Диваажин дахь бүжиг

Нийтлэл

“Антарктика панорама” шүүмжлэлтэй, бас гунигтай

Үсгүй хэрнээ нүцгэн охид цэв цэнхэр “тайзнаа” бүжиглэнэ. Тэдний зарим нь балет, чөлөөт бүжгийн хөдөлгөөн хийж буй бол нөгөө хэсэг нь зүгээр л дээшээ үсэрч, ямар нэгэн зүйл рүү тэмүүлэх мэт. Царай төрхийг нь анзаарвал инээмсэглэх үгүйн хооронд ажээ. Гагцхүү хийж байгаа тэрхүү бүжигтээ л охид бүхий л анхаарлаа төвлөрүүлсэн гэлтэй.

Бүжиглэж буй охидтой хамт цагаан өнгийн хотон шувууд бүжнэ. Шувуудын ихэнх нь бас л ямар нэг зүйл рүү ширтсэн байх агаад зарим нь амаа томоос том ангайх аж. Уран бүтээлч өөрийн сэтгэл хөдлөлөө дээрээс доош урссан цагаан зураасаар илэрхийлсэн нь хөшигний цаана өрнөх диваажинг илтгэнэ. Энэ бол зураач Э.Отгонбаярын Blue буюу “Цэнхэр” хэмээх зураг. Тэр энэ зургаараа диваажинг илэрхийлэхийг зорьжээ. Түүний бүтээлээс уран зургийн хүчтэй хэллэг болон хүн, байгалийн уялдаа холбоо, заримдаа хэний ч ойлгож мэдэхгүй ертөнц мэдрэгдэх аж. Түүний зургууд бүхэлдээ дүрслэлийн амьд шинж, үйл хөдөлгөөнийг илэрхийлдэг бөгөөд дийлэнх зураг нь маш том хэмжээтэй.


Герман улсын Берлин хотын урлагийн их сургуулийг 2010 онд төгсөж, урлагийн мастер зэрэг хамгаалсан зураач Э.Отгонбаярын “Морьдын төвөргөөн”, “Диваажин” цуглуулгынх нь уран бүтээлүүд энэ өдрүүдэд Шангри-Ла Моллд байрлах Art space Mongolia үзэсгэлэнгийн танхимд гарч байна. Түүний уран бүтээлийг гурван хэсэгт хуваан үздэг. Харин гурав дахь үеийн энэхүү гайхалтай бүтээлүүд нь хүн болон амьтдыг өвөрмөц төрх, өнгөнөөс өнгөнд уусах хөдөлгөөнөөр илэрхийлэхийг зорьжээ.

Аливаа урлагийн бүтээлийн цаана заавал уран бүтээлчийнх нь үзэл бодол хийгээд өгүүлэх гэсэн санаа нуугдаж байдаг. Тиймдээ ч онгон тансаг, диваажин мэт түүний ертөнц аюулд өртөөд байна. Түүний урлагийн бүтээлүүд одоо уйлж, бас гуньхарч байна. Учир нь түүний “Антарктика панорама” зургуудад Өмнөд туйлд устаж үгүй болох аюулд өртөөд буй 20 мянган оцон шувууг 300х900 см-ийн хэмжээтэй зурагт дүрсэлжээ. Бүтээлч ийм том хэмжээг сонгож авсан нь энэ ажлын сэдэв ямар ач холбогдолтойг илтгэхийг хүссэнийх.

“Байгаль дэлхий сүйдэж буй бодит байдлыг хараад сэтгэл эмзэглэдэг. Үүний илэрхийлэл бол миний шинэ уран бүтээл болох “Антарктика панорама” юм. Оцон шувууны хувь заяа маш их сэтгэл хөдөлгөсөн. Энэ амьтнаас бид өөрсдийгөө олж харж болно. Бид тэдний төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй. “Антарктика панорама” их шүүмжлэлтэй бас гунигтай бүтээл” гэж Э.Отгонбаяр тодорхойлсон. Түүний өмнө зурж байсан амьтдын дүрслэлээс энэ удаагийн оцон шувууны дүрслэл нь зөөлөн, уран сайхны болсон нь тухайн амьтныг хүнтэй зүйрлэсэнтэй холбоотой аж. Цагаан өнгийн оцон шувуудын гэдсэн дээр туссан нарны шаргал туяа нь тэдэнд амьдрал хайрлаач гэсэн утга санааг ч агуулж байж болох юм. Бүтээлийн өнгө будаг, цас мөс, оцон шувуудтайгаа уйлан хайлж буй гэлтэй.

Түүний уран бүтээлийн нэр нь "ОТГО". Тэрбээр өнөөгийн нийгэмд тулгараад байгаа чухал сэдвийг ийнхүү өвөрмөц дүрслэлээрээ хөндсөн нь байгаль дэлхийг хамгаалахын төлөө босгосон орчин үеийн хөшөө дурсгал гэж урлаг судлаачид, шүүмжлэгчид үздэг байна.


САНАЛ БОЛГОХ