Зугаатай гимнастикийг цэцэрлэгээсээ

Технологийн цаг

Математик бол “гавлуудын” бяд хүрэх хичээл гэдэг ойлголт ард хоцорно

Оюуны гимнастик болсон математикийг зугаатай байдлаар сургах цахим математикийн “Mathshop 1.0” программыг ирэх оноос худалдаанд гаргахаар болжээ. Цэцэрлэгийн бэлтгэл ангийнхнаас эхлээд их, дээд сургуульд элсэгчид төдийгүй нийт масс ч математикийг зугаатай байдлаар суралцах боломжтой “Mathshop 1.0” программыг арваннэгдүгээр сараас тестлэх аж.

Нийт 14 бүлэгтэй энэхүү программыг монгол, англи хэлээр хөгжүүлжээ. Тэрчлэн Монголын суурь боловсролын тогтолцоонд нийцүүлснээрээ онцлог гэдгийг “Mathshop 1.0” төслийн санаачлагч, математикч доктор П.Лхагвасүрэн онцлов. “Харин нэгэнт татаж авсан л бол интернэтийн орчин шаардахгүйгээрээ уг программ бусдаас давуу талтай” хэмээн “Mathshop 1.0”-ийг хөгжүүлсэн МОСС компанийн захирал Л.Түмэндэлгэр хэлж байна.

Одоогоор “Windows 7”-гоос хойших үйлдлийн системд ажиллана

“Mathshop 1.0” программын математикийн онол болон сорилын өгөгдлүүдийг салбартаа толгой цохидог Ү.Маам зэрэг ардын багш нар боловсруулж, зөвлөхөөр нь ажилласан байна. Уг төсөл үндсэндээ 2010 оноос программ хангамжийн МОСС компанийн программистуудын гараар хөгжиж буй бөгөөд 2013 онд эхний хувилбарыг нь гаргаж байжээ. Тухайн үед туршилтын журмаар 100 хувилан, бүгдийг нь нэг зэрэг ажиллуулахад гацаж, интернэт орчинд ажиллах нь дэмий гэдэг дүгнэлтэд хүрчээ. Тиймээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд интернэт орчин шаардахгүйгээр ажиллахаар хөгжүүлсэн талаар төслийн удирдагч тайлбарласан. “Mathshop 1.0” программд инновацийн хэд хэдэн шийдэл оржээ. Эхнийх нь ЕБС-ийн математикийн хичээлийн агуулга, стандартыг мэдээллийн технологитой уялдуулсан. Тиймээс үүгээрээ сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах давуу талтай юм байна. Мөн мэдлэг эзэмших дадал олгохын тулд тухайн сэдвийг олон дахин давтаж хийхэд уйдахгүйгээр зохион байгуулсан аж.


Үүнд, мэдээллийн технологи маш давуу талтай гэдгийг математикийг баяр баясал, оюуны цэнгээ гэж ойлгодог П.Лхагвасүрэн тайлбарлав. Тэрбээр “Хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч нэг бодлогыг цаасан дээр гурваас илүү хувь бичихээ больсон цаг үед бид амьдарч байна. Гэтэл “Mathshop 1.0” программ бол олон бодлогыг хэзээ ч уйдахгүйгээр бодох боломжтойгоороо ололттой” хэмээв. Мөн программ дээр хичээллэж байгаа хүүхдүүд хэд л бол хэдээрээ интернэтээр хоорондоо холбогдож тоо бодолтын өрсөлдөөн өрнүүлэх нь сурагчид математикийг зугаатай байдлаар суралцах нэг боломж болж байна. Хэрэглэгч ямар ч бодлогын хариуг нэгээс хоёр үйлдлээр л гаргана. Ингэснээр мэдлэг эзэмших явцад үүсдэг залхах сэдлийг эрс бууруулж буй аж.

“Mathshop 1.0” программын математикийн онол болон сорилын өгөгдлүүдийг салбартаа толгой цохидог Ү.Маам зэрэг Ардын багш нар боловсруулж, зөвлөхөөр нь ажилласан байна.
“Mathshop 1.0” программын 14 бүлэг тус бүрт тухайн түвшинд заавал үзсэн байх ёстой хичээлийн сэдвүүдийг багтаажээ. Нэгдүгээр ангийн сурагчдад зориулсан бүлэг гэхэд "тоо тоолол", "нийлбэр, ялгавар", "үржих, хуваах" гэх мэт есөн дэд сэдэвтэй. Сэдэв нь онолын хэсэг, сорилын хэсэг, тусламж гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүнээс бүрдэнэ. Тухайлбал, систем тэгшитгэлийн сэдвийн онолын хэсэгтэй танилцсаныхаа дараа сорилыг энгийнээс эхлээд хүндэрсэн гурван түвшинд бодно. Хэрэв бодож чадахгүй бол сэтгэлээр унах хэрэггүй гэнэ. Эцэг эх, багш тэр ч бүү хэл мундаг математикчийг орлох хэмжээний боловсронгуй зөвлөгч болох тусламж хэсгээс сурагч хэрхэн бодох аргачлалаа олж авах юм байна. Ийнхүү алдаатай бодсон ч чухам юун дээр алдсан гэдгийг нь тайлбарлах функцтэй. Нэг түвшнийх л гэхэд 1000 бодлогын өгөгдөлтэй бөгөөд давтагдашгүй мөчлөгтэй.

“Хэдий энэ нь ЕБС-ийн сургалтын стандарттай уялдан, цэцэрлэгийн бэлтгэл бүлгээс ЭЕШ-ын түвшнийг хамарсан ч багш, эцэг эх, эмээ өвөө, ах эгч гээд бүх л хүнийг оролцуулах боломжтой. Иймд нийт массын математикийн боловсролыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой үзэгдэл болно” хэмээн төслийн санаачлагч тайлбарлалаа.

Тус программ одоогоор “Windows 7”-гоос хойших үйлдлийн системд ажиллах бөгөөд MAC OS-д зориулсан хувилбар нь хараахан гараагүй байна.
САНАЛ БОЛГОХ