаана, юу байгаагаа мэддэг баймаар байна. Төр хөрөнгөөрөө хайгуул хийж, хаана, ямар нөөц байгааг мэдэж шийдвэрээ гаргах ёстой. Хуулийнхаа санааг гаргаж харах ёстой.

Ашигт малтмалын газар, хэрэгжүүлэгч агентлагийн шийдвэр орон нутагт унадаг. Дунд нь аж ахуйн нэгжүүд хохирдог. Хөдөлгөөнийхөн, улс төрийн популизм хийж байгаа хүмүүс ард түмний өмчийг уул уурхайн компаниуд сүйтгэж байна гэсэн ойлголтыг тарааж байна. Сум болгонд хөдөлгөөн бий болж, уул уурхайн компани руу дайрч давшилж байна. Ашигт малтмалын тухай хуульд ч өмчийн харилцааны асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй. Үндсэн хуульд “Газрын хөрсөн дор байгаа баялаг ард түмний өмч. Түүнийг захиран зарцуулах эрх төрийн мэдэлд байна” гэсэн байдаг. Гэтэл хэзээ компанийн өмч болох вэ гэдэг нь ойлгомжгүй. Бүх зүйлийг ард түмний өмч нэрээр халхалж, уул уурхайн компани руу дайрдаг. Дээр нь нөөц ашигласны төлбөрийг тодорхой тайлбарламаар байна. Энэ төлбөрийг төлсний дараа компанийн өмч болох ёстой. Энэ харьцааг хуульд тусгаагүйгээс популизм хийж байгаа хүмүүсийн олз болж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Харин Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ү.Арслаа “Эрчим хүчний салбарынханд итгэж болох хамт олон. 1994 онд хүнд нөхцөлд байхад Засгийн газрын сахилга батын дүрмээр энэ салбарыг хүндрэл багатай давсан. Тиймээс мэргэжлийнхнээс асуугаач гэж хэлмээр байна. Олон ч Засгийн газрын үед станцыг, хувьчилна, хувьчлахгүй гэдэг. Одоо үүнийгээ тодорхой болгооч. Эрчим хүчний салбар бол онцгой салбар. Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээг 2004 хувьчилсан. Би анхны захирлаар нь ажиллаж байсан. Одоо боломжийн ажиллаж байгаа. Хувьчлах бол хувьчилсан шиг, үгүй бол үгүй гэдгээ тодорхой болгож өгөх хэрэгтэй” гэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат концессийн гэрээний дагуу хийж байгаа ажил, арга хэмжээнд анхаарлаа хандуулахыг хүсэв. Мөн ирэх дөрвөн жилд салбартаа 3-4 том үйлдвэр байгуулах санал оруулж ирэхийг салбарын сайдууддаа үүрэг болгосноо дуулгав.
САНАЛ БОЛГОХ