Орос хүний нүдээр монголчуудын хоцрогдол
Ю.Цэдэнбалынхны долоон булчирхайг нь тоочсон “Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” нэртэй ном бол яг өнөөдөр ойг нь тэмдэглэж буй тэр суут эрхмийн улс төрийн хөрөг нийтлэл тэр чигтээ юм.
Уншсан хүн нүдэндээ үл итгэхээр, гомдоход багадах, гутрах шиг ч болох тийм мөрүүд орос зохиогч Л.Шинкаревын тэр номоор даанч дүүрэн. Номын 55 дахь хуудсанд Анастасияг сууя хэмээн гуйж буй идэр залуу Ю.Цэдэнбалын тухай өгүүлнэ. “Хоёр долоо хоног би Цэдэнбалд хариу өгөхгүй эргэлзэж, тээнэгэлзэж явлаа. Өөр улс оронд, тэгээд бүр Монголд очно гэдэг ч… тэнд заваан, яр тэмбүүтэй, аймшигтай гэж улс амьтан яриад л…” (?) Монголын тухай А.И.Филатова хатагтайн анхны төсөөлөл нь энэ байв. Орчин цагийн Владимир Жириновскийн доромжлолтой агаар нэгэн байх шиг.
“Улаанбаатарт бидний амьдрал хэцүүхэн төвхнөв” гэж эхэлсэн 59-61 дүгээр хуудасны доромжлолууд ар араасаа Орос хүний нүдээр монголчуудын хоцрогдол хөвөрч, Монголын I коммунист хүний гэргий болж, Монголын ард түмний бэр болсондоо их л гутарч үхэж байсан юм уу гэмээр мөрүүд дурайв. “Настя, чи хаана ирчихээд байна даа” гэсэн зовиуртай асуултууд олонтаа давтагдаж байна. Тухайлбал, тэр үеийн Монголыг дүрслэхдээ: “Цонхных нь эсрэг талд хашааны ёроолд гуйлгачин, тахир дутуу, хэсүүлчид хөдөлгөөнгүй зогсоцгооно. Хааяа нүдээ арчин гар нь хөдөлж харагддаггүйсэн бол тэднийг олон баримлын цогцолбор гэж бодмоор. Хар үстэй эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлж харагдана. Өдөржингөө хахирган дуугаар харийн хэлээр хашгиралдах… Монголчуудын ахуй байдал зэрлэг бүдүүлэг биш юмаа гэхэд этгээд хачирхалтай санагдаж байв. Бас ч үгүй дээгүүр албан тушаалтай явсан, соёлтой бүсгүй би Азийн хамгийн хоцрогдсон оронд ирсэн байлаа” гэж гашууджээ.
Монгол хүнийг хир тоос болсон дээлтэй, цагаан бурхан өвчний улмаас цоохор болсон нүүртэй хүн хэмээн гадна төрхийг нь тодорхойлжээ. Цааш нь үргэлжлүүлье:
“Тэд хүн амьтнаас огт зоволгүй хаа тааралдсан газраа бие засахаар явган сууж, тэгээд сууж байхдаа хажуугаар нь өнгөрч яваа хүнтэй хэд гурван үг сольж байгаа үзэгдэнэ. Хүмүүс яг адуу, тэмээ, үхэр ичиж зовдоггүйн нэгэн адил ичиж зовдоггүй ажээ… Тэнгэр минь, Настя чи хаашаа хүрч ирэх нь энэ вэ. Настягийн өмнө харийн, ойлгомжгүй нэгэн хэмийн амьдралын тухай кино эцэс төгсгөлгүй гарч байв” гэжээ.
Цэдэнбалтай ханилсан эхний үе тэр чигээрээ гашуудлын хар өдрүүд байсан болж таарах нь
Бараг л харь гараг дээр А.И.Филатова буусан маягийн, нүдэнд нь заримдаа инээдэмтэй, заримдаа бүдүүлэг дүр зураг ээлжлээд үзэгдээд байсан юм шигээр Л.Шинкарев бичсэн байх юм. Тэгснээ Монголыг дахин баахан муулж:
“Тэнгэр минь, би чинь ямар гээч газрын мухарт хүрч ирээ вэ, би чинь соёл иргэншилтэй улс орны нийслэлээс ирсэн хүн шүү дээ…” гэж ирээд л уулга алдсанаар зохиомжилжээ.
Бүр олон жилийн дараа хүртэл эхний хэдэн сараа санахад гомдол нь мартагдахгүй, хоолой нь зангирч байдагсан гэдэг өгүүлбэр юуг илтгэх вэ. Цэдэнбалтай ханилсан эхний үе тэр чигээрээ гашуудлын хар өдрүүд байсан болж таарч байна уу. Л.Шинкаревын хэтрүүлэг л байгаасай гэж өнөө цагт бид өөрсдийгөө тайтгаруулахаас.
Бидний бахархан ярих дуртай нөгөө нүүдлийн соёл иргэншлийг маань ганц сайн гутааж тавья гэж зохиогч шийдэв үү, эсвэл зохиолын баатар нь гэрээслэн ярив уу, итгэхэд бэрх өгүүлбэрүүд цаашаа хөвөрнө. “Настяд тэрбээр алсын аянд зориглон гараад хэзээ эргэж очихоо мэдэхгүй байгаа юм шиг санагдаж байлаа” гээд (63 дахь талд)
“Настягийн тэсвэр нэг л өдөр барагдаад Цэдэнбалын төсөөлж байгаагүйгээр саваа халин гарна, тэр цагт ноомой, үг дуу цөөтэй, даруу эмэгтэй гэсэн нэр нь эгнэгт эцэс болно” гэж занаж байсан байх юм.
Ухаж ойлговол монголчуудын бүдүүлэг харанхуй нь Филатовагийн хожмын дээрэнгүй омголон давилуун чанарыг хөгжөөж өгөх ёстой байсан бололтой юм. Тэр үед уур уцаараа нөхөртөө багагүй гаргаж, дарамталж, хааяа нэг зохиогдох дээдчүүлийн бүжиг дээр монгол бүсгүйчүүдтэй бурхнаас хонзонтой юм шиг авир гаргаж байсан баримтууд ч байна.
“Намайг хамуутай хүн гэж бодоод байгаа юмуу хаашаа юм гэж Настя дотроо эгдүүцнэ. Намайг Монголд маш муу хүлээж авсан. Тэр нь бүх юман дээр харагдаж байсан шүү. Шууд тайлбарлахын ч аргагүй. Би байдлыг бүрэн ойлгосон. Эмэгтэйчүүд нь намайг үзэн ядаж байв. Арга байж уу, урдаа барьдаг ганц залуу нь гэнэт орос авгай дагуулаад ирж байхад” (65 дахь талд) гэхчлэн гэмгүй монгол эмэгтэйчүүдийг гүтгэжээ.
Цааш нь монголчуудын хиртэй, бөөстэй, усанд ордоггүйг нь шарын шашинтай холбож тайлбарласан хэсэг залгаж бүтэн нүүр явснаа: “Монголчуудыг зэрлэг бүдүүлэг байдлаас нь соёлтой улс түмний зан заншилд шилжүүлэх тухай хууль батлахгүй яагаад удаад байгаа юм бэ, Чингис хааны үеэс бий болсон хуучин муу, муухай юмаа хэвээр нь хадгалахыг хичээж, дарга нар нь хүртэл дэндүү алгуур, хүнд бөгстэй” (67 дахь талд) гэхчлэн зэмлэл хүртээжээ.
Монголчуудын оюун ухааныг жаал гоочлоод авъя гэсэн шиг, харахад буурьтай суурьтай хүмүүс байж, хүүхдүүд шиг талын цэцэг ногоо, намрын тэнгэрийн өнгө, аргаль, угалзны эврийн бөх бат чанар гээд төрийн ажил, улс төрд огт хамаагүй юмны тухай ярихад нь дотроо баахан ундууцаж суудаг байлаа. Бас зочныг юу ч хэлсэн бодох санах юмгүй шууд л хэлсэн үгийг нь зөвшөөрдөг монголчуудын нэг эвгүй зан Настягийн уурыг юу юунаас илүү хүргэх боловч, тэрбээр арга буюу тэсэж өнгөрдөг байлаа гэхчлэн дайрч, бас “бөхийн хараажаар шударга бус дүрэм” хэмээн эрийн гурван наадам руу нулимаад авчээ.
Үр хүүхэдтэй өнөр өтгөн монгол айлыг нам–төрийн хэсэг зүтгэлтний өргөмөл хүүхдүүдээр жишээлж, бараг л монголчууд хавтгайдаа үр хүүхдээ үрчлүүлдэг хэмээн дүгнэснийг уучилж боломгүй. “Миний л мэдэхийн Сүхбаатар Галсан гэдэг өргөмөл хүүтэй, Чойбалсан, Бумцэнд, Самбуу, Батмөнхийнх гээд олон айл өргөмөл хүүхдүүдтэй байв” (146 дахь талд) гэж дэлгэх нь хүнлэг ёс талаасаа монголчуудад доромжлол мэт ойлгогдохоор, Оросын ёсонд бол өөр л байдаг байх.
Эмзэглэмээр задгайрсан бас нэг сэдэв бол хайрт ханийнхаа эхтэй хонзонтой болж, хоёр тийшээ салсан, эр нөхөр нь хэчнээн их шаналсан гашуун түүх (170-172 дахь талд) байна. Ариун цэвэр сахина гэдэг нэрээр хүү Славикаа эмэг эхтэй нь уулзуулдаггүй, бэр Анастасия Ивановнагийн тогтоосон хатуу дэглэмд дасахгүй болоод гэр барьж гарсан хөөрхий тэр малчин хөгшин алхам тутамдаа бэрийнхээ дарамтад, дээрээс нь НАХЯ түүний үгээр дарамтлаад, нам-улсын нэгдүгээр хүн хүү нь шөнө дөлөөр эхтэйгээ уулздаг тухай мөрүүдийг уншихад зүрх үнэхээр базалмаар. Хүүхдийн төлөө Фондын буянтай удирдагч тэр эрхэм орос хатагтайн тухай бидний өнгөтэй өөдтэй өмнөх төсөөллийг энэ гашуун түүх орвонгоор нь эргүүлчих шиг боллоо. Зохиолч Л.Шинкаревын цэцэн мэргэнд гайхах уу, эсвэл энэ аймшигтай түүхийг нээсэнд нь шүтэх үү, ёстой бүү мэд?!
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй