АН-д оролцоо, хариуцлага дутагдаж байна
Их хурлаар намын даргыг томилохоос илүү дүрмийн шинэчлэлийг хийх хэрэгтэй
“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын залуучууд намаа шинэчлэхээр энэхүү хөдөлгөөнийг байгуулсан юм.
-Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдана. Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхөн энэ удаагийн хурлаас ямар хүлээлттэй байíа вэ?
-Олон эх сурвалжийн мэдээллээр ҮЗХ өнөөдөр хуралдана гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Учир нь орон нутгийн сонгуулийн дараа хуралдаж магадгүй гэсэн яриа бий. Хэрэв хуралдвал нэг л асуудлыг шийдэх ёстой. Тэр нь Ардчилсан намын Их хурал, түүний зохион байгуулалт. Их хурлаар намын даргыг томилохоос илүү чухал асуудал болох дүрмийн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Хэрэв орон нутгийн сонгуулийн дараа ҮЗХ хуралдвал сарын хугацаанд дүрмийн шинэчлэлийг чанартай боловсруулж чадах нь эргэлзээтэй.
-УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Ардчилсан намын залуучууд шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд намаа шинэчлэх чиглэлд ямар ажлууд амжуулав?
-Эхлээд хөдөлгөөнийхөө зорилгыг хэлэх хэрэгтэй байх. Бидний тэргүүн зорилго Ардчилсан намыг 2016 оны орон нутаг, 2017 оны Ерөнхийлөгч, 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад хүч өгөх төдийгөөр хязгаарлагдахгүй. Харин Монгол Улсын ирээдүйг цогцлоож, дэлхийд тэргүүлэх гүрэн болгож чадах бодлоготой, зорилготой, итгэлтэй Ардчилсан намыг бий болгохыг зорьж байна. Энэ шаардлагыг бүрэн хангаж чадвал ямар ч нам хэд ялсан шударга байх. Чадахгүй бол дөрвөн жил улсаа алаад яах билээ. 1990 оноос хойш Монгол Улс хөгжсөн. Социализмын үетэй харьцуулбал гудамжинд яваа машин, гартаа барьсан утсаа харцгаа гэдэг үхээнц аргалсан үнэний тухай төсөөлөл одоо хэрэггүй. Гэтэл сүүлийн 25 жил Эрээн яаж өөрчлөгдөв, Сингапур яаж манлайлав, Солонгос яаж хөгжив гэдэг бодит үнэн хаалгыг маань тогшиж байна.
Нэг чухал асуудал нь намуудын шинэчлэл, цус сэлбэлт болон дотоод ардчилал
Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд 130 дугаар байрт жагсаж байгаа бодит үнэн. Үүний гол буруутан нь улс төрийн хүчнүүд. Нэг талаараа улс орны сайн бүхэн нь Ардчилсан нам болон Ардын намд хамаатай. Нөгөөтэйгүүр, саар бүхэн ч дээрх хоёр улс төрийн хүчинд хамааралтай. Тиймээс Монголын гол асуудал бол улс төрийн намуудын шинэчлэл, цус сэлбэлт болон дотоод ардчилал. Өнөөдөр Ардчилсан намын тогтолцоо болон удирдлагад сэтгэл хангалуун байгаа монгол хүн хэд байгаа бол. Намаас төрсөн лидерүүд болон фракцын удирдлагуудад сэтгэл хангалуун намын жирийн гишүүн хэд байгаа бол.
-Ардчилсан намын ялагдлын шалтгааныг тодорхойлсон байсан. Магадгүй намынхаа залуучуудын дуу хоолойг сонсоогүй нь ялагдлын нэг шалтгаан юм биш үү?
-Нэгтгэвэл хоёрхон шалтгаан байгаа. Энэ бол оролцоо, хариуцлага. Улс төр гэдэг шууд утгаараа эрх мэдэл. Улс төрийн нам бол эрх мэдлийг хуваарилдаг систем. Гэтэл Ардчилсан намын гишүүд уг эрх мэдэлдээ оролцож чадахгүй болжээ. Дунд шатны намын хороо, ҮЗХ, сонгуулийн тойрог хуваарилалт, нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт, ялалт байгуулсны дараах улс төрийн томилгоо гээд бодит эрх мэдэл Ардчилсан намын гишүүдийн гарт алга.
Хоёрдугаарт, хариуцлагын асуудал хөсөр хаягдсан. Хувь хүний ёс зүйн хариуцлагын талаар яриад ч нэмэргүй. Бүгд л алдаа дутагдлаа хайцаалж, эцэстээ нэгнээ захиалгаар хэлмэгдүүлж эхэлсэн. Нөгөөтэйгүүр, намын дүрэмд хариуцлагын санкцууд тодорхойгүй байна. Ядаж л намаа ялагдуулсан дарга ямар явцаар хэд хоногийн дотор албан тушаалаасаа татгалзах вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй байна. Үүнээс болоод ҮЗХ дүүрэн чи дарга мөн, биш гэсэн хэрүүл. Аливаа эрх зүйн баримт бичиг хариуцлага, хариуцлага хүлээлгэх хугацаа, түүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий субьект гэсэн гурван зүйлээр хамгаалагдаж хэрэгжих ёстой.
»Намаа ялагдуулсан дарга ямар процессоор хэд хоногийн дотор албан тушаалаасаа татгалзах вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй байна.
» Алсын хараагаа бодит ажил хэрэг болгохын тулд сонгуульд ялалт байгуулах ёстой
» ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь аль нэг фракцын эрхшээлд орохоос сэргийлнэ гэж үзэж байгаа.
-Ардчилсан намыг шинэчлэхийн тулд нэн тэргүүнд ямар алхам хийх ёстой вэ?
-Оролцоотой, хариуцлагатай намыг бий болгоход хоёр хүчин зүйлтэй тулах болно. Нэгдүгээрт, үзэл баримтлал, нөгөөх нь сонгуулийн хууль. Бид намынхаа үзэл баримтлал болон үнэт зүйлийг шинэчлэх хэрэгтэй. Үнэт зүйлийн суурь нь улс орны хөгжлийн бодлого, үүнийг хэрэгжүүлэх чанартай боловсон хүчний шударга сонгон шалгаруулалт. Сонгуульд ялалт байгуулах нь улс төрийн хүчний алсын хараа биш бөгөөд үндсэн ажил үүргийн нэг. Хэзээ Монгол Улс Азийн тэргүүлэгч гүрэн болох вэ, аж үйлдвэрийн аль салбарыг хөгжүүлэх вэ, хувийн хэвшлүүд хэзээ үндэстэн дамнасан корпораци болох вэ гэдэг асуултад хариулах нь улс төрийн хүчний алсын хараа. Харин уг алсын хараагаа бодит ажил хэрэг болгохын тулд сонгуульд ялалт байгуулах ёстой. Өнөөдөр манай улстөрчдийн гол алдаа нь хөгжлийн зорилгууд ярихгүй засаглал л ярих юм. Эдийн засгийн хөгжил ярихгүй атлаа засгийн бүтцээ солино гэх юм. Ерөнхийлөгчийн засаглал сайн ч гэх шиг. Гэтэл угтаа хамгийн гол зүйл нь хэрэгжүүлэлт. Бид байгаа засаглалынхаа чадавхыг бүрэн хэрэгжүүлэх гэж хичээгээгүй. Гэтэл болохгүй бүхнийг засаглал руугаа чихээд өөрчлөх, солих тухай уралдаж яриад байна.
-Гэхдээ Ардчилсан намыг шинэчлэхийн тулд одоо байгаа ҮЗХ-г татан буулгаад шинээр байгуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай хүн цөөнгүй байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Санал нэг байна. Гэхдээ намын дүрмийг шинээр баталбал ҮЗХ ч дагаад шинэчлэгдэнэ. ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэгдүүлж, 400-500 болгох санал яригдаж байна. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь аль нэг фракцын эрхшээлд орохоос сэргийлнэ гэж үзэж байгаа. Гэхдээ тооноос илүү чухал зүйл бол тухайн ҮЗХ- ны гишүүдийг анхан шатнаас сонгох зарчим юм. Өөрөө хөдөлмөрлөж, улс төр хийж нэг сумаас сонгогдсон гишүүн хотод ирээд даргад загнуулаад суухгүй нь мэдээж.
-Ардчилсан намын залуучууд намдаа байр суурь олж авахын тулд шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулж, шахалт үзүүллээ хэмээн шүүмжлэх нэг нь байна?
-Намаа шинэчлэхийн төлөө, ингэснээрээ улс орондоо маш том дэвшлийг авчрахын төлөө тэмцэж байгаа олон залуучууд байна. Магадгүй эдгээр залуус зөв цэг дээрээ тууштай, баттай зогсож байгааг үйл хэрэг нь баталбал ачаа үүрэх албан тушаалыг хаших хэрэгтэй. Онцлоход, “Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуучууд намаа шинэчлэхийн төлөө ажиллаж, тэмцэж байгаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй