Төмөр замын тээврийн орлого 9.6 хувиар нэмэгдэж, 272.8 тэрбум төгрөгт хүрээд байна
Өнгөрсөн оноос эхэлсэн газрын тосны дамжин өнгөрөх тээвэр болон экспорт төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хангагч гол хүчин зүйл болж байна. Өсөн нэмэгдэж байгаа дамжин өнгөрөх тээврийн хэмжээг техникийн шинэчлэлийн дүнд илүү өсгөх боломжтой гэж Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг үзэж байгаа юм. Оны эхний найман сарын байдлаарх статистик мэдээгээр төмөр замын ачаа тээвэр 2.2 хувиар өссөн байна. Экспортын тээвэр 23 хувиар нэмэгдэж, 4.4 орчим сая тонн болсон бол дамжин өнгөрөх тээврийн дүн 1.6 сая тонн болж, 18 хувиар нэмэгджээ. Харин дотоодын тээвэр, импорт болон зорчигч тээвэр бүхэлдээ агшилттай гарсан байна. Орлогын хэмжээ өндөртэй тээврийн хэмжээ нэмэгдсэн учир төмөр замын тээврийн орлого жилийн дүнгээр 9.6 хувиар нэмэгдэж, 272.8 тэрбум төгрөгт хүрээд байгаа ажээ.
Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгээс төмөр замын тээврийг шинэчилж зөрж хийгддэг байсан тээврийг цуваа хэлбэрт шилжүүлснээр тээврийн хүчин чадал гуравны нэгээр нэмэгдэж, 34 сая тонн хүрэх боломжтой гэж тооцоолж байна. Энэ ажил ирэх жил гэхэд дуусах төлөвтэй байгаа ажээ. Харин агаарын тээврийн ачаа болон зорчигч тээвэр аль аль нь нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Давхардсан тоогоор 460 орчим мянган хүн агаарын тээвэр ашигласан бөгөөд орлого нь 12 хувиар нэмэгдэж, 198.8 тэрбум төгрөгт хүрчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй